С.УЯНГА
“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа онцолдог билээ. Ээлжит зочноор Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэнгийн зохиол “Тамгагүй төр” жүжгийн Арчуг хааны дүрийг бүтээж буй Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Г.Эрдэнэбилэгийг урьж ярилцсан. Тэрбээр энэ үеэр “Монголын нийгэм дөрвөн уулынхаа голоос гарч чадахгүй байна. Энэ хайрцагнаас хальж гарахсан гэж бодсондоо олон улсын уран бүтээлчидтэй харилцаа холбоо үүсгэсэн нь “Хийморь” кино байлаа. Олон боломж олж харж, цөөнгүй жимийг ч гаргалаа. Тэр жимээ зам болгохын төлөө зүтгэмээр байна. Зөвхөн кино урлагийн салбарт олж харахад л бид дөрвөн уулынхаа голд түгжигдсэн сэтгэлгээтэй хүмүүс болжээ. Дэлхий ертөнц хурдацтай хөгжиж байгаагийн хэрээр айлын хүүхдүүдтэй тоглож үзэх хэрэгтэй. Тэдний аав нь юу ярьдаг, хүүхдүүд нь ямар дүрмээр яаж тоглож байгааг судалж, зэрэгцэж алхах ёстой юм билээ. Ингэж чадвал Монголын кино урлаг хөгжихөд хэцүү зүйл алга. Хичээж чадвал боломж байна.Монголчууд ямар байдгийг гадныхан харж чадахгүй байна. Бид өөрсдөө харагдаж чадахгүй байна. Мэдрүүлж чадвал түүх соёлоос эхлээд нөөц боломж, онцлог их бий. Хамгийн гол нь Монгол гэдгээ алдахгүйгээр зүтгэх ёстой. Монголчууд бол гайхалтай өвийг тээж яваа ард түмэн. Үүнийг орчин үеийн чанар стандартад нийцүүлж урлагаар гаргаж ирвэл гайхалтай амжилт олох зам нээлттэй байна.
Тайз, дэлгэцэнд хоёуланд нь би хайртай. Тайз, дэлгэц ажиллагааны хувьд төстэй. Театрын нэг агуу зүйл бол амьсгаа даран мэдэрч, энерги солилцдог амьд холбоос. Тэр мөч хамгийн нандин алтан агшин. Жүжигчин хүн алдах эрхгүй. Үүний тулд хөшгөө нээхээс өмнө маш их бэлтгэл сургуулилт шаарддаг.Кино хүмүүсийг дэлгэцээр удирдана. Зураачаар яривал нэг ёсондоо баллууртай гэсэн үг. Цаасан дээр дүр зурахдаа жаахан онцгүй болчихвол баллуурдаад засч болно. Гэтэл жүжгийн хувьд бийр бэхээр алдаа гаргах эрхгүйгээр цаасан дээр зурж байна. Бүр үзэгчдийн нүдэн дээр зурдаг. Зүйрлэж яривал ийм. Түүнээс биш уран бүтээлчдийн хэлэх санаа, зохиолын задаргаа, жүжигчний ажиллагаа гээд бүх процедур адилхан. Нэг нь илүү, нөгөөх нь дутуу ажиллана гэсэн зүйл байхгүй. Үүрэг хариуцлагын хувьд театр жүжигчнээс цэвэр авьяас, мэдрэмж, хөлс, нулимсыг шаардаж, нэхэж байдаг. Сайн байвал тэр дор нь алга ташилтаар шагнуулна. Алдвал “алгадуулна”” гэв. Харин “Киноны төрөлд та чамлахааргүй туршлага хуримтлуулсан. Магадгүй "Тамгагүй төр"-ийг яг энэ чигээр нь энд тэнд олон удаа тоглоход нүсэр ажиллагаатай учраас видео хэлбэрээр үзүүлмээр ч юм шиг. Танд кино болгох санаа төрсөн үү” гэсэн сэтгүүлчийн асуултад “Төрсөн...” гэж хариулав.
Эх сурвалж: www.polit.mn