Т.САЙХАН

 

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 100 жилийн ойн УИХ-ын хүндэтгэлийн чуулганд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож үг хэллээ.  Түүний хэлсэн үгнээс эшлэн хүргэж байна.

 

vХүний нийгмийн хөгжил гурван цагийн алтан хэлхээ, амьд шүтэлцээнд үргэлжилдэг. Өчигдөргүй өнөөдөр, өнөөдөргүй маргааш гэж үгүй билээ. Өнгөрснийг үнэлж дүгнэхдээ эдүгээчлэх, нам, улс төр, хувь хүний үзэмжээр хандах, засварлах, гоёчлох, туйлшрах, эсхүл ердөө л бусдад таалагдах үүднээс хандах зэрэг нь нэн осолтойг бид бодууштай.

vТүүхэн үйл явдлыг тухайн цаг үеийнх нь нөхцөл байдал, онцлог, шалтгаан хийгээд үр дагавар, зайлшгүй ба санамсаргүйн хэлхээ холбоонд авч үзэх нь хамгийн зөв зарчим, арга зүй мөн билээ. Чухам энэ зарчмаар анхдугаар Үндсэн хуулийн түүхэн ач холбогдлыг бид дүгнэн цэгнэх ёстой.

vДэлхийн аль ч улсын түүхэнд ноёрхогч байсан анги сайн дураараа эрх мэдлээсээ татгалзаж байсан түүх байдаггүй. Харин цус урсгасан олон жилийн ширүүн тэмцэл, иргэний дайнаар шийдэгдсэн гашуун түүх, сургамж цөөнгүй бий.Харин тухайн үеийн манай нам, төрийн зүтгэлтнүүд иргэний дайнд хүргэлгүйгээр “чадвал зөөлөн, ядвал хатуу аргаар бошгыг халах бат журмаар үйлдэнэ” хэмээн түмэн олонд тунхаглан зарлаж, аль болох тайван замаар засаг төрийн эрхийг шилжүүлэхийг хичээсэн нь туйлын ухаалаг бодлого байсан юм.

vАрдын Засаг анхдугаар Үндсэн хуулийг хэлэлцэн батлах Улсын анхдугаар Их Хурлын төлөөлөгчдийг жинхэнэ ардчилсан зарчмаар сонгох, тэдгээрийн бүрэлдэхүүнд халх дөрвөн аймаг, их шавь болон дөрвөд, казах, буриад, алтайн ба Хөвсгөлийн урианхай, Ховдын тариачин хошуу зэрэг ястан угсаатны төлөөллийг заавал оролцуулахад онцгой анхаарч, багагүй хугацаа зарцуулжээ.

vАнхдугаар Үндсэн хуулиар улс орныхоо бүрэн эрхт байдлыг тунхаглан зарлаж, эдийн засаг, аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадлыг бататган бэхжүүлэх эхлэлийг тавьж чадсан юм.

vУлс орноо батлан хамгаалах өөрийн гэсэн хүчнийг буй болгохыг зорьж Үндсэн хуулиар тогтоож байсан нь өнөөгийн Үндсэн хуульд “Монгол Улс өөрийгөө хамгаалах Зэвсэгт хүчинтэй байна” хэмээх заалтаар уламжлагдан хэрэгжиж ирснээс харж болно.

vАнхдугаар Үндсэн хуулийн бас нэгэн томоохон ололт нь анх удаа хүний эрх, эрх чөлөөг тунхаглаж, тэдгээрийг хэрэгжүүлэх арга замыг тогтоож өгсөн явдал юм.Анхдугаар Үндсэн хуульд “Бүх Монгол Улсыг үүнээс хойш Бүгд Найрамдах Бүрэн эрхтэй Ард Улс хэмээнэ” гэж тунхаглан, ард иргэдийнхээ эрх, эрх чөлөөг баталгаажуулахдаа эмэгтэйчүүдийн улс төрийн эрхийг хангаж, түүн дотроо эрэгтэй, эмэгтэй хүмүүс адил, тэгш эрхийн үндсэн дээр сонгох, сонгогдохоор заасан нь Ази тивдээ анхдагч ардчилсан Үндсэн хууль болсон юм.

vҮндсэн хууль нэгэнт улс төр, эрх зүйн баримт бичиг болохын хувьд анхдугаар Үндсэн хуулиар Монгол Улсын гадаад бодлого, түүний хэтийн чиглэлийг оновчтой тодорхойлж чадсан. Энэхүү бодлого нь эдүгээ ч ач холбогдлоо алдаагүйн дээр Монгол Улсын энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогын эх үндэс болон одоо ч өргөжин бэхжиж байна.

vХарамсалтай нь, анхдугаар Үндсэн хуулийнхаа заалтуудыг хэрэгжүүлэхийн төлөө зүтгэж байсан хүмүүс түүхийн ээдрээ, нугачаатай он жилүүдэд хэлмэгдсэнээр бусад улс оронтой харилцаж, тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэх гэсэн оролдлого нэг хэсэгтээ зогссон юм.

vМанай улс 1924 онд анхны Үндсэн хуулиа баталснаар Ази тивийн Үндсэн хуультай анхны улсууд болох Япон, Иран, Афганистан зэрэг улстай хамт бичигдэж, Ази тивд Үндсэн хуульт ёсыг хөгжүүлж ирсэн тэргүүлэх улс орнуудын дотор зүй ёсоор багтдаг хэмээн Үндсэн хуулийн эрдэмтэн, судлаачид  дүгнэн үздэг.

vИйнхүү анхдугаар Үндсэн хууль нь үндсэн хуульт ёсны үзэл санааг түүчээлэн хөгжүүлэх зам мөрийг тавьж, нийгмийн өөрчлөлт, цаг үеийн онцлогийг тусгасан 1940, 1960, 1992 оны Үндсэн хуулиудыг батлан гаргах хөрс суурь болсон байна.

vШинэ Үндсэн хуулийг боловсруулж, ард түмнээр хэлэлцүүлж, баталсан үйл явц нь монголчууд бидний үндэсний их зөвшилцөл, үзэл санааны дэвшил байсан юм.

vМонголын ард түмний Үндсэн хуульт ёсны энэхүү баялаг түүх нь зөвхөн манай ард түмний түүх, өв соёл төдийгүй хүн төрөлхтний үндсэн хуульт ёсны түүхийн салшгүй нэг хэсэг юм.

vИймд цаашид бид шинэ Үндсэн хуулиар баталгаажуулсан Монголын ард түмний ололт амжилт, үнэт зүйл болсон ардчилсан төр, засаг, парламент ёсоо бэхжүүлж, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэхийн төлөө төр, засаг, улс төрийн нам, эвсэл, иргэний нийгэм, ард түмнээрээ хамтран хүчин зүтгэх учиртай гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 27. ЛХАГВА ГАРАГ. № 229 (7473)