С.УЯНГА

 

Европын холбоо, түүний гишүүн болон түнш улс орнуудаас Монгол Улсад суугаа Элчин сайд нар Украинд болж буй хурцадмал нөхцөл байдлын талаар дуу хоолойгоо нэгтгэж буйгаа мэдэгдлээ. Хуралд Европын холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаас гадна Франц, Канад, Герман, Чех, Польш, Болгар зэрэг улс орноос Монгол Улсад суугаа Элчин сайд нар оролцож байр сууриа илэрхийлэхдээ цаашид ОХУ-аас эрчим хүч, нефть, хүнс зэрэг эдийн засгийн бүх хамаарлаа бууруулна гэсэн юм.

 

Европын холбооноос Монгол Улсад Суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд хатагтай Аксель Никейз:

-Европын холбоо ОХУ-ын зэвсэгт хүчин Украин руу довтолж, түрэмгийлж байгааг эрс шийдэмгий буруутгаж байна. Түүнчлэн Беларусь улсыг энэхүү цэргийн түрэмгийлэлд нэгдэн орж байгааг буруу гэж үзэж байгаа. Оросын түрэмгийлэл нь Олон улсын хууль, хүмүүнлэгийн хуулийг зөрчиж, дайны гэмт хэргийг үйлдэж байна.  Үүнтэй холбоотойгоор ЕХ-ны гишүүн орнууд Украинд бүхий л дэмжлэг үзүүлж, түүхэндээ байгаагүй хориг арга хэмжээ нэвтрүүлсэн. Эдгээр хоригт эдийн засгийн болон хувь хүмүүст чиглэсэн хоригууд орж байна. Тодруулбал, Орос болон Беларусийн 877 хүн, 62 ААН-ийг хамруулж, хоригоо нэвтрүүлсэн. Үүнд АНУ, Их Британи, Канад, Норвеги, Өмнөд Солонгос, Япон, Австрали зэрэг орнууд нэгдэж байгаа бөгөөд бусад 40 орон энэхүү хоригт хэсэгчлэн нэгдэж байна. Энэхүү хориг нь түрэмгийлэл үйлдэж байгаа улс орны эдийн засагт өртөг зардал дагуулах бөгөөд ЕХ-д ч тийм хямд арга хэмжээ биш юм гэдгийг мэдэгдэж байна. Бид хориг арга хэмжээг цаашдаа ч үргэлжлүүлэх болно.

 

Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Себастиан Сүрүн:

-Украин  Оросын цөмийн зэвсгийг өөрийн нутаг дэвсгэрээс гаргасан түүхтэй. Энэ дайн найман жилийн өмнө эхэлсэн. Олон улс дайнаас улбаалж, эдийн засгийн багагүй хор уршиг амсаж байгааг бид ойлгож байна. Учир нь Оросын арми хөдөө аж ахуйн томоохон салбарт хор уршиг үзүүлсэн. Ялангуяа Хар далай дахь бүс нутаг маш их хор хохирол амсаж байна. Энэ бүс нутаг дахь  хүнсний үнийн хөөрөгдөл өндөр байна. Энэ дайны улмаас Монгол Улс шиг улс орнуудад валютын ханштай холбоотой томоохон цохилтод орж байна. Монгол шиг Оросын хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүн, хүнс болоод төмөр замын тоног төхөөрөмжүүд импортолдог орны хувьд маш их хүндрэлтэй тулгарч байна. Франц болон бусад улс орнууд хүнс болоод хөдөө аж ауйн салбарыг энэхүү үр дагавар, хор уршгийг намжаах чиглэлээр хамтарч ажиллаж байна. Монгол Улсын хүнсний аюулгүй байдлыг хангахад Франц улс тууштай ажиллана. Урт хугацаанд хүнсний аюулгүй байдал, эрчим хүчний салбарын биеэ даасан байдалд хамтарч ажиллана. Мөн Оросын эсрэг тогтоож буй хориг Монголд нөлөөлөхгүй байдлаар өөрсдийн зүгээс бид анхаарлаа хандуулан ажиллаж байна.

 

БНЧУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ян Витопил:

-Чех улс Украиныг бүрэн дэмжиж, Оросын түрэмгийллийг эрс буруушааж байна. Олон Улсын Эрүүгийн шүүхээс дайны гэмт хэргийг асуудлаар өөрсдийн мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн. Одоогоор 40 гаруй улс Олон Улсын Эрүүгийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэж би ойлгож байна. Чех улс Монгол Улсын эдийн засгийн асуудалд хамтарч ажиллаж байна.

 

БНПУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Кшиштоф Бойзо:

-Украин дахь хүмүүнлэгийн хямралтай холбогдуулаад түүнчлэн маш олон эмэгтэйчүүд хүүхдүүдийн нулимс асгаруулж байгаа энэ дайныг эрс эсэргүүцэж байна. Манай улс Украинаас дүрвэсэн 2 сая 700 мянган хүн хүлээж авсан. Ингэснээр дэлхий дээр хамгийн олон дүрвэгсэд хүлээн авсан орны нэг болсон. 

 

БНБУ-ын Элчин сайдын яамны Хэргийг түр хамаарагч Валентин Ангелов:

-Энэхүү дайны улмаас олон сая украинчуудын амьдралын нөхцөл доройтож, нутгаа орхиж дүрвэх байдалд хүргэж байна. Болгарын зүгээс хүмүүнлэгийн болон бусад тусламж хүргүүлж байна. НҮБ болон ТББ, Улаан загалмайн нийгэмлэгтэй хамтарч бидний зүгээс туслалцаа үзүүлж байна. Одоогийн байдлаар Болгар улс Украинаас 75 мянган дүрвэгсдийг хүлээн авсан.  Мөн хүмүүнлэгийн туслалцаанд 185 мянган ам.долларын зардал гаргаж байна. Бид Украины ард түмэнтэй эв нэгдэлтэй байгаа гэдгээ илэрхийлэхийн зэрэгцээ 1.7 сая еврог Засгийн газар болон ард иргэдээс дүрвэгсдэд зориулж байна.

 

ХБНГУ-ын Элчин сайдын яамны Дэд тэргүүн хатагтай Регина Рутенберг:

-ОХУ буруу үг хэллэг хэрэглэж, буруу ташаа мэдээлэл цацахдаа идэвхтэй ажиллаж байна. Ташаа мэдээллийн хүрээнд олон улсын яриа хэлэлцээнд нөлөөлж, Украинд болж байгаа бодит зургийг гажуудуулахыг оролдож байна. Бид сайтар гярхай харах ёстой. Нэг бүрэн эрхт улс нөгөө бүрэн эрхт улс руу ийм зэвсэгт халдлага хийнэ гэдэг байж боломгүй зүйл. ОХУ-ын зүгээс энэ түрэмгий дайныг цэргийн тусгай ажиллагаа гэж нэрлэж байна.

 

ИБУИНВУ-ын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филип Малон:

-ОХУ олон улсын хуулийг зөрчиж байна. Олон Улсын хүмүүнлэгийн хуулийг ноцтой зөрчиж, Украинд цэргийн гэмт хэрэг үйлдэж байна. Олон улсын Эрүүгийн хэргийн шүүх гуравдугаар сарын 16-нд өөрсдийн шийдвэрээ гаргасан. ОХУ, Хятад эсрэг санал өгсөн. Эрүүгийн шүүхээс гарсан шийдвэрийг ОХУ үг дуугүй биелүүлэх учиртай.ОХУ хэдийгээр эсэргүүцэж байгаа ч үй олноор устгах дайны гэмт хэрэг газар авсан нь тодорхой байна. Ямар ч улс орон геноцид үйлдэх эрхгүй.

 

Канад улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Катрин Ивкоф:

-Канад улс Ерөнхийлөгч Путины шалтгаангүйгээр Украинд үйлдсэн түрэмгийллийг эрс буруутгаж байна Энэ бол хүний эрхийг зөрчиж байгаа тод илэрхийлэл. Монгол Улсын иргэдийн хувьд энэхүү түрэмгийллийн эсрэг өөрсдийн дуу хоолойгоо нэгтгэж байна гэж ойлгож байгаа. Орос, Украины хооронд санал нэгдэхгүй асуудал бий. Түүхэн улбаатай олон асуудал байгаа. Гэхдээ энэ бол зөвхөн Орос, Украины асуудал биш юм. Бусад орнуудад ч ийм үл ойлголцох явдал байдаг. Эдгээр үл ойлголцох асуудлыг яриа хэлэлцээгээр шийдвэрлэдэг. Жижиг гүрнийг том гүрэн түрэмгийлэх замаар хэзээ ч шийдвэрлэж болохгүй. Ингэснээр улс орны дэд бүтцийг устгаж, украинчуудыг үхэлд хүргэж байгаа нь байж болшгүй, тэвчиж болшгүй зүйл юм.

Олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс эрс буруутгаж байна. Канад Украины Засгийн газар эр зоригтой ард түмэнтэй хамт байгаагаа илэрхийлж байна. Хүмүүнлэгийн зорилгоор 45 сая ам.долларыг зарцуулж байна. Монголын эдийн засагт энэ үйл явц хэрхэн нөлөөлж байгааг бид анхааралтай ажиглаж байна.

 

АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клечески:

-АНУ-ын байр суурь тодорхой. ЕХ-ны байр суурийг дэмжиж байгаагаа илэрхийлж байна. Европын холбоо Украины асуудлаар зүй зохистой мэдээлэл гаргасан. Бид ОХУ-д байсан бол ийм мэдээлэл хийж чадахгүй байсан. Учир нь Орост хэвлэлийн эрх чөлөө, мэдээллийн хүртээмжтэй байдал  зөрчигдөж байдаг. Мөн Фэйсбүүк, Инстаграм, Твиттер зэрэг Оросын болон олон улсын мэдээллийн сайтуудаас салгасан. Энэ дайны хувьд учир шалтгаангүй, харгис түрэмгийлэл болж байгааг давтан хэлж байна. Украины хот суурин газрыг бөмбөгдөж, хүмүүнлэгийн маш том хямралд хүргэж, хүний эрхийг ноцтой зөрчиж байгаа явдал юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 14. ПҮРЭВ ГАРАГ. № 75 (6807)