С.САРУУЛ

Хөгжлийн банкны хянан шалгах түр хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарыг сонгожээ. Тус банкны хянан шалгах түр хороог УИХ-ын 11 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Тодруулбал, Д.Батлут, Э.Батшугар, Б.Бат-Эрдэнэ, Ж.Бат-Эрдэнэ, Л.Мөнхбаатар, Ц.Мөнхцэцэг,Ж.Сүхбаатар, Б.Энхбаяр, Ж.Батсуурь, Н.Ганибал, Т.Доржханд нар багтсан юм.

Хөгжлийн банкны хянан шалгах түр хорооны дарга УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар “Парламентын түүхэнд анх удаа Хяналт шалгалтын түр хороог байгууллаа. Өмнө нь байгуулагддаг байсан ажлын хэсгүүдээс түр хороо нь нотлох баримт дээр суурилдгаараа ялгаатай. Мөрдөн байцаах, шүүх дээр нотлох баримтыг л тал бүрээс цуглуулж үнэлж дүгнэнэ. Хянан шалгах шаардлагатай бол гэрчийг дуудаж шинжээч томилно. Хамгийн гол нь бид хуулийн заагийг давах ёсгүй. Манай намын хулгайч, таны намын хулгайч гэж байхгүй. Ганцхан Монголын эсрэг хулгайч л гэж байгаа. Энэ нь Монголын хөгжлийн эсрэг үйлдэл юм. Шаардлагатай зарим үед цөөнхийн төлөөлөл түр хороог даргалахыг үгүйсгэхгүй. Хөгжлийн банкны асуудал дээрх эрх барьж буй МАН-ын бүлэг санаачлагатай ажиллана. Манай нам дотор нэр холбогдсон гишүүд бий. Тэглээ гээд тэднийг өмгөөлж хамгаалсан ямар нэгэн үйл ажиллагаа явуулахгүй” гэдгийг онцлов.

Эх сурвалж: www.polit.mn