С.УЯНГА

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ парламентад  Монгол Улсын 2022 оны Төсвийн тодотголын төслөө танилцуулав. Засгийн газраас нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан Монгол Улсын төсвийн тодотголыг дагалдах хуулиудын хамт өргөн барихдаа дөрвөн онцлог бүхий шийдлийг санал болгов. Л.Оюун-Эрдэнэ “Хөрш орнуудад эрчимжээд буй цар тахлын нөлөө болон зэвсэгт мөргөлдөөний хямралт байдлаас үүдсэн өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах зорилго бүхий “Гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-ийг яаралтай горимоор баталлаа. Хэрэв энэ эрхзүйн орчин бүрдээгүй байсан бол өргөн хэрэглээний АИ-92 бензиний үнэ 800-1000 төгрөгөөр нэмэгдэж, багадаа 3190 төгрөг болж, үнийн өсөлтийн огцом цочрол дахин үүсэх байлаа” гэв.

Засгийн газрын санаачилсан арга хэмжээний үр дүнд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 245.3 тэрбум төгрөгөөр буурч 15.5 их наяд төгрөг, зарлага мөн 245.3 тэрбум төгрөгөөр буурч, өмнөх батлагдсан түвшинд хүрэх аж.

Ерөнхий сайдын өргөн барьсан төсвийн тодотголыг  тоймлон хүргэе. 

 

ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ АНХДАГЧ ХУУЛЬ

 

-УИХ болон Засгийн газрын харьяа агентлагууд болон төрийн өмчит үйлдвэрийн газрууд дэд дарга, орлогч даргатай байхыг хориглох.

 

-Нийслэлийн Засаг дарга хоёр хүртэл, аймаг, дүүрэг, сумын Засаг дарга нэгээс илүү орлогч даргатай байхыг хориглох.

 

-Улаанбаатар хотод том оврын автомашин хэрэглэх, орон нутагт албан томилолтоос бусад тохиолдолд төрийн албан хаагчид төсвийн зардлаар албан тушаалын автомашин ашиглахыг хориглох,

 

-Төсөвт байгууллагын 9800 автомашиныг багадаа 60 гаруй хувиар бууруулж, цаашид төр машин эзэмшдэггүй болох суурь реформын эхлэл тавигдана.

 

-Төсөвт байгууллагын удирдлагууд бие дааж, орон тоо нэмэх шийдвэр гаргах, үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, олговор, урамшуулал олгохыг хориглох,Төсвийн тодотголоор конторын барилга зургаа, наадмын талбай зэрэг нийт 33 арга хэмжээг хассан.

 

-Эдгээр арга хэмжээний үр дүнд үйл ажиллагааны болон удирдлагын зардал 20 гаруй хувиар хэмнэгдэж, 1500 гаруй орон тоо хасагдана.

 

ҮНИЙН ӨСӨЛТӨӨС СЭРГИЙЛЭХ, ИРГЭДИЙН АМЬЖИРГААГ ДЭМЖИХ

 

-Нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлсөн нэг сая төгрөг болон түүнээс доош орлоготой даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг сар бүр буцаан олгох.

 

-Хүүхдийн 100 мянган төгрөгийг мөнгөн хэлбэрээр үргэлжлүүлэн олгох.

 

-Дотооддоо хүнс үйлдвэрлэх, хүнсний нөөц бүрдүүлэх, хаврын тариалалтын бэлтгэл ажлыг хангах, дөрвөн улирлын хүлэмж, агуулах, зоорь барихад зориулж нэг их наяд төгрөгийн гурван хувийн хөнгөлөлтэй зээлийн хүүгийн татаасыг улсын төсвөөс олгох,

 

 -Импортын гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн болох цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тосны үнийн өсөлтийн дарамтыг бууруулах зорилгоор импортын гаалийн албан татвараас чөлөөлөх,

 

-Дотоодод үйлдвэрлэсэн ургамлын тосыг нэмүү өртгийн албан татвараас чөлөөлөх.

 

-“Гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-ийн хэрэгжилтэд 100 орчим сая доллар зарцуулна.

 

ТӨРИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙГ ОЛОН НИЙТИЙН ШУУД ХЯНАЛТАД ОРУУЛАХ

 

-Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг олон нийтийн шууд хяналтад оруулах, нээлттэй, ил тод засаглалыг бүрдүүлэхийн тулд “Монголын хөрөнгийн бирж”, “Монголын цахилгаан холбоо”, “Мэдээлэл холбооны сүлжээ”, "Мэдээлэл, технологийн үндэсний парк", “Үндэсний давхар даатгал” болон авто замын засвар ашиглалт, цахилгаан түгээх сүлжээ зэрэг төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг дотоодын хөрөнгийн биржээр дамжуулна.

 

-Нэг иргэн, хуулийн этгээдэд ногдох оролцоог таван хувиас хэтрүүлэхгүй байх, улс төрд нөлөө бүхий этгээдүүдийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдийн оролцоог хязгаарлана.

 

-Засгийн газар хуулийн засаглал, хөрөнгө оруулалтын эрүүл орчин, зах зээлийн чөлөөт өрсөлдөөнийг бүх талаар дэмжиж, төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх бодлогыг тууштай баримтална.

 

-Жам ёсны бизнесийн орчныг хамгаалахын төлөө байгалийн баялаг, олон нийтийн өмчийг завшихын тулд нөлөөллөө тогтоосон хуулиас дээгүүр бүлэглэлтэй хатуу тэмцэнэ.

 

УЛААНБААТАР ХОТЫН ХЭТ ТӨВЛӨРЛИЙГ СААРУУЛАХ

 

-Хоёр настай хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчид хувьсах зардлыг олгох.

 

-Хөдөө, орон нутагт шилжин суурьшиж, анх удаа орон сууц худалдаж авах иргэдийн ипотекийн зээлийн хүүгийн 50 хувийг төсвөөс санхүүжүүлж, иргэд хүсвэл орон сууцны урьдчилгаа төлбөрийн 60 хувийг төр батлан даах.

 

-Хөдөө, орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор, бизнес эрхлэх иргэн, аж ахуйн нэгжүүдэд нэг хувийн хөнгөлөлттэй зээл олгох.

 

-2023 оноос хойш хэрэгжих дулаан, цахилгааны төслүүд борлуулалт хийж эхэлснээс хойш гурван жил 90 хувь, дараагийн гурван жил 50 хувиар тус тус орлогын татвараас хөнгөлөх.

 

-Орон нутагт шинээр үйл ажиллагаа эхлүүлж байгаа уул уурхайн лиценз эзэмшдэгээс бусад аж ахуйн нэгжүүдийг дэмжих зорилгоор орлого олж эхэлсний дараагийн гурван жил 90 хувь, дараагийн гурван жил 50 хувиар орлогын татварыг хөнгөлөх.

 

 -Уул уурхайн лиценз эзэмшдэггүй компани нийслэлд байршилтай үйлдвэр, агуулахаа орон нутаг руу нүүлгэсэн тохиолдолд нүүлгэн шилжүүлэлтийн зардлыг 50 хувиар нэмэгдүүлэн тооцож татвар ногдох орлогоос хасах.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 21. ПҮРЭВ ГАРАГ. № 80 (6812)