Ч.ГАНТУЛГА

 

Хийл хөгжмийн намуухан аялгуу хаалганы цаанаас эгшиглэхэд бяцхан хүү шимтэн шимтэн сонссоор унтаад өгдөг байжээ. Сэрүүн байхад нь хөвөрсөн өнөөх аялгуу зүүдний ертөнцөд нь тасралтгүй эгшиглэсээр жаал хүүгийн сэтгэл зүрх тансаг яруу эгшгээр хөглөгдсөн гэлтэй.  Түүний хүсэл мөрөөдөл ч тодорхой болов. Яг л өвөө шигээ хөгжимчин болох. Хөлд орж унаж босох, хэлд орж шулганан хүүрнэхээсээ эхлээд хөг аялгуу хөглөсөн хөгжимчдийн гэрт торнисон болохоор үүнээс өөр хүсэл мөрөөдөл түүнд байсангүй. Өдөр бүр гэрээр нь зочлох Ц.Намсрайжав, Д.Лувсаншарав, Б.Дамдинсүрэн гээд Монголын хөгжмийн урлагийн ноён оргил болсон уран бүтээлчдийг харж, яриаг нь сонсож, өвөр дээр нь эрхлэн тоглохдоо өвөөгөөрөө бахархдаг байсан нь дамжиггүй.  Энэ хүн бол Төрийн шагналт, Ардын жүжигчин, Зууны манлай хөгжимчин, удирдаач Жамъяны Чулууны удмын гурав дахь үе Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжимчин удирдаач Ч.Чинбатын ууган хүү, морин хуурч Ч.Амарбаясгалан юм. Түүнийг энэ удаагийн “Удмын бахархал” булангийнхаа хойморт урилаа.  Хүний ген гэдэг гайхалтай юм. Үеэс үед уламжлагдаж, үндэс мөчир бүрт удамшдаг бололтой. Монголын хөгжмийн урлагт хийсэн бүтээл нь мөнх насалж, хийл хөгжмийнх нь тансаг аялгуу одоо ч үл тасран эгшиглэсээр байгаа хүн бол Ж.Чулуун агсан юм. Тэрбээр хийл хөгжмийн хаан, “Уран хас”-ын бүтээгч, алдарт “Хэнтийн өндөр ууланд” бүтээлийг эгшиглүүлэгч, олон арван сонгодог бүтээлийн удирдаач билээ. Тиймээс Монголын хөгжмийн урлагийн ноён оргилын нэг хэмээн хүндлэн дурсагддаг гавьяатан. Харин түүний хүү Ч.Чинбат дэлхийн соёлын өдрүүдэд оролцож, Москвагийн их театрт аавтайгаа, ахтайгаа нэг тайзан дээр тоглож явсан намтартай. Аавынхаа мөнхийн бүтээл болох “Ардын хоёр дууны найруулга” гэсэн бүтээлийг эгшиглүүлж,  өнөөдөр ч үйл хэргийг нь үргэлжлүүлж, амьдралынхаа 40 гаруй жилийг зориулсан Монгол Улсын консерваторидоо багшилж, үе үеийн хөгжимчдийг “төрүүлсээр” байна.

 

Хамгийн үнэтэй эд хогшил нь хуучин төгөлдөр хуур

Өвөө, аав, хүү гурав.

Ийм л хүмүүсийн удмыг залгаж, урлагийн замналаар амьдарч яваа хүн нь морин хуурч Ч.Амарбаясгалан юм. Тэрбээр “Морин хуур”-ын чуулгыг үүсгэн байгуулалцаж, өөрөө морин хуурчаар ажиллаж байгаад АНУ, дараагаар нь Чех улсад мэргэжлээрээ ажиллахаар явжээ. Харин сүүлийн жилүүдэд Тувад урилгаар морины хуурын багш хийж байгаад цар тахлын улмаас эх орондоо түр ирээд байна. Түүнтэй уулзахаар цаг товлоход биднийг гэртээ урьсан юм. Хорооллын хуучин 12 давхрыг зорьж очсон нь Ж.Чулуун агсны гал голомт байв. Хаалгаар нь ороход л хананд нь түүх өгүүлсэн гэрэл зургууд өлгөөтэй. Өвөөгийнхөө амьдарч байсан энэ л байранд өнөөдөр ач хүү нь эмээтэйгээ аж төрж байна. Ж.Чулуун агсны гэргий өдгөө 94 насны өндөрлөгт иржээ. Эмээ өвөөгийнхөө гар дээр өсөж, гал голомтод хүн болсон хүү нь өнөөдөр хөгшин ээжийнхээ ачийг хариулж, ийнхүү халамжилж буйгаа бидэнд дуулгав. Агуу удирдаачийн асаасан голомт гэж бодоход сэтгэлд нэг л дулаахан, дотно мэдрэмж төрөх. Гэрийнх нь хойморт Ж.Чулуун гуайн хуучин төгөлдөр хуур байв. Түүний сэтгэлээс урссан хөг аялгуу бүхэн энэ төгөлдөр хуураар амь ордог байжээ. Будаг нь халцарч хөг нь алдагдсан ч энэ гэрийн хамгийн үнэтэй эд хогшил гэж ач хүү нь онцолж байна. “Энэ л төгөлдөр хууран дээр алдарт Уран хасын хөгжим мэндэлсэн юм шүү” гэж Ч.Амарбаясгалан морин хуурч хуучлав. Ч.Амарбаясгалангийн хувьд Нийслэлийн 23 дугаар сургуульд  тавдугаар анги төгсөөд Хөгжим бүжгийн коллежид элсэж, Ц.Батчулуун багшийн шавь болсон юм байна. Сургуулиа дүүргээд багштайгаа морин хуурын чуулгыг үүсгэн байгуулалцаж, энэ л урлагт дурлаж, шатаж явсан амьдралын дэврүүн намтартай уран бүтээлч. Амьдралын шаардлагаар олон жил эх орноосоо хол амьдарсан ч морин хуураа орхиж зүрхлээгүй нэгэн. Очсон хот бүртээ хуураа үүрээд Монгол Улстай холбоотой бүх арга хэмжээнд оролцож, хорвоогийн жаргал зовлонг хоёрхон чавхдаст багтаадаг морин хуураа сурталчилсаар өдийг хүрчээ. Сүүлийн жилүүдэд Тувад амьдарсан тэрбээр тус улсын Үндэсний урлагийн чуулгад морин хуурчаар ажиллаж байв. Энэ хугацаандаа урлагийн сургуульд нь багшилж, олон оюутанд морин хуур заажээ. Ч.Амарбаясгалангийн хувьд 10 гаруй хүүхдийг шилж, зөвхөн морин хуурын жижиг хэмжээний чуулга хүртэл байгуулаад амжсан гэнэ. Цар тахлын аюул холдож, энх цаг ирэхээр эргээд Тувадаа ажиллах чин хүсэл тээж буйгаа бидэнд ярьж байсан юм.

 

Өвөө тэнгэр

 

Төрийн соёрхолт, Ардын жүжигчин, удирдаач, хөгжимчин Ж.Чулуун.

Монголын хөгжмийн урлагийн охь ундарга болсон Ж.Чулуун гуайн аав Жамъян хэлмэрч төдийгүй нутаг усандаа алдартай хуурч хүн байжээ. Түүний удамд урлагийн авьяастай олон хүн байсан гэж зарим эх сурвалжид тэмдэглэсэн нь бий. Тэгэхээр Ч.Амарбаясгалангийн өвөг эцэг болоод түүнээс дээд үеийнхэн ч урлагийн өндөр мэдрэмжтэй ардын уран сайханчид байсан нь гарцаагүй. Морин хуурч Ч.Амарбаясгалангийн хувьд Арменд мэндэлсэн нэгэн. Аав ээж нь оюутан байхдаа Орост ууган хүүгээ өлгийджээ. Бяцхан хүү оюутны байранд монгол оюутнуудын гар дамжсаар зун Ж.Чулуун гуайн голомтод ирж, эмээ өвөө дээрээ хүн болжээ. Тиймээс яахын аргагүй өвөөгийн амины хүүхэд. Өвөө нь хаана ч явсан хүүгээ дагуулж явна. Энэ тухай ач хүү нь “Би өвөөгөө хөгшин аав гэж дууддаг байж билээ. Хэдийгээр би өвөөгийнхөө том ач нь ч гэлээ эрх хүүхэд байгаагүй. Өвөөд минь намайг эрхлүүлэх зав бараг гардаггүй байлаа. Учир нь өдрийн ихэнх цагийг УДБЭТ-д өнгөрүүлнэ. Миний хувьд бага нас дуурийн театрын сандал дээр л өнгөрсөн дөө. Хааяа хөгжмийн аялгуунд бүүвэйлэгдээд урд эгнээний захын хоёр сандал дээр тэгнээд унтчихсан байдаг байж билээ. Одоо хүртэл театрт ороход, тэр хоёр сандлыг харах бүрт нэг л дотно санагддаг. Мөн манай гэрээр их мундаг хөгжимчид, уран бүтээлчид орж гарна. Энэ хүмүүс надад их сайн. Зун нь би эмээ өвөөтэйгөө Зуун модны зусландаа гардаг байлаа. Өвөө минь их тайван, дөлгөөхөн хүн байсан. Биднийг загнаж, том дуугарна гэж байхгүй. Үргэлж инээмсэглээд л духан дээр үнэрлэнэ. Харин хааяа нэг хэлсэн үг, захисан захиас нь бидэнд их даацтай тусдаг байсансан. Одоог хүртэл өвөөгийнхөө надад хэлж байсан үг бүхнийг мартахгүй юмсан гэж хичээж амьдардаг” гэсэн юм. Ж.Чулуун гуайн хувьд хөгжмөөс гадна техник сэтгэлгээ, мэдлэг өндөр байсан тухай ач хүү нь дурсав. Ж.Чулуун гуайнх тухайн үед шар москвич машинтай байжээ. Өвөө нь зав л гарвал машин доогуураа хэвтчихнэ. Ач хүү нь ч өвөөгөө дуурайгаад багажаа бариад машин доогуур орно. Ер нь Ж.Чулуун гуайн хөвгүүд бүгд техникт их сайн гэнэ. Хөгшин аав нь бүгдэд нь зааж сургажээ. Ч.Амарбаясгалан өвөөгийнхөө мөнхийн бүтээл болох “Уран хас” бүжгэн жүжгийн тухайд  “Энэ бүтээлийг өвөө минь бодит амьдралаас сэдэвлэж бичсэн гэдэг. Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Н.Гэлэнхүү гэдэг хүн тэнгэрт яг л шувуу шиг дураараа дүүлэн нисэх мөрөөдөлтэй байж л дээ. Мөрөөдлөө биелүүлэхийн тулд далавч хийгээд суманд нь байх 200 метрийн өндөртэй цохион дээрээс үсэрчээ. Азаар хоттой хонин дээр буусан учир амьд үлдсэн тухай яриаг өвөө сонсоод бүжгэн жүжиг бичих санаагаа олсон гэдэг. Яг Уран хас төрөх мөчид аав минь оюутан байсан юм билээ. Хааяа аавтай ярихаараа бүжгэн жүжиг бичиж буй тухайгаа хуучилдаг байсан тухай хожим аав минь бидэнд ярьж байсан” хэмээн дурслаа.

 

Аав уул

 

Урлагийн гавьяат зүтгэлтэн удирдаач, хөгжимчин Чулууны Чинбат.

Ж.Чулуун хэмээх их хүмүүний үргэлжлэл болж, хөгжмийн урлагт энэ л насаа зориулж яваа хүн бол түүний хүү Ч.Чинбат билээ. Багаасаа л аав шигээ хөгжимчин болох мөрөөдөлтэй байсан Ч.Чинбат  1958 онд Хөгжим бүжгийн дунд сургуулийн хийлийн ангид элсчээ. Харин зургадугаар ангид байхад нь хөгжмийн 10, бүжгийн 10 хүүхдийг сонгож ОХУ-д сургуульд явуулах болоход ангиасаа ганцхан  Ч.Чинбат сонгогдсон түүхтэй. 1964 онд тэрбээр хүсэл мөрөөдлөө биелүүлэхээр Ленинградын Хөгжмийн бага сургуулийг зорьсон юм. Гэвч хүүд цаг агаар нь таарсангүй. Эрүүл мэндийн шалтгаанаар жил болоод буцжээ. Энэ хугацаанд хүсэл мөрөөдлөө гээсэнгүй. Харин 1968 онд Ч.Чинбат дахин ОХУ-ын Арменийг зорьсон юм. Тэнд есөн жил сураад 1977 онд эх орондоо ирсэн байдаг. Аавынхаа тухай хүү Ч.Амарбаясгалан нь “Аавыг сургуулиа төгсөөд ирэхэд Хөгжим бүжгийн дунд сургуульд багшаар авах тушаал нь аль хэдийнэ гарчихсан байсан юм билээ. Тухайн үед Хөгжим бүжигт монгол багш нараас гадна ОХУ-ын мэргэжилтэн багш нар хичээл заадаг байж л дээ. Шинэхэн боловсон хүчнүүдийг тэдгээр багшид дагалдан багшаар өгчихнө. Энэ үеэс л аавын жинхэнэ уран бүтээлийн замнал эхэлсэн байдаг. Хичээл заахаас гадна сургуулийнхаа хийлийн чуулгыг удирддаг байсан.  Мөн төрийн бүх арга хэмжээнд оролцож, Европын орнуудаар монгол соёлоо сурталчилах гээд залуу хүний хувьд их л олон ажил амжуулдаг байсныг нь би тодхон санадаг” гэв. Түүнээс аав тань өвөөгийн чинь тухай олон сайхан дурсамж  дэлгэдэг байхдаа гэж асуухад “Аавыг бага байхад өвөөгийнх баян, тансаг айл байгаагүй гэдэг. Гэрийг нь чимэх ганц хогшил нь өвөөгийн хийл хөгжим, энэ төгөлдөр хуур. 1960-аад оны үед зурагт жинхэнэ моодонд орж байсан гэсэн. Аав ах нар маань ч зурагттай айл руу л хошуурна. Тэр үед өвөө маань хүүхдүүдээ дэлхийн соёлтой танилцуулна гээд зээлээр зурагт авч өгсөн гэдэг. Мөн жил бүр амралтаараа хүүхдүүдээ дагуулаад Архангай аймагт амардаг байсан тухай аав минь үргэлж дурсаж ярьдаг” хэмээсэн юм. Морин хуурч Ч.Амарбаясгалангийн хувьд нас ахих тусам аавтайгаа хоолойны өнгө нь хүртэл адилхан болж буй тухайгаа хошигнон ярьсан юм. Ямар сайндаа л гэрийнх нь утас дуугараад авахад аавынх нь бяцхан шавь нар багшаа гээд л өөдөөс нь шулганачихдаг гэнэ. Яриаг нь таслаж чадахгүй сонсож дуусгаад Амараа ах нь багшид нь дамжуулж хэлье гэхэд та биш юм уу гээд гайхдаг тухай ярьж байсан юм. Ч.Чинбат гуайн хувьд удирдаачаас гадна гарын их уртай хүн ажээ. Тэрбээр хөвгүүддээ дэлгүүрээс тоглоом худалдаж авч үзээгүй гэнэ. Өөрөө л мод төмрөөр машин хийгээд өгчихнө. Мөн анх гал голомтоо асаахдаа гэрийнхээ бүх тавилгыг өөрөө урлаж байжээ. Удирдаач Ч.Чинбат аавтайгаа адил мөн л дөлгөөн хүн аж. Хөвгүүдээ буруу зүйл хийхэд зэмлэхээс илүү учирлаж, тайлбарлаж ойлгуулахыг урьтал болгодог гэнэ. Ч.Амарбаясгалангийн хувьд өвөөгөө дагаж УДБЭТ-т, аавыгаа дагаад хуучнаар Хөгжим бүжгийн коллежи руу үргэлж  очно. Сургуульд ч ороогүй жаахан байхдаа Хөгжим бүжгийн коллежийн ариун цэврийн өрөөнд түгжигдээд нүүрээ халтайтал уйлж байсан хөгжилтэй дурсамж түүнд бий. Тухайн үед бүжгийн ангийн оюутан ирж хаалга онгойлгож өгснөөр хүү аврагджээ.

Морин хуурч Ч.Чинбатын Амарбаясгалан.

Ижий мөрөн

Ж.Чулуун агсан гэргийтэйгээ.

Ч.Амарбаясгалангийн ээж С.Наранцэцэг төгөлдөр хуурч мэргэжилтэй. Гарал угсааг нь тодорхойлбол мөн л урлагийн удамтай хүн юм байна. Тэрбээр ханьтайгаа Арменд танилцаж гэр бүл болжээ. Ч.Амарбаясгалангийн хувьд Хөгжим бүжгийн коллежид сурч байх үед нь аав ээж хоёр нь тус сургуульд багшилдаг байж. Хичээлийн завсарлагаанаар гурвуулаа таарна. Тиймээс хүүд нь аав ээжийнхээ нэрийг хөөдөхгүйн тулд онц сурахаас өөр сонголт байгаагүй гэнэ. Ээж нь ихэвчлэн хүүгийнхээ хичээлийг давтуулна. Үргэлж цэвэр гоё бич гэж сануулна. Ээжийнхээ ачаар хүү нь эрэгтэй хүүхэд гэхэд аюулын цэвэр бичигтэн байжээ. Ээж нь аавыг нь бодвол их зарчимч хүн байдаг юм байна. Хүний эх юм хойно болж бүтэхгүй бол үглэнэ. Харин аав нь яг л өвөөгийнх адил тэр бүр үглээд байхгүй. Харцаараа, үйлдлээрээ хэлэх гэснээ ойлгуулчихна. Ч.Амарбаясгалангийн хувьд Хөгжим бүжгийн сурагч байхдаа өвөөгийнхөө 60 насны ойгоор Улсын филармони болон УДБЭТ-ын оркестрын урд морин хуураа тоглож өвөөдөө бэлэг барьжээ. Энэ үед өвөө нь ачаараа, аав нь хүүгээрээ бахархаж байсан тухай гэгээн дурсамж хүүрнэсэн юм. Б.Дамдинсүрэн гуайн бүтээл “Хэнтийн өндөр ууланд” аялгууг Ж.Чулуун гуай сонсогчдын сэтгэлд мөнхөртөл эгшиглүүлсэн байдаг.  Харин түүний дараа хүү Ч.Чинбат нь тоглосон бол ач хүү Ч.Амарбаясгалан нь Тувад байхдаа морин хуураар эгшиглүүлжээ. Ийнхүү энэ бүтээл Монголын хөгжмийн урлагийн гурван үеийн уран бүтээлчдийн ур ухаанаар гурван удаа амилсан байна. Морин хуурч Ч.Амарбаясгалангаас та юугаар омогшиж бахархдаг вэ гэж асуухад “Би гурван үеийн хөгжимчин гэдгээрээ үргэлж бахархдаг. Агуу Ж.Чулууны ач, удирдаач Ч.Чинбатын хүү гэсэн алдраа сэвтээх учиргүй” гэж хариулсан юм. Сонин хэвлэлээр төдийлөн гараад байдаггүй, эгэл жирийн энэ гэр бүл Монголын хөгжмийн урлагт гэгээн зам татуулсан элит айл билээ. Би гэж цээжээ дэлдэх дургүй дэндүү даруухан морин хуурч Ч.Амарбаясгалантай өвөө,  аав, өөрийнх нь тухай хүүрнэж суухад “Их мөрөн дөлгөөн. Эрдэмтэй хүн” даруу гэх үг санаанд бууж байсан юм. Хийлийн хаан Ж.Чулууны аялгуу эгшиг түүний хүү Ч.Чинбатад өвлөгдөж, ач хүү Ч.Амарбаясгалангаар нь дамжин энэ цагт ч эгшиглэсээр байна. Эрхэм хүмүүний асгарсан их авьяас, аялгуу эгшиг нь  үеийн үед бүү тасраасай.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 25. ДАВАА ГАРАГ. № 82 (6814)