Б.ОД

УИХ-ын Нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн түр хорооны  хуралд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх асуудал, шийдэл” сэдвээр танилцуулга, мэдээлэл хийв. 

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг тэгш, хүртээмжтэй болгох зорилгоор ойрын хугацааны 10 шийдлийг боловсруулсан гэдгийг Л.Энх-Амгалан сайд танилцууллаа.

Тэрбээр, “Бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулахад шинээр 280 цэцэрлэг барих шаардлагатай. Нийслэлд жилд дунджаар 60-70 мянган хүн шилжин ирдэг гэж тооцвол улсын төсвийн хөрөнгөөр цэцэрлэгийн хүртээмжийн асуудлыг шийдэх боломжгүй. Иймээс цэцэрлэгийн барилгыг улс, нийслэлийн төсөв болон төсөл хөтөлбөрийн санхүүжилтээр барихын зэрэгцээ цэцэрлэгийн зориулалттай барилгыг түрээслэх, байгууллагын дэргэдэх цэцэрлэгийн үйл ажиллагааг дэмжих, хувийн цэцэрлэгүүдийн сул орон зайд хүүхэд хүлээн авах боломжийг бүрдүүлэхэд анхаарна. Ингэхдээ хүүхдийн тоогоор хувьсан зардал болон хоолны зардлыг олгохоор тооцсон. Алслагдсан гэр хороололд “Өргөө” цэцэрлэг барих ажлыг эрчимжүүлэх бөгөөд энэ онд хоёр цэцэрлэг барихаар төсөвт суулгасан байгаа” гэв.

Мөн ачаалал өндөртэй 57 цэцэрлэгийн найм нь орон сууцны, 26 шинэ хорооллын дунд байршилтай байгаа учраас орон сууцны нэг давхрыг цэцэрлэгийн зориулалтаар худалдаж авах, өөрийн газар дээр цэцэрлэг барьсан тохиолдолд төрөөс дэмжиж татварын хөнгөлөлт үзүүлэх талаар арга хэмжээ авна гэдгийг хэлсэн юм. 

 Мөн хүүхэд харах үйлчилгээг шинэ шатанд гаргахад анхаарч 2-3 насны хүүхдийг хүүхэд харах үйлчилгээнд хамруулахаар төлөвлөжээ. Ингэснээр ачаалал өндөртэй 57 байршилд 5000 гаруй хүүхдийг хүүхэд харах үйлчилгээнд хамруулах боломжтой гэсэн судалгааг хийсэн байна. Мөн цэцэрлэгт хамрагдаж чадаагүй хүүхдүүдэд хувьсах зардлыг олгодог болох асуудлыг судалж, тооцооллыг хийсэн гэдгийг онцоллоо. 

Эх сурвалж:www.polit.mn