С.УЯНГА
“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа онцолдог билээ. Ээлжит зочноор Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэнгийн зохиол “Тамгагүй төр” жүжгийн Арчуг хааны дүрийг бүтээж буй Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Г.Эрдэнэбилэгийг урьж ярилцсан. Тэрбээр энэ үеэр “Бүгдийг нь мэдрэх ёстой. Үг болгоны “амь”-ийг хараасай. Төрийн төлөө ажилладаг төр рүү зүтгэж байгаа хүмүүс ямар байх ёстойг мэдрээсэй. Зарим хүмүүс ичдэг байгаасай. Төр рүү хэн дуртай нь сарвалзаж болдог, үгүйг ухаарч, төрийн босго өндөр байгаасай гэж хүсч байна.
Улс төр бол мөнхийн сэдэв. Эртнээс эдүгээг хүртэл мөнх байж ирлээ. Тэр дундаа яг энэ цаг үед "Тамгагүй төр" ихийг бодогдуулна даа. Ер нь зарим үед урлаг уран сайхныг жүжиг гэж харж болохгүй. Урлаг хүчтэй зэвсэг байж ирснийг түүх харуулдаг шүү дээ. Тиймээс "Тамгагүй төр"-ийг эх орны дуудлага гэж харж, ухаарал аваасай гэж бодож байна. Амьдрал дээр костюм пиджактай тоглож байна гэж бодож хариуцлагатай алба хашдаг хүмүүс маань, залуу хойч үе үзэж нэгийг бодож хоёрыг тунгаагаасай. Магадгүй асар их болгоомжлол, эмзэглэл төрүүлэх байх. Юун төлөө их зохиолч маань тархиа буцалгаж, зүрхээ савлуулж бичлээ дээ. Түүнийг нь олонд хүргэх гэж хичээж буй бидний ч утга учир гарах байх” гэж ярилаа.
Эх сурвалж: www.polit.mn