Ч.ЗОТОЛ
Засгийн газрын ээлжит хуралдаанаар өчигдөр цаг үеийн тулгамдсан зарим асуудлаар шийдвэр гаргажээ. Сангийн сайд Б.Жавхлан Хөгжлийн банкны зохист харилцааг сайжруулах чиглэлээр авах арга хэмжээний талаар танилцуулсан. Тэрбээр “Засгийн газар өнгөрсөн нэгдүгээр сараас чанаргүй зээлийг богино хугацаанд төлүүлэх ажлыг шуурхайлсан. Бодитой үр дүн гаргах хэрэгтэй байна. Чанаргүй зээлүүд хөдөлгөөнд орж, өр төлөгдөж эхэлсэн. Одоогоор 165 тэрбум төгрөгийн өр төлөгдөөд байна. Энэ онд чанаргүй зээлийн гуравны нэгийг төлүүлэх зорилт тавьж байгаа”-г онцлов. Цаашид Хөгжлийн банкны чанаргүй зээлийн авлагыг төлүүлэх ажлыг эрчимжүүлэх, үүсэж болзошгүй эрсдэлийг судалж дүгнэлт гаргах, шаардлагатай арга хэмжээг авч ажиллах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулахаар тус хуралдаанаас шийдвэрлэжээ. Тус банкны зээлдэгч аж ахуйн нэгжүүд, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн авсан чанаргүй зээлийн ангилалд багтсан зээлийн талаар авах арга хэмжээний санал, шийдвэрийн төслийг боловсруулж, Засгийн газрын ирэх долоо хоногийн хуралдаанаар хэлэлцүүлэх юм байна.
БНСУ-ын иргэд визгүй зорчино
Аялал жуулчлалын салбарыг дэмжих хүрээнд Монгол Улсад жуулчлах зорилгоор 90 хүртэл хоногийн хугацаанд зорчих БНСУ-ын иргэдийг Монгол Улсын визийн шаардлагаас чөлөөлжээ. Энэ шийдвэр ирэх сарын 1-нээс 2024 оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл хэрэгжих юм.
Монголыг зорих иргэдийн тоогоор БНХАУ, ОХУ-ын дараа гуравдугаарт ордог, манай улстай стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон БНСУ-ын иргэдийг визийн шаардлагаас чөлөөлснөөр аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх, эдийн засгийг сэргээх мөн Монгол Улсын иргэдийн зорчих нөхцөлийг хөнгөвчлөх яриа хэлэлцээг үргэлжлүүлэхэд түлхэц үзүүлнэ гэж Засгийн газар үзжээ.
Өнөөдрийн байдлаар манай улсад бүх төрлийн паспорттой 25, дипломат албан паспорттой 37 улсын иргэд визгүй зорчиж байна.
Франкфурт чиглэлийн нислэгийн давтамжийг нэмэгдүүлэв
Ерөнхий сайдын өнгөрсөн сарын 30-нд аялал жуулчлалын салбарын төлөөлөлтэй хийсэн уулзалтын мөрөөр тус салбарыг богино хугацаанд сэргээж, эрчимжүүлэх чиглэлээр зарим арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газрын гишүүд, холбогдох албан тушаалтанд даалгажээ.Үүнд агаарын тээврийг либералчлах, чөлөөт өрсөлдөөн бий болгох, голлох зах зээл дэх олон улсын агаарын тээврийн үйлчилгээний компаниудын нислэг, бүсчлэлийн сүлжээг бий болгохыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд авч хэрэгжүүлэхээр болжээ.
Түүнчдэн гадаадын жуулчдад зориулсан 2-3 төрлийн татварын урамшуулал, хөнгөлөлтийн систем бий болгох талаар судалж, танилцуулах, 2023 оныг “Монголд зочлох жил” болгон зарлахтай холбогдуулан бэлтгэл ажлыг хангах Ажлын хэсэг байгуулах, “Ковидгүй жуулчин” эрүүл мэндийн цогц арга хэмжээ хэрэгжүүлэх, жуулчдын эрүүл мэндийг хамгаалах ажлыг зохион байгуулах, Монгол Улсыг сурталчлах контентын тоо, сурталчилгааны цар хүрээ, өр өгөөжийг нэмэгдүүлэх,
E-mongolia цахим хуудаст аялал жуулчлалын цэс нэмж, хөгжүүлэлт хийх үүргийг Засгийн газрын гишүүдэд өгсөн байна. Мөн Франкфурт чиглэлийн нислэгийн давтамжийг нэмэгдүүлж, долоо хоногт таван удаагийн нислэг үйлдэхээр болжээ.
Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замыг ашиглалтад оруулна
“Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт, Зүүнбаян-Ханги, Тавантолгой-Зүүнбаян болон Тавантолгой-Гашуунсухайт холболтын, Богдхан төмөр замын барилгын ажлын явцын талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар танилцуулсан. Барилгын ажлыг эрчимжүүлэх, төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулах арга хэмжээ авч ажиллахыг түүнд даалгажээ.
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын суурь бүтцийг 46 аж ахуйн нэгж, зэвсэгт хүчний барилгын анги нэгтгэлүүд хамтран гүйцэтгэж байгаа юм. Аравдугаар сард багтаан тус төмөр замыг иж бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Бүтээн байгуулалтын ажил 76 хувьтай байгаа Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг долдугаар сард ашиглалтад оруулахаар тооцжээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 5. ПҮРЭВ ГАРАГ. № 90 (6822)