С.САРУУЛ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Үүнтэй холбоотойгоор Сангийн сайд Б.Жавхлан “Эрчим хүчнээс гадна нийтдээ 37 төрийн өмчит компанид бүтцийн өөрчлөлт хийнэ. Үүнийг маш олон жил ярьсан. Яагаад та нар олон нийтийн хяналтад орохоос айгаад байдаг юм бэ. Уг нь айх зүйл байхгүй. Олон улсын чиг хандлага ийм л байна. Засаглал сайжирч, хэмнэлтийн горимд шилжинэ. Үр ашиггүй хөрөнгө оруулалтууд багасна. 37 компаниас 11 нь эрчим хүчний салбарын төрийн өмчит үйлдвэрийн газар. Үүнээс хоёрыг нь үлдээгээд, эрчим хүчний есөн компанийн 34 хүртэл хувьд IPO гаргана. Засгийн газрын хувьд сүүлийн жил гаруйн хугацаанд төрийн өмчит үйлдвэрийн газруудын эдийн засгийн бүтцэд томоохон судалгаа хийсэн. Ер нь гурван чиглэлээр бүтцийн өөрчлөлт хийнэ. Стратегийн хувьд цаашид 100 хувь төрийн өмчит байх шаардлагатай ААН-үүдэд “Эрдэнэт” үйлдвэр, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэс Монгол” ХХК, мөн цахилгаан станцууд орно. 37 компанид бүтцийн өөрчлөлт хийснээр 66-аас доошгүй хувьд нь төр өөрөө хяналтаа тавина. Биржээр дамжуулж хувьцаа эзэмшигчдийн хяналтад оруулна. Мөн 20 гаруй компанийг татан буулгах, нийлүүлэх, худалдах буюу төр өөрөө авч явах шаардлагагүй ААН-ийн жагсаалтыг гаргасан” гэв.
Эх сурвалж: www.polit.mn