Ч.ЗОТОЛ

Ардчилсан намын 4:11 мэдээллийн цагаар  улс орны өнөөгийн байдал, эдийн засгийн асуудлаар тус намын дэд дарга  Ч.Отгочулуу мэдээлэл хийлээ. Тэрбээр Монгол Улсын эдийн засгийн эрүүл мэнд өнөөдөр  ямар байна вэ гэдэгт дүгнэлт хийсэн байна. Үүнийгээ тайлбарлахдаа   “Эрүүл эдийн засагт ажилгүйдэл 0-5 хүртэл хувьтай байдаг. Харин ядуурал  “0”  байх ёстой. Ямар ч ядуурал байх ёсгүй. Инфляц хоёр хувьтай байхад боломжийн гэж үздэг. Энэ нь өөрөө хөрөнгө оруулалтыг дэмждэг. Төгрөгийн ханш тогтвортой байж эдийн засаг өсч байх ёстой. Ялангуяа сүүлийн 10 жилд эдийн засаг нь  12 тэрбум ам.доллар дээр гацчихсан, дугуй нь хий эргэж байгаа манайх шиг улсын хувьд жил бүр эдийн засаг нь нэг тэрбум ам.доллараар өсч байх ёстой. Гэтэл ингэж чадахгүй байна. Засгийн газраас ажилгүйдэл найман хувьтай байгааг албан ёсоор мэдээлсэн. Гэтэл хөдөлмөрийн насны эмэгтэйчүүдийн хэд нь НДШ төлж байгааг судлаад үзэхэд  50 хувь нь ажилгүй байна. Өөрөөр хэлбэл, хоёр эмэгтэй хүн тутмын нэг нь ажилгүй байна. Ядуурлыг 30 хувьтай байна гэж үзэж байгаа, албан ёсоор. Инфляц 14 хувьтай байна гэж зарласан. Гэтэл зөвхөн талхны үнэ л гэхэд ганцхан жилийн дотор 63 хувиар өсчээ. Шатахууны үнэ 70 хувиар өссөн. Хүн амын хамгийн их хэрэглэдэг бараа бүтээгдэхүүний үнэ 70 хувиар өсчихөөд байхад инфляц найман хувьтай байна, үгүй 14 хувьтай байгаа гээд янз бүрийн тоо гаргаж ирээд байгаа нь бодит байдалтай нийцэхгүй. Ингээд үзэхэд Монголын эдийн засаг халуурч, өвчилсөн байна.

2020 онд манай эдийн засаг таван хувиар агшсан. 2021 онд  ердөө нэг  хувиар  өссөн. Жил болгон 100 мянган оюутан залуус хөдөлмөрийн зах зээл рүү орж ирж байгаа. Тэдэнд хангалттай цалин авах хөдөлмөрийн зах зээл алга. Манай эдийн засгийг нуур гэж үзвэл хатаж ширгэсэн, түүн дээр байгаа загас, нугас бүгд идэх хоолгүй болж байгааг энэ байдал харуулж байна. Энэ байдлыг Засгийн газар өөгшүүлж байна. Манай макро эдийн засаг ямар ч жолоодлогогүй болжээ” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn