Ч.ОЛДОХ

УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо УЕП-оос оруулж ирсэн нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хаалттай хэлэлцэж эхэллээ. Н.Алтанхуяг гишүүн сэтгүүлчдийн асуултад товч хариулт өгч,  байр сууриа илэрхийллээ.

-УЕП-оос ямар үндэслэлээр таны бүрэн эрхийг түдгэлзүүлж, яллагдагчаар татах санал оруулж ирсэн юм бэ?

-Намайг  яллагдагч болсон тогтоолыг тав дахь өдөр гаргасан юм байна лээ. Тэр тогтоолтой нэг дэх өдрийн 16 цагт ирж танилц гэсэн. Арав гаруй хуудастай тогтоол байсан. Сая би Халдашгүй байдлын дэд хорооны хуралд “Намайг яг ямар хэрэгт холбогдуулж яллагдагч болгоод байгаа юм бэ. Юуг буруу хийсэн гэж үзээд байгаа юм бэ” гэсэн асуулт тавьж хариулт авлаа. Тэгэхээр  одоогоос есөн жилийн өмнө Засгийн газрын гаргасан Тавантолгойгоос Гашуун сухайт хүртэлх ганц хар зам байдаг,  нүүрсний үнэ унасан, тоос шороон дундуур явдаг зам. М-Си-Эс-ийн зам юм. Түүгээр  тэдний  машинууд, Ухаа худгийн нүүрсийг зөөдөг машинууд л явдаг. Манай орон нутгийн  Тавантолгойн машинууд болохоор шороон замаар  явдаг байсан. Тэр үед буюу 2013 онд нүүрсний үнэ 70-80 ам.доллар байснаа 30 ам.доллар болж уначихсан. Тиймээс зардлаа багасгах шаардлага гарч тухайн үеийн орон нутгийн Тавантолгой компани хамтарч ярьж байгаад Эдийн засгийн яамнаас энэ замыг Эрдэнэс Монгол ТӨК-д худалдаж авч өгье. Тэгвэл энэ замаар бүх машин явна, байгаль орчин сүйдэхгүй, тоосжилт гарахгүй. Дээр нь тээврийн зардал хямд болно. Замын хураамж гэж мөнгө цуглана. Түүнээс буцааж аваад мөнгөө төлчихөж болох юм байна” гэсэн санал оруулж ирсэн. Засгийн газрын тогтоол дээр мөнгө төгрөгний тоо яриагүй. Зарчмын хувьд нөхцөл байдал хүнд байгаа учраас замыг худалдаж авч Эрдэнэс Монгол ТӨК-д өгье. Тэд замаа ашиглан хураамжаасаа мөнгөө төл” гэсэн тогтоол гаргасан. Гэтэл намайг яллагдагч болгосон гэж байна.

-Тогтоол гаргахдаа Засгийн газрын хуралдааны дэгийг зөрчсөн гэж үзсэн юм уу, тэгж ойлгосон?

-Бас тэгж хэлж байна. Засгийн газрын хуралдааны дэгийг зөрчсөн гэнэ. Тэгэхээр Ерөнхий сайд хуралдааны бичиг баримтыг бүрдүүлдэггүй. ЗГХЭГ-ын дарга гэж хүн байдаг. Засгийн газар асуудал шийдэхэд асуудал оруулж байгаа салбарын яам нь тооцоо, судалгаагаа хийж цаасаар авчирч ЗГХЭГ-т өгдөг. Түүнийг нь ЗГХЭГ бүх яамд руу явуулж, саналыг нь авч Засгийн газрын хуралдаанд оруулж шийддэг. Манай бүх юм тэгж  л явдаг. Түүнийг хариуцдаг хүн нь Ерөнхий сайд биш ЗГХЭГ. Тухайн үед ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга н.Солонго, ХЭГ-ын дарга нь н.Сайханбилэг байсан. Тэгтэл намайг дэг зөрчсөн гээд байх юм. Үүнийг би юу гэж ойлгож байна гэхээр намайг улс төрийн асуудлаар яллагдагч болгох гэж байна. Есөн жилийн өмнөх  замын асуудлыг өчигдөр ярьж байна. Өмнө нь би бодоходоо Хөтөлийн асуудлаар яллагдагч болгосон юм байх даа гэж бодсон.  Гэтэл замын хэрэг гэнэ. Тэр замыг улсад авах үед бид засаг дээр тоо яриагүй, 170 тэрбум төгрөгөөр авсан юм байна. Тэгээд 324 тэрбум төгрөг цугласан байна. Ийм хэмжээнйи мөнгө цуглуулсан айл тэр үедээ 170 тэрбумаар авсан, тэгэхээр хангалттай мөнгөний зөрүү гарсан байгаа биз дээ. Бүр ашигтай байгаа биз дээ, улсад ашигтай, Эрдэнэс Монгол ТӨК-д ашигтай тийм л үйлдэл болсон байна. Ер нь тэр үедээ ч Засгийн газрын хуралдаанд Н.Батбаяр сайд энэ бол ашигтай, компанидаа ч ашигтай гэдгийг хэлж байсан. Тэгэхээр миний хариуцахгүй асуудалд Засгийн газрын хуралдааны дэг зөрчсөн гэж яллагдагчаар татаж байгаа юм гэнэ.

-Тэгэхээр Хөгжлийн банкны асуудлаар биш  Засгийн газрын хуралдааны дэг зөрчсөн гэж яллагдагчаар татсан гэсэн үг үү?

-Тэгж байна.

-Ерөнхий прокурор яллагдагчаар татахаар оруулж ирсэн саналдаа яг ийм агуулгыг тусгасан байсан уу?

-Би асуусан, өөр ямар асуудлаар намайг буруутгаж байна вэ гэж. Тэгэхэд тэр 170 сая төгрөгийг Эрдэнэс Монгол компани Хөгжлийн банкнаас  авчихаад төлөөгүй гэж байна. Тэр надад хамаагүй шүү дээ. 324 тэрбум төгрөг олсон тэр айл 170 тэрбумыг төлчих л байсан байна шүү дээ. Тэр надад ерөөсөө хамаагүй. Би ямар тэрийг ав, төдөн төгрөгөөр ав гэсэн биш. Засгийн газрын тогтоол тухайн замыг авах нь зүйтэй гэсэн.

-Энэ асуудлын нэхэмжлэгч нь хэн бэ?

-Мэдэхгүй.

-Та УЕП-ын оруулж ирсэн асуудалтай санал нийлэхгүй байгаа юм уу?

-Юу гэсан үг вэ, санал нийлэхгүй гэдэг чинь юу гэж байгаа юм бэ. Улайм цайм огт хамаагүй асуудлаар буруутгаж байна шүү дээ, намайг. Одоо та нар есөн жилийн байтугай есөн сарын өмнөхийг санах юм уу? Хоёрдугаарт гаргасан тогтоол нь улсад ашигтай болсон байгаа биз дээ? Тиймээс би яагаад байгааг ойлгохгүй байна.

-Тэгээд таныг яагаад яллагдагчаар оруулж ирсэн юм бол?

-Би ер нь бол хэлээд байгаа шүү дээ, сэтгүүлчдэд. Хөгжлийн банкийг шалгаснаас хойш гарч байгаа асуудлыг харахад хоёр сэтгүүлч оруулаад л Н.Алтанхуяг гэдэг хүн л баахан юм хийсэн мэт орилуулаад л. Дараа нь УИХ дээр гурван хүн оруулж ирж ярихдаа Н.Алтанхуяг гэдэг хүн л  баруун солгойгүй юм хийсэн мэт самраад л. Бондын мөнгийг ч цацсан гээд л. Манай Баттөмөр тэрэн дээр  будилж юм яриад л.   Энэ болгоноос  харахад  эд нар “Гуя дагуулж хүзүү” гэдэг юм хийж байгаа юм байна.  Н.Алтанхуяг хийчихсэн гээл...олон юм ярьдаг нөхрийг далимдуулаад дуугүй болгоод авъя гэж байгаа юм уу, хаашаа юм.Тийм л юм явж байна. Тэгэхдээ Халдашгүй байдлын дэд хороонд олон жил УИХ-ын гишүүнээр ажилласан, дээр нь сайд хийж байсан хүмүүс байна. Ерөнхий сайд байсан хүн ч сууж байна. Тэд засаг, төрийн ажлыг мэднэ, тиймээс асуудалд ханатай хандах байх гэж харж байна.

-Таны бүрэн эрхийг түдгэлзүүлбэл яах вэ. УИХ олонхиороо шийдээд явчих юм биш үү?

-Муйхарлая гэвэл 62 кнопоор л  явчих байх. Гэхдээ тэр хүртэл зай ч бий, лай ч бий. Есөн жилийн өмнөх Засгийн газрын шийдвэрээр яллагдагч болно гэхэд инээдтэй сонсогдож байна. Тэгээд тэр асуудал нь улсад ашигтай байсан байгаа юм.

-АН-ын бүлгийн дарга тантай уулзсан уу?

-Бүлгийн даргатай уулзаагүй. Гэхдээ бүлгийн бүх гишүүдтэй  хамт сууж байгаад гарч ирлээ.

-УИХ дээр асуудал хаалттай хэлэлцэгдэх болов уу?

-Хаалттай явна гэсэн асуудал ярьдаг. Гэхдээ нээлттэй хэлэлцэх ёстой. Ядаж юунд буруутгагдаад байгаагаа би өөрөө мэдчихмээр байна шүү дээ. Асуумаар байна шд. Гэтэл прокуророос  юм асууж болохгүй гээд байх юм.

Эх сурвалж: Polit.mn