С.УЯНГА
Засгийн газраас зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох хуулийг санаачилсныг пүрэв гарагийн чуулганаар хэлэлцэв. Хуулийн гол үзэл санаа нь их эрсдэлтэйгээс бусад объектод төлөвлөгөөт хяналт шалгалт хийхийг болиулж байгаа гэдгийг УИХ-ын гишүүн, хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Н.Энхболд танилцуулав. Тэрбээр төлөвлөгөөт хяналт шалгалтыг хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд учруулж болзошгүй хор хохирол, үр дагаврыг харгалзан их эрсдэлтэй обьектод хийдэг байхаар хуулийн төсөлд тусгахаар санал боловсруулсан гээд энэ салбарт эрсдэлд суурилсан, төлөвлөгөөт хяналт шалгалтын аль аль нь хийгдэнэ гэсэн юм.
Мэргэжлийн хяналтын байгууллагаас өндөр эрсдэлтэй гэсэн 10 мянга гаруй объектод төлөвлөгөөт хяналт шалгалт хийдэг аж. Тэгвэл дээрх хуулийн төслийг УИХ-ын гишүүд дэмжсэнгүй. Улмаар МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа. Энэ үеэр хэн юу хэлснийг хүргэе.
Н.Энхболд:
-Хуулийг Засгийн газраас бизнесийн үйл ажиллагаа явуулж буй газруудад төрийн хяналт шалгалт явуулах эрх бүхий байгууллагуудаас давхардаж шалгалт хийдэг, дарамт учруулдаг байдлыг багасгах зориулалтаар яаралтай хэлэлцэх агуулгаар дэгээр оруулж ирсэн. Үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж буй байгууллага хариуцлагатай байх ёстой. Энэ дагуу дотоодын хяналт шалгалт, мониторингийг хийж явна. Төлөвлөгөөт шалгалт хийхгүй байгаа ч гэсэн эрсдэлийн үнэлгээг тогтмол хийж явна.
Н.Учрал:
-Иргэд хяналт шалгалтад итгэхээ больсон. Энэ хууль нуухыг нь авах гэж байгаад нүдийг нь сохолчих вий. Онцлоход, 2010 онд Эмнэлгийн хэрэгслийн хуулийг баталсан. Төрөөс эмийн талаарх бодлогыг гаргасан. Эргээд харахад урьдчилан сэргийлэх хяналтаар 2016 онд 519 нэр төрлийн эмийн бүртгэл бүртгэгдээгүй. Энэ хуулийг гаргаж ирснээр эмийн хяналтыг яах вэ. Төлөвлөгөөт хяналтыг хийхгүйгээр эмийн хяналтыг сайжруулна гэж байхгүй.Эмээр олон жил бизнес хийж, төлөөлөгч нараа яам тамгын газар оруулчихсан бүлэг үүсчихсэн. Эм эмнэлгийн хяналтын түр хороог байгуулах тогтоолын төслийг санаачилж байна.
Г.Тэмүүлэн:
-Хүнд суртал, дарамт, чирэгдэл гэдэг асуудлаа стандарт хяналттай хольж хутгаж байна. 30 жилийн хүнд суртал, дарамт шахалтаа гурван жил буюу 2024 оны сонгууль дуустал чөлөөлнө гэдэг агуулгаар ойлгож байна. Гурван жилийн хугацаанд хүнд суртал, дарамт шахалтыг байхгүй болгоно гэдэг буруу байна.
С.Бямбацогт:
-Төрийн нэрээр ард иргэдээ айлгадаг, сүрдүүлдэг, хүнд суртал үзүүлдэг тогтолцоотой явж байна. Хамгийн гол нь энэ хуулийг иргэдэд хэрхэн ойлгуулах вэ. Хуулийг хэрэгжүүлэх төрийн албан хаагчдын үзэл санаа хандлагыг яаж өөрчлөх вэ.
Н.Наранбаатар:
-Дэмжихгүй. Төрийн хяналт шалгалт, МХЕГ яагаад байдаг юм гэхээр иргэдээ учирч болох эрсдэлээс хамгаалдаг. Төлөвлөгөөт хяналтыг байхгүй болгож болохгүй. 2023 оныг хүнд суртал, дарамт шахалтыг байхгүй болгох жил гэж өөрсдөө дотроо зохион байгуулж, алдаа гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцдог байх ёстой.
Заавал хууль гаргаж, хяналт шалгалтыг сулруулж, аливаа эрсдэлийг бий болгох шаардлага байхгүй. Төрийн хяналт шалгалт цаашдаа давхардал байх ёсгүй. Татвар, нийгмийн даатгалаас торгууль тавьдаг. Заавал хууль гаргах гээд байгаа юм бол санхүүгийн хяналтыг гурван жил зогсоох нь зөв.
Б.Пүрэвдорж:
-Өнөөдрийн байдлаар махны экспортод гурван гэрчилгээ бичигддэг. Нэгдүгээрт, МХЕГ, мал эмнэлэг, Гаалийн байгууллагаас гэрчилгээ бичдэг. Махны үйлдвэрт тавьж буй хяналт шалгалтыг Мал эмнэлгийн газар тавьдаг. МХЕГ сүүлийн хоёр жил махны үйлдвэрт хяналт шалгалт хийгээгүй.
УИХ-ын гишүүн Д.Батлут:
-Хуулийн төслийг дэмжихгүй. Нийгмийн нөхцөл байдлаа бид зөв үнэлэх ёстой. Энэ хуулийг баталснаар гурван жилийн хугацаанд төлөвлөгөөт шалгалт явахгүй бол олон зүйл “гаарна”. Хүнсний аюулгүй байдал ямар байгааг та бүгд мэдэж байгаа. Хаана хэзээ үйлдвэрлэсэн нь мэдэгдэхгүй шахуу бүтээгдэхүүнийг бид хэрэглэж байна. Үүн дээр бид хяналт шалгалт тавих ёсгүй юу. Дарамт шахалтыг алга болгохын тулд төрөөс явуулж буй шалгалтын давхцлыг арилгах хэрэгтэй. МХЕГ зөвлөн туслах, эрсдэлээс хамгаалах үүрэгтэй. Төлөвлөгөөт шалгалтыг зогсоох ёсгүй.
Б.Баярсайхан:
-Дэмжихгүй. Хүнд цаг үед хувийн хэвшлээ дарамт учруулахгүй байхыг дэмжиж байна. Гэхдээ төрийн хяналт шалгалтыг гурван жилээр зогсоолоо гээд хувийн хэвшилд бодитой дэмжлэг болж чадах уу. Хамгийн их дарамт учруулдаг төрийн хяналт шалгалтын давхардал буюу цагдаа, МХЕГ шалгалт хийдэг. Тиймээс давхардлыг арилгах тал дээр ажиллах ёстой. Нэгдүгээрт хяналт шалгалтыг сулруулах хугацаанд эрсдэл гарвал хэн хариуцах вэ. Талбай дээр жассан залуус ажлаа хий гээд байгаа нь хээл хахуул, хүнд суртал, чирэгдэлээ арилгаад ажлаа хийхийг шаардлаа.
Т.Энхтүвшин:
-Хуулийг дэмжихгүй. Нэг ёсондоо ухарч байна. Урьдчилан сэргийлэх шалгалтыг алга болгох тал руу явж байна. Төрийн хяналт шалгалтын тухай хуулиа шинэчлээд реформ хийгээд явбал үр дүнтэй. Компаниуд дарамт шахалтыг арилгаж өгөхийг хүсч байгаа. Цаад талдаа байцаагч нарын шахалт их байна гэж ярьж буй. Төрийн байгууллага дотоод хяналтаа сайжруулах нь чухал. Суманд баригдаж буй соёлын төвүүд чанарын шаардлага хангахгүй байна. Байдал ийм байхад хяналтаа зогсооно гэж байхгүй. Эм, хөдөлмөрийн аюулгүйн байдлын хяналтаа чангалах хэрэгтэй.
Д.Сарангэрэл:
-Төлөвлөгөөт хяналт шалгалтыг зогсоовол аж ахуй нэгжүүд иргэдэд халтай үйл ажиллагаа явуулна гэж бодохгүй байна.. Covid-19-ийн дараа эдийн засаг 4.6 хувиар агшсан. Төсвийн хэмнэлтийн тухай хуулийг хэдэн жил ярилаа. Аргаа бараад Засгийн газар оруулж ирлээ. Энэ хууль аж ахуй нэгжээ дарамтаас чөлөөлнө. Засгийн газар төр аж ахуй нэгжүүдээ итгэх хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:
-МХЕГ-ын авлига системийн авлига болж хувирсан. Худлаа биш. Зарим нь авлига авахгүй яаж амьдрах юм бэ гэж ярьж байна. Хяналт шалгалт биш авлигалын асуудлыг шийдэх ёстой. Худлаа л ярьцгаагаад байна. МХЕГ-ыг өөрсдийг нь зохион байгуулах шаардлагатай. Гишүүд янз янзын болгоомжлол байгааг ойлгож байна. Одоо цагт эдийн засгийн эрх чөлөөг сайжруулах хэрэгтэй.
Ч.Хүрэлбаатар:
-Төр хийх ёстой ажлаа хийдэг байх ёстой. Ажлаа хийдэггүй учраас завхрал гарч, эрх мэдэлтнүүд дураараа туйлдаг. Энэ нөхцөлийг хангаж өгнө гэж хараад байна. Төр хийх ёстой ажлаа хийхгүй гэж байгаа бол төр байгаад яах юм. Нийгэмд буй олон завхрал нийгэмд ажлаа муу хийснээс болж байна. Тэгэхээр “шалгахаа больё”, эрх мэдэлтнүүд дураараа яваг гэдэг шийдвэрийг УИХ гаргах юм уу. Энэ хуулийг огт дэмжихгүй байна. Дарамт маягаар шалгадаг бол энэ Эрүүгийн хуультай холбоотой. Залуус ажлаа хий гэж шахаад байна гэж ойлгосон. Төрийн ажил хийж буй хүмүүс хандлагаа өөрчлөх ёстой болохоос биш огт шалгахгүй гэдэг агуулгаар хууль орж ирээд хэлэлцүүлж байгааг гайхаж байна. Шударга ёс тогтооход хортой зүйл болно. Хэчнээн гоё юм бодсон ч буруугаар бодох сэдэлтэй хүмүүс бий шүү.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 22. БААСАН ГАРАГ. № 81 (6813)