Ард Санхүүгийн Нэгдлийн Гүйцэтгэх Захирал Б.Золбоотой ярилцав.
- Ард Санхүүгийн Нэгдэл блокчэйн технологи буюу кодонд суурилсан хүүлдэггүй цахим хэтэвч байгуулахыг зорьж байгаа гэдгээ зарласан. Үүнийг тодруулна уу?
-Манайх 2013 онд үүсгэн байгуулагдсанаасаа хойш нэг л зүйлийг ярьж, зорьж ирсэн нь технологийн эрин үе ирж, бүх зүйл цахимжсан энэ цагт салбаргүй дижитал үйлчилгээг харилцагчдадаа цогцоор нь хүргэх тухай юм. Нэгэнт л хүн бүхэн гар утас хэрэглэж байгаа учраас Ард Аппаар дамжуулан санхүүгийн цогц үйлчилгээ үзүүлэхээр 2019 оноос эхлэн хөгжүүлэлт хийж, үйлчилгээ үзүүлсээр ирсэн. Санхүүгийн үйлчилгээг хүн өдөр болгон аваад байдаггүй. Зээл авсан бол нэг удаа л хандана. Хамгийн сайн хуримтлал хийдэг хүн 7 хоногт 1 удаа хандах жишээтэй. Тэгвэл бид өдөр тутмын төлбөр, тооцоо, худалдан авалтыг хэрхэн хурдан, хялбар, энгийн болгох вэ гэдэгт л анхаарч энэ аппликэйшныг хөгжүүлсэн. Тухайлбал, одоо аваад, дараа төлөх зэрэг санхүүгийн үйлчилгээг улам уян хатан болгохоор ажиллаж байна. Мэдээж үүгээр зогсохгүй санхүүгийн бусад хөрөнгө оруулалт, урамшууллын систем, ер нь бүхий л үйлчилгээг нэг дор цогцоор нь үзүүлж байна. Цаашдаа тухайн хүний санхүүгийн сахилга бат, зан төлвийг хиймэл оюун ухаанаар тодорхойлох боломжтой. Жишээлбэл, та цахилгаан бараа худалдаж авлаа гэхэд дагалдаад уг бараагаа даатгуулах уу? 1072 хувьцааны ногдол ашгаа хадгаламж эсвэл хөрөнгө оруулалтад хийх үү гэх зэргээр уг хүний санхүүг нь аль болох өсөлттэй байх бүх сэдлийг хиймэл оюун ухааны тусламжтайгаар цахимжуулж өгнө гэсэн үг. Энэ бол бидний 2025 онд хийх гол ажил юм.
-Бусад санхүүгийн үйлчилгээ үзүүлж буй аппуудаас танайх юугаараа давуу вэ?
-Бид санхүүгийн цогц үйлчилгээг нэг дороос үзүүлж чаддагаараа давуу талтай. Зөвхөн зээл гаргаж эсвэл төлбөр шилжүүлдэг аппликэйшн биш. Санхүүгийн бүх үйлчилгээг нэг дор төвлөрүүлснээрээ давуу юм. Манай аппликэйшны бүтээгдэхүүнээс хэр их хүн хэрэглэж, үнэнч, тууштай үйлчлүүлж байна - Тэр бүгдэд хөнгөлөлт, урамшуулал үзүүлдэг. Олон төрлийн үйлчилгээг олон удаагийн давтамжтайгаар тогтмол авах бүрд илүү их хөнгөлөлт, урамшуулал эдэлнэ гэсэн үг. Тодруулж хэлбэл зээлийн хүү, шимтгэл буурна, олгогдох дүн, хэмжээ нь нэмэгдэнэ. Хадгаламж болон сайн дурын даатгал хийхэд мөн хөнгөлөлт, урамшуулал эдэлнэ.
-Танайх төлбөрийн гүйлгээ бүрд урамшууллын койн өгдөг гэж байсан. Үүнийг тодруулна уу?
- Тиймээ. Манай аппликэйшныг татаж төлбөрийн гүйлгээ, худалдан авалт хийх бүрд бид ардкойн урамшууллын оноо өгдөг. Тухайлбал, арилжааны банкууд салбартай учраас ажиллагсдын цалин, Монголбанк, болон хүлээн авч буй банкинд гүйлгээ бүрдээ 100, 200, 300 төгрөгийг төлдөг учраас эдгээр зардлыг харилцагчаасаа суутгадаг. Манайх ялгаагүй ижилхэн ч бид эргүүлээд Ардыг ашиглах бүрд нь ардкойн өгдөг. Өмнө нь бид 1 гүйлгээнд 1 ардкойн өгдөг байсан бол одоо 1 ардкойноо хуваагаад талд нь ардкойн, талд нь ардын эрх гэдэг оноог өгч байгаа. Түүнчлэн хэрэглэгчээ идэвхжүүлэх зорилгоор сар бүр хуримтлал, хадгаламж хийсэн болон бусад үйлчилгээг авч буй харилцагч нартаа ардын эрх өгдөг. Энэ эрх нь сарын эцэст 1,000 болвол ардкойн болж хувирдаг бүтээгдэхүүн. Маркетингийн хүрээнд иймэрхүү тоглоомжуулалтын хөтөлбөрүүд олон. Хэрэв ардын эрхээ цуглуулж чадвал буцаагаад бүтээгдэхүүн авахын зэрэгцээ гүйлгээний зардлаа буцаагаад авчихаж байна гэсэн үг. Энэ мэтчилэн бид хэрэглэгчээ урамшуулах стратегиа баримталсаар байх болно.
-Блокчэйн технологи нь банк санхүүгийн бүтээгдэхүүнийг түйвээж байна гэдэг. Энэ технолги дээр л энэ бүх үйлчилгээ явагдаж байна гэсэн үг биздээ. Цаашдаа хэрхэн шинэчлэгдэх бол?
-Тийм шүү. Энэ технологи байнга шинэчлэгдсээр байна. Шинэ, шинэ технологи гарч ирснээр бидний судалсанчлан 1 мөнгөнөөс доош зардлаар гүйлгээ хийх боломж харагдаж байгаа. Тэгэхээр одоогоор 1 гүйлгээ хийхэд 300 төгрөг бол үүнийг 1,000 дахин бууруулах боломжтой гэсэн үг. Дундын зуучлагчгүй шууд хүн хооронд кодонд суурилсан гүйлгээ явагдах тул ямар ч зардал гарахгүй гэсэн үг.
- Блокчэйн технологиор нэг дор олон мянган хүн зэрэг хандвал гацах тохиодол гардаг шүү дээ?
-Ард Аппын хувьд цахим банк гэдэг утгаар манай серверын багтаамж өндөр. Бид жил бүр Монголбанкны шаардлагыг хангаад явж байдаг. Тиймээс нэг секундэд хэдий хэмжээний хандалт авч чадах вэ гэдгээ байнга хянадаг. Идэвхтэй хандалт, урсгалаа тооцож үзээд шаардагдах комьпютер серверээ нэмдэг. Аль болох гацахгүй байхад хичээж ажилладаг. Блокчэйн технологи бол цэвэр үүлэн систем. Тархсан сервертэй учир ачаалал даах чадвар сайтай.
- Танай аппликэйшн одоогоор хэчнээн хэрэгчлэгчтэй вэ?
-Одоогоор 1.2 сая бүртгэлтэй данс бүхий харилцагчтай. 2021 онд блокчэйнд суурилан хийгдсэн ардкойн урамшууллын онооны ханш зах зээл дээр өссөнтэй холбоотой Ард Аппликэйшны ашиглалт өсөж, ийнхүү 1.2 сая болсон байдаг. Эдгээр бүртгэлтэй хүмүүсээ идэвхжүүлэх ажлыг хийсээр байгаа нь дээр дурдсан олон улсад ч өргөн ашиглагддаг тоглоомжуулалтын аргууд. Цаашдаа 3.5 сая иргэдээ Ард Аппликэйшн ашигладаг болгох зорилготой. Монголчуудаа Хөрөнгө Оруулагч Үндэстэн болгох алсын хараандаа хүрэхийг зорино.
-2021, 2022 оны үед олон байгууллага, хувь хүмүүс койн, токен олноор гаргасан. Гэвч өнөөдөр тэдгээр төслүүдээс цөөн хэд нь үлдсэн байна. Үүний нэг нь яах аргагүй ардкойн байх шиг байна?
-Аливаа зах зээлийн савны хэмжээ тодорхой байдаг. 2021 онд маш олон койн, токен гарч, нэг савнаас иргэдийн эрэлт хэрэгцээг хуваалцаж эхэлсэн. Анх ардкойн гарч байсан бол дараагийн койн гарч ирэнгүүт ардкойноо зараад дараагийнх руу хошуурч эхэлсэн. Өөрөөр хэлбэл, эрэлт, нийлүүлэлтээр өсдөг зах зээлд зараад эхлэнгүүт нэгж койны үнэ мэдээж буурна шүү дээ. Гэхдээ хэрэглэгчид өөр, өөр төслүүд рүү орсон ч өнөөдөр үлдсэн нь хэд байгаа билээ? Тэр дундаас бидний бүтээсэн ардкойн үлдсэн. Энэ нь ардкойны дэд бүтэц экосистем найдвартай, анхнаасаа хэрэглээгээ бодитой бөгөөд оновчтой тодорхойлсных. Хамгийн гол нь Ардын бүрэлдэхүүнд багтаг олон салбар чиглэл бүхий компаниудын үйл ажиллагаатай уялдан тогтмол ашиглагдаж байхаар эхлүүлсэн нь тогтож үлдэх нэг үндэс нь болсон юм. Хамгийн гол нь ардкойныг анх гаргахдаа санаачлагчид нь бусад төслүүд шиг мөнгө босгоогүй. Урамшууллын системээр хэрэглэгчдэд өгч байгаад улмаар хоорондоо өгөлцөж, авалцах үйлдлийг эхлүүлсэн нь үр дүнтэй болж үлдсэнийг цаг хугацаа харууллаа. Цаашдаа энэ технологийн шийдлийг ашиглаад шинэ үеийн цахим хэтэвчийг бүтээж, танилцуулна. Энэ нь кодонд суурилсан мөнгө хүүлдэггүй платформ болно. Одоо арилжааны банкны хадгаламжийн хүү 14-17% хүүтэй. Зээлийн хүү 24% байгаа. Тэгвэл шинэ үеийн “Крипто хэтэвч” бий болсноор хадгаламжийн хүү 12% бол зээлийн хүү яг ижилхэн 12% байх боломж бүрдэнэ. Өөрөөр хэлбэл, салбаргүй, дундын зуучлагчгүй учраас зардал гарахгүй байгаа нь хүү нэмэгдэхгүй байх гол шалтгаан.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 24. ДАВАА ГАРАГ. № 36 (7532)