С.НАМХАЙ

 

Цэргийн ангийн байлдааны туг нь дайчин уламжлал, эх орноо хамгаалах ариун үүрэг, цэргийн нэр төр, алдар гавьяаны илэрхийлэл болсоор ирсэн билээ. Оройн дээд шүтээн болсон байлдааны тугаа хүлээж авахаар догдлон буй ангийн бие бүрэлдэхүүн хаврын салхийг үл ажран зогсоно. Ёслолын тусгай ажиллагааны хувцастай алба хаагчид болон хугацаат цэрэг, эмэгтэй цэргийн алба хаагчид жигдрэн жагсчээ. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн хоёр дахь хэсэг, “Цэргийн дотоод албаны дүрэм”-ийн хоёрдугаар хавсралтын нэг дэх заалтыг үндэслэн Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар Хилийн цэргийн 0303 дугаар ангид “Монгол Улсын төлөө”, “Хилийн цэргийн 0303 дугаар анги” гэсэн үндэсний бичиглэлтэй байлдааны тугийг гардуулан өглөө.

Энэ үйл ажиллагаанд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн, хошууч генерал Ц.Сэргэлэн, ХХЕГ-ын удирдлагууд, Налайх дүүргийн Засаг дарга болон тус дүүргийн үндэсний аюулгүй байдлыг хангах тусгай чиг үүрэг бүхий байгууллагуудын дарга нар оролцов. Ангийн захирагч, хурандаа Д.Мөнбиш байлдааны тугийг хүлээн авч бие бүрэлдэхүүний өмнө хөл тавьж алхахад алба хаагчид ура цуурайтуулах нь нэн сүртэй. Түүхэн үйл явдлын гэрч болон зогсож буй алба хаагчид ангийнхаа хөгжил дэвшил, аранзал тугийнхаа намираанд баярын нулимсаа нуусангүй. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Монгол Улсын Их хурлаар батлагдсан “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газрын тогтоолоор хил хамгаалах байгууллагын нэгдүгээр зэргийн бэлтгэл хүч, хилийн цэргийн 0303 дугаар тусгай салбарыг анги болгон өргөтгөж, байлдааны аранзал улаан тугийг хүлээлгэн өглөө” гэсэн юм.

Хилийн цэргийн 0303 дугаар анги нь 1998 онд Батлан хамгаалах сайдын тушаалаар Дорнод аймгийн Чойбалсан сумын төмөр замын Чингисийн далан өртөөнд “Хилийн комендатур” нэртэйгээр байгуулагдсан түүхтэй. Гэвч Хилийн цэргийн удирдах газрын даргын 2001 оны тушаалаар татан буугдсан ч ХХЕГ-ын даргын 2007 оны тушаалаар Улаанбаатар хотын Налайх дүүрэгт Хилийн 0303 дугаар тусгай салбар нэртэйгээр дахин байгуулагдаж ХХЕГ-ын дарга, Хилийн цэргийн командлагчийн бэлтгэл хүчний тусгай үүргийг гүйцэтгэж эхэлсэн билээ. Хилийн 0303 дугаар тусгай салбарыг Монгол Улсын Засгийн газрын 2021 оны дугаар тогтоолоор Хилийн цэргийн 0303 дугаар анги болгон өргөтгөн зохион байгуулж ийнхүү алтан соёмбот байлдааны тугаа хүлээн авч буй юм. Хилийн цэргийн 0303 дугаар ангийн захирагч, хурандаа Д.Мөнбиш “Тусгай салбар маань анги болон өргөжиж, өнөөдөр байлдааныхаа тугийг хүлээж авлаа. Манай хамт олны өмнө маш том үүрэг хариуцлага ирж байна. Бид Монгол Улсынхаа хилийн халдашгүй дархан байдлыг хангахын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэх болно” гэв.

Ууланд авирч, усанд сэлэх гээд бүх төрлийн ур чадварыг эзэмшсэн Хилийн цэргийн 0303 дугаар ангийн алба хаагчдыг бид “Хилийн тусгайгийнхан” гэж нэрлэдэг. Учир нь хил орчмын дэглэмийг сахиулж, тусгай ажиллагаанд түлхүү оролцдог учраас ийн нэрлэсэн болов уу. Мөн орчин үеийн техник технологид тулгуурласан мэргэшсэн хилчид үүрэг гүйцэтгэдгээрээ онцлог. Энэ талаар ахмад хилчин, бэлтгэл дэд хурандаа В.Алтанхуяг “Биднийг ажиллаж байх үед тусгай салбарын бие бүрэлдэхүүн дөнгөж бүрэлдэж байсан учир хүн хүч, зэвсэг техник дутмаг байсан. Харин одоо орчин үеийн шинэ техник хэрэгсэл, байгалийн ямар ч саад тулгарахад үүргээ биелүүлэх шижигнэсэн залуусыг эгнээндээ нэгтгэжээ” гэсэн юм.

Хууль зүй, дотоод хэргийн сайд байлдааны тугийг “Цэргийн дотоод албаны дүрэм”-д заасны дагуу хадгалж, хамгаалахыг Хилийн цэргийн 0303 дугаар ангийн захирагч, хурандаа Д.Мөнбишд үүрэг болголоо. Мөн Хилийн цэргийн 0224 дүгээр тусгай салбар ХЦДБЧ-ын уран бүтээлчид аялгуу эгшиг, бүжгийнхээ дээжээс зочид төлөөлөгчдөд өргөн барилаа. Үүний дараа байлдааны тугаа гардаж авсан Хилийн цэргийн 0303 дугаар анги зэвсэг, техник хэрэгсэл, шинэ бүтэц орон тоогоо холбогдох хүмүүст танилцуулснаар арга хэмжээ өндөрлөсөн.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 21. ПҮРЭВ ГАРАГ. № 80 (6812)