Д.ЦЭРЭННАДМИД

 

Миний уулзсан нэг уран дархан нөхөр ингэж хэлсэн юм. Бурхан ухаан дархан хүнд заяадаг аа гэж.  Энэ үгийг нь үнэн болохыг өөрийнх нь амьдралын замнал “хэлж” өгнө л дөө. Өмнөговь аймгийн Манлай сумын уугуул, таван үе дамжсан уран дархан  хүн л дээ. Нямбуугийн Ихтөр. Тэрбээр говийн их ноён Сэврэй хийцийг өвлөн уламжилж яваа жинхэнэ дархан хүн юм билээ. Түүнтэй “Гүн дөш” урлангийн өрөөнд нь уулзаж төсөрхөн ярилцахад “Би Монголын дархчуудын “Түмэн Эрдэнэс” холбооны гишүүн, алт мөнгөний дархан. Үндсэн мэргэжил маань багш гэсэн даруухан танилцуулгаар яриагаа эхэлсэн юм.

 

-Таныг удамтай дархан хүн гэж сонссон. Энэ тухайгаас чинь яриагаа эхлэх үү дээ?

-За тиймээ. Би удамт хүний нэг. Хуланц болон элэнц эцэг, бас өвөг эцэг маань үе дамжсан уран дархан улсууд байсан юм билээ. Тэр дотроос манай элэнц эцэг Б.Ванчин гэдэг хүн таван хүүтэй. Тавуулаа нутаг хошуундаа нэртэй дархчуул байж. Тэдний нэг нь манай аав Жанцангийн Нямбуу юм.

Үүх түүхээс нь товч хэлбэл, 1945 оны чөлөөлөх дайнд оролцож явсан. Үндсэн мэргэжил нь түүх, нийгмийн ухааны багш, Монгол бичгийг бол гаргууд эзэмшсэн нэгэн байсан. Доктор Чой Лувсанжав багштай хамтарч монгол бичгийг залуу үед сургахын төлөө зүтгэж явсан нэгэн. Тэгэхдээ чөлөөт цагаараа дарх хийж байсан тун уран хүн байв. Манайхан удмаараа ажилсаг, авьяаслаг хүмүүс байж дээ. Өвөг эцэг Данзан гэхэд монголтой, төвд, хятад хэлээр уншиж бичдэг байсны гадна монгол дээл, арьсан эдлэл сайхан хийдэг, морь мал,  хээ угалз зурна, хатгамалч, үлгэр туульс, ерөөл магтаал уншина, хэлнэ. Ер нь нэг биед ямар их авьяас чадвар багтааж байсан юм гэмээр хүн байсан гэж аав минь ярьдагсан. Тэр удмын ур дүйн хэлтэрхий надад дамжиж ирж л дээ.

-Удам гэдэг сайхан юм. Түүнийгээ улам төгөлдөржүүлэх гэж байна биз?

-Ур дүй гэдэг юмыг чинь мэдлэгээр цэнэглэж байж бүтээл хийх хэмжээнд хүрнэ шүү дээ. Миний хувьд дунд сургуульд байхдаа Монголын пионерийн ордны сийлбэрийн дугуйланд явдаг байлаа. Дараа нь Үндэсний урлагийн дунд сургуулийг алт, мөнгөний дархны мэргэжлээр төгссөн. Зураг, хөдөлмөрийн багш болсон. Ер нь зогсолтгүйгээр мэдэх чадахын төлөө явсан гэх үү дээ.

-Би гарын уртай хүн гээд суугаад байсангүйеэ дээ?

-Дархан хүн олон талын мэдлэгтэй байх ёстой. Уранзураг, алгебр, хими, физик, геометр гээд таван том сургалт бий. Зураач биш бол яаж шинэ бүтээл хийхэв, хими, физикгүйгээр яаж металтай ажиллахав. За тэгээд түүх, язгуурын талын судалгаа хийдэг байх учиртай. Тиймгүйгээр дархан хүн гэж өөрийгөө хэлбэл учир дутагдалтай л даа. Бүтээл гарах эхний ажил бол зураг. Зургийг өнгөтөөр бас хараар зурна. Тэгэхдээ жирийн зураг биш хэмжээ, хийцийг нарийн гаргаж зурна. Хийц харуулсан зургаа дараа нь хэсэг хэсгээр нь томруулж зурна. Их нарийн. Бурхан зурахад тэг гэж байдаг шиг хагас милиметрийн зөрүүтэй зурвал алдаа гэсэн үг.

Нэг зүйлийг хэлэхэд хүн модоор сийлбэр баримал хийгээд дараа нь металл руу шилжих нь дөхөмтэй юм шиг байна лээ. Би өөрийн жишээгээр хэлж байгаа юм.

-Бүтээл гээд ярьвал 50 гаруй жилийн хөдөлмөрийн дүнг хэлж барамгүй байх. Тэр дотроос онцгой гэж үзэх бүтээлээсээ нэрлэнэ үү?

-Анхны томоохон бүтээл гэвэл 1972 онд Пионерийн ордны сийлбэрийн дугуйланд байхдаа хуш модоор 20 см өндөртэй азарганы сийлбэр хийсэн маань Кубын удирдагч Фидель Кастрод бэлгэнд очиж байсан.

Түүнээс хойш хийсэн онцлог бүтээлүүд миний суралцаж ажиллаж байсан газруудад үлдсэн. Арцын үндэс, хуш модыг хослуулан сийлсэн монгол шатар маань Пионерийн ордны үзмэрийн санд, Дарьганга хийцийг дууриалган шинэ санаа оруулж хийсэн эмээлийн мөнгөн тоног мөн суралцаж байсан Дүрслэх урлагийн дунд сургуульд бий.

Хаш хуйтай, хаш иштэй хутга, мөнгөн утсан сүлжмэл хийц бүхий хэт гээд цогцоор нь бас есөн эрдэнийн шигтгээтэй мөнгөн хайрцагтай, ногоон хаш дээр алтан сүлжмэл гаргаж урласан аяга гээд Монгол Улсын эрдэнэсийн санд хадгалагдаж байгаа бүтээлүүд бий.

Түүх соёлын зүйл сэргээн засварлах газарт сургалтын мастер байхдаа битүү хөөмөлдөх аргыг эзэмшиж Эрдэнэзуу, Заяын гэгээн, Манзушир, Амарбаясгалант хийдүүдийн оройн ганжир, бодь гөрөөс хорол болон бусад чимгийг урлан бүтээлцсэн.  “Мандухай сэцэн хатан”, “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны баатруудын хуяг, дуулга, зэр зэвсгээс хийлээ.

Монголбанкны тамгыг хийхдээ хайрцгийг цалин цагаан мөнгөөр хөөмөлдөж мөнгөн утсан сүлжмэлээр хийж алтаар шармалдаж урласан.  Мөн Гонгор бурхныг мөнгөн гүнгэрваатай нь бүтээсэн гээд яриад байвал дуусашгүй.  Өөрөө санаачилгаараа дархны урлалын сэдэвт түүхэн кино хүртэл бүтээлцэж үзлээ.

Өнөөдрийг хүртэл уран дархан, гар урлалын төрлөөр өөрийн гэсэн онцлогтой брэнд бүтээгдэхүүн хийж олон түмэндээ үйлчилж байна.

-Таны дээрх бүтээлүүдээс харахад монгол дархны бүх төрлийг эзэмшсэн нь ажиглагдлаа?

-Дархан хүнд бурхан ухаан бий гэж монголчууд ярьдаг даа. Тэгэхээр тэр бурхан ухаанд чинь бүх юм багтаж байгаа юм. Жинхэнэ дархан хүн зураач, сийлбэрч төдийгүй алт, мөнгө ямар ч металлаар урлаач байх учиртай. Зүгээр нэг ээмэг бөгж, аяга хийгээд би дархан гэж баймгүй. Иймээс би гарт баригдсан бүхнээр Монголын уламжлалт бүх аргаар бүтээл урлахыг эрмэлзэж ирсэн. Зорьсон бүхнээ бараг хийсэн. Уран дархан хүний бүтээл түүхэнд үлдэж байгаа нь хамгийн том шагнал юм даа.

-Монгол дархны ухаанд хийцийн олон арга чиглэл бий. Дарьганга, Ноён Сэврэй, Батноров хийц гэж ... Үүнээс та аль хийцийг голлон ажилладаг вэ?

-Аль алинаар нь урлана даа. Гэхдээ уламжлалт гар хийцийг голлодог. Тиймдээ бүтээлүүд маань дахин давтагдахгүй шинж чанартай болдог гэж болно. Дарьганга хийц  дан гараар хийгддэг. Батноров буюу Тожил дархны хийц цутгамал гэж ярьдаг тал бий.  Тэгвэл аль алинд нь уламжлалт гар ажиллагаа голлодог сүлжих, хөөмөлдөх, цутгах бүх арга бий. Харин анхны үүсэл талаас нь тийм ялгаатай ярьж хэвшсэн юм.

-Та говийн хүн. Удам чинь ч тийм. Тиймээс Ноён Сэврэй хийцийг нэлээд шүтнэ биз?

-Жаахан баримжаа байдаг ч аль ч хийцээр нь би урлаж үзсэн, бүтээсэн. Гол нь аль хийцэд нь ур сэтгэлгээний илүү юм байна, алинд нь эдэлгээ даах чадвар шингэсэн юм. Тэр бүхнийг нийлүүлж бодоод өөрийн гэсэн өнгө төрхтэй бүтээл хийх л миний зорилго байдаг.

Гар хийцийн бүтээл тун гайхамшигтай. Би дан мөнгөөр сүлжсэн бүс хийсэн. Яг л даавуу гэж андуурагдахаар зөөлөн болсон. Мөнгө чинь маш нарийн хийц гаргаж болдог металл. Хаш аягыг 99 хувийн сорьцтой алтаар чимэглэж хаш суурьтай хийгээд мөнгөн сүлжмэл хайрцагтай хийсэн. Энэ бол цорын ганц бүтээл.

Гар хийцийн бүтээл хэзээ ч дахин давтагдашгүй эд. Бас нэг удаа нэг үйлчлүүлэгч дөрвөн хүчтэнтэй мөнгөн аяга захиалахад нь тэр дөрвөн хүчтэнг төлтэй нь хийж байлаа. Лууг зулзагатай нь, барыг бамбартай нь гэх зэргээр. Ийм л урлалыг цааш хөгжүүлэх юмыг би их боддог юм.  Манай Ноён Сэврэй хийцийн мөнгөн аяга ёроолдоо хажтай байдаг. Энэ нь нүүдэлчин монголчуудын амьдралд зохицсон эдэлгээ сайтай болгодог.

Миний бүтээл хэт хутга байлаа ч эмээл хазаар ч тэр Монголд байдаг хийц бүхний ур, хэв маягыг шингээсэн өнгө төрх бий.

-Аль нэг хийцийг гарал үүсэл талаас нь авч үзэж ярьдаг гэж та хэлнэ лээ. Энэ тухайгаа жаахан тодруулна уу?

-Дарьганга хийц яаж үүссэн бэ гэвэл тэр нутгийнхан Манжийн мал сүргийг хариулдаг байж. Тэгээд мал адуулсны цалин пинлүүг нь цалин цагаан мөнгөөр тавьдаг болсон юм гэдэг. Мөнгийг дагаад шүр, сувд их орж ирсэн.

Хаана материал байна тэнд урчууд юмаа хийнэ биз дээ. Өөр нутгаас ч тэнд дархчуул нүүж очсон гэдэг. Дарьганга урлал ингэж хөгжсөн эхлэлтэй. Тэгвэл Тожил гэдэг дархан хүн Хан Хэнтийгээс хаа байгаа Хөвсгөл рүү очиж нэг дархны цутгуур хийдэг аргад 10-аад жил суралцсан түүх бий. Тэгээд нутагтаа буцаж ирээд цутгуур гэдэг арай хялбар аргаар бүтээлээ хийсэн юм гэдэг. Ингэж Батноров хийц үүссэн. Үүнээс өмнө дан гараар цохиж, хөөмөлдөж хийж байсан юм билээ.

-Дарх хийхэд хамгийн түвэгтэй арга гар хийц биз?

-Тийм л дээ. Гэхдээ гар хийц голлосон бүтээл хамгийн гоёмсог хийгээд содон байдаг. Содон гэдэг нь хийцийн хувьд дахин давтагдахгүй нэг л бүтээл байдаг гэсэн үг.

Гар хийц гэдэг монгол технологи юм л даа. Харин дэлхийгээр дэвшилттэй арга технологи бий болж байгааг дагаад монгол дархны ажил бас боловсронгуй болсоор байна. Хамгийн наад зах нь бид зургаа гараар зураад суухаа больж байна.  Зургийг 3D, 4D гэсэн программаар компьютерт хийчихэж байгаа.Металл хөөмөл хийхэд металл дээрээ дүрсээ  тавиад пресс машинаар дарж товойлоод зөвхөн засаж янзалдаг болчихлоо.

 Чулуун дээр сийлбэр хийх цахилгаан багаж бий болсон гээд олон дэвшил гарлаа шүү дээ. Гэхдээ л дархны урлалд гар ажиллагаа хамгийн нандин зүйл хэвээр. Монголын өв уламжлал гэдэг юм хэзээ ч мартагдашгүй юм.

-Та нэг түүхэн кино хийсэн гэлээ?

-1990-2000 онд би “Чилүгэн” хоршоо, “Шигэртэй” нэгдлийн захирал,  эх загвар зохиогч байхдаа өөрөө санаачилж хэсэг уран бүтээлчийн хамт IX зууны үеийн түүхэн сэдэвт “Эргүүнэ хонгийн домог”  гэдэг бүрэн хэмжээний уран сайхны кино хийсэн юм. Монголд анхны хувиараа хийсэн кино л доо. Агуулга нь гэвэл монгол дархчуудын түүх гэж болно.

-Тэр түүхээ жаахан дэлгэрүүлээд яриач?

-Киноны зохиолыг түүхийн ухааны доктор, угсаатны зүй судлаач Х.Нямбуу бичсэн. Тэгээд бүх зохион байгуулалтын ажлыг би хариуцаж байлаа. Үйл явдал гэвэл монголчууд хүнхээрүүдэд /хүнхээр гэж туркүүдийг тэгж нэрлэж байв/ ялагдаад хойшоо зугатаж Сибирьт Эргүүнэ хавцал гэдэгт очсон. Тэнд 400 жил болохдоо 70 гаруй отог болж өссөн. Тэгээд эх нутаг руугаа явах болсон чинь хавцлын ам хаагдаад гарцгүй болсон.

 Уул нүхэлж гаръя гэтэл уул нь цул төмрийн хүдэртэй учир ухах нөхцөлгүй байсан. Гэтэл урианхай дархчуул нь олон үхрийн ширээр хөөрөг хийж “бух дарах” аргаар хөөрөгдөж уулыг нүхэлж гарч ирсэн. Тэгээд Орхоны хөндийд товлон нутагтаа эзэн суугаад байсан туркүүдийг Алтайн уулс давуулан хөөж гаргасан тухай түүх л дээ.Түүнээс хойш монголчууд дархчуулаа шүтэх болсон юм билээ. Дөш тахих ёслол ч тэр үеэс эхтэй гэдэг юм. Дархан хүн бурхан ухаантай гэсэн үг ч тэр үед гарсан болов уу.

Чингис хааны үед гэхэд “дөш тахих” ёслол хийдэг байж л дээ. Шинийн нэгэнд хийнэ.  Дөшөө хоймортоо залаад идээ будаа засаж айл хотлоороо дөшиндөө мөргөж хүндэтгэл үзүүлээд шинийн гурван дуустал дөшөө амраадаг байсан тухай түүхэнд байдаг. Одоо ч гэсэн Далай Чойнхорын нутгийн удамд уг ёслол мартагдаагүй дуулддаг юм.

-Та бас арьсан урлал сонирхож, хийдэг тухай дурссан даа...?

-Арьсан урлал нь Монголын нэг өв юм. Хүннүгийн үеэс эхтэй гэдэг. Эрт үеийн монголчууд арьсан хуяг дуулга өмсдөг, бамбай хэрэглэдэг байжээ. Түүхээс үзэхэд хөө хуягныхаа гадуур нь дээлээ өмсөөд дээр нь ялтсан дуулга, арьсан хуяг агсдаг байсан юм билээ.

Үүн дээр түшиглэж киноны хувцас хэрэглэл хийхэд оролцож байлаа. “Мандухай сэцэн хатан” киноны Исмайл гэдэг түшээ Мандухайг хөнөөх үедээ арьсан хөө хуягтай байдаг. Тэр миний бүтээл юм шүү дээ. Ер нь малын арьс шир бол гайхамшигтай эдийн нэг. Дээр үед монголчууд арьсыг битүү аргаар утаж боловсруулж төмрийг орлохуйц болгон хэрэглэж байсан гэдэг. Тухайлбал, цагаан гүүний арьсыг гурван жил өнжсөн хөх хомоолоор утаад хийсэн савны дотор байгаа цэгээ нь харагдаж байсан тухай түүхэнд гардаг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 15. БААСАН ГАРАГ. № 76 (6808)