С.УЯНГА
“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа онцолдог билээ. Ээлжит зочноор Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэнгийн зохиол “Тамгагүй төр” жүжгийн Арчуг хааны дүрийг бүтээж буй Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Г.Эрдэнэбилэгийг урьж ярилцсан. Тэрбээр энэ үеэр “Бид дөрөв нэг сургуулийн жүжигчний дараалсан ангийнхан. Эхлээд Пара, дараа нь Амгаа бид хоёр, тэгээд Боогий төгссөн. Бидний үзэл бодол сонирхол нэг байсан учраас драмын театрт орж байлаа. Нэг тайзан дээр үеийн залуучууд тоглож, нөхөрлөж ирсэн. 20 гаруй насны залуучуудыг дуу хуургүйгээр төсөөлөхгүй. Бид дөрөв хоёр ч цомог гаргасан. Улаанбаатарт хоёр тоглолт хийсэн. Гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчууддаа ч толилуулсан үе бий. Мэдээж хүн хүний үзэл бодол, дотоод итгэл үнэмшил, хүсэл мөрөөдөл тусдаа. Миний хувьд гэхэд жүжигчин найруулагчийн ангийг төгссөн. 18 жил жүжигчнээр ажилласан учраас найруулж үзэхийг хүсч, тэр хүслээ дагасан. Н.Наранбаатар, С.Болд-Эрдэнэ хоёр маань театртайгаа илүү ойр олон жил болж байна. Г.Амгаланбаатар СУИС-даа багшилж байна. Ер нь заавал хамтдаа байх ёстой юм биш. Яахав, тохироо бүрдвэл эргээд хамтдаа уран бүтээл хийх үе ирэх байх аа” гэж ярилаа.
Эх сурвалж: www.polit.mn