С.УЯНГА

 

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Тагнуулын байгууллагын тухай хуулийг өнгөрсөн гуравдугаар сард УИХ-ын даргад өргөн барьсан. Одоогоор байнгын хороогоор дэмжигдээд явж буй. Гэтэл Тагнуулын байгууллагын тухай хуулийг өөрчлөх үндэслэл, заалт нь бараг ганцхан асуудалд төвлөрч байгаа гэхэд хилсдэхгүй. Тодруулбал, Тагнуулын ерөнхий газрын бүтцэд байдаг цэргийн тагнуулын байгууллагыг Зэвсэгт хүчинд шилжүүлэх өөрчлөлтийг оруулж ирлээ. Нэг ёсондоо, зэвсэгт хүчин цэргийн тагнуулын байгууллагаа ТЕГ-аас  буцааж авч буй хэрэг юм. Үүнийгээ  тагнуулын байгууллагын тогтолцоог шинэчлэх гэж тайлбарлаж байгаа.

Олон улсын нөхцөл байдал, хувьсан өөрчлөгдөж буй аюул заналтай холбоотойгоор анхаарах, сэрэмжлэх зүйлс нэмэгдэж байгаа нь зүй. Гэхдээ цэргийн тагнуулын байгууллага гэсэн бие даасан бүтцийг Зэвсэгт хүчний мэдэлд сэргээн байгуулах үндэслэлийг харвал эрх мэдэл, зөрчилдөөнтэй гэмээр хэд хэдэн заалт  анзаарагдана. Ингэхдээ ҮАБЗ-өөс эхлээд улсын нууц мэдээллийг авах эрхтэй нэгжид өгч буй тагнуулын байгууллагын мэдээлэл, зөвлөмж “төгс” биш байна. Өөрөөр хэлбэл, ТЕГ сул ажиллаж байна. Мэдээлэл өгөхдөө олон шат дамжлагаар хугацаа алдаж байна гэсэн санаа цухалзаж буй юм. Тиймээс Тагнуулын ерөнхий газар, Цэргийн тагнуулын байгууллагыг салгаж нэгнээс нь хараат бус бүтэцтэй болгож зарим хамаарах зохицуулалтыг хүчингүй болгох юм.

Түүнчлэн Цэргийн тагнуулын газар өмнө нь Зэвсэгт хүчний жанжин штабын харьяанд байхад ЗХЖШ-ын удирдлага улсын нууцтай холбоотой мэдээллийг ямар ч шат дамжлагагүй шууд авч, үүссэн цагийн байдалд нийцсэн шийдвэрийг хугацаа алдахгүйгээр гаргах давуу талтай байсан. Гэтэл өнөөдөр энэ байдал удааширч, шат дамжлага олширч, хугацаа алдсанаар цэргийн ямар ч шатны удирдлага тогтоосон хугацаанд оновчтой шийдвэр гаргах боломж хязгаарлагдсан. Ялангуяа, Зэвсэгт хүчний жанжин штабын стратегийн команд-штабын сургуулилт, төлөвлөлт, явцад ихээхэн бэрхшээл үүсгэж байна. Өөрөөр хэлбэл, цэргийн мэргэжлийн удирдлагын дээд байгууллага нь харьяа байгууллагадаа үүрэг өгч хэрэгжүүлдэг тогтолцоо алдагдсан гэж хэлж болно.

ЗХЖШ, Хуурай замын цэргийн командлалын бүтцэд тагнуулын хангалтыг нэг албан тушаалтан хариуцан ажиллаж байгаа нь зэвсэгт хүчний анги, салбарын ерөнхий цэргийн тагнуулын дарга, салбар, нэгжийг иж бүрэн, мэргэжлийн удирдлагаар удирдан зохион байгуулах боломжгүй байдлыг үүсгэж, мэргэжлийн боловсон хүчний залгамж халаа алдагдахад хүрээд байна. Тиймээс Цэргийн тагнуулын байгууллагыг зэвсэгт хүчний бүтцэд сэргээн байгуулснаар оперативын болон тактикийн тагнуулын байгууллагуудын тогтолцоо бүрдэнэ гэж хууль санаачлагчид үзжээ. Үүгээр зогсохгүй салан тусгаарлах үзэлтэн, террорист бүлэглэлүүд, тэдгээрийн үйл ажиллагаа, зэвсэгт тэмцэл явуулж байгаа арга хэлбэр, хүч хэрэгслийн талаарх мэдээллийг олзворлох, дүгнэлт гаргах, цэргийн анги, салбарыг болзошгүй ажиллагаанд бэлтгэх үүргээ биелүүлэхэд зэвсэгт хүчний бүтцэд цэргийн тагнуул байхгүйгээс холбогдох байгууллагуудыг мэдээллээр хангах үүргээ биелүүлж чадахгүй байна гэжээ. Мөн Зэвсэгт хүчний жанжин штабын бүтцэд байсан цэргийн тагнуулын байгууллагыг ТЕГ-ын бүтцэд шилжүүлснээр хийдэл, зөрчил гарсан гэв.

Тагнуулын байгууллагын хууль өөрчлөгдсөнөөр Цэргийн тагнуулын байгууллагын даргыг Тагнуулын ерөнхий газрын даргад танилцуулж, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга томилно. Цэргийн тагнуулын байгууллагыг Зэвсэгтч хүний жанжин штабын харьяанд шилжүүлэхтэй холбогдсон шилжилтийн хугацааг 2022 оны долдугаар сарын 30-ны өдрийн хүртэл гэж өөрчлөхөөр байнгын хороогоор дэмжээд байгаа юм. Хуулийн төслийг байнгын хороогоор хэлэлцүүлэхэд  Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр ахалж, тус яамны ТНБД, ЗХЖШ-ын дарга, ТЕГ-ын дарга, хошууч генерал П.Одонбаатар нарын хүмүүс оролцож байгаа юм.

Тагнуулын байгууллагын хуулийн өөрчлөлттэй хамт Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн хуулийг өргөн барьсан. Уг хуулиар Зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, тагнуул, төрийн тусгай хамгаалалт, цагдаа, шүүхийн шинжилгээ, авлигатай тэмцэх, онцгой байдлын асуудал эрхэлсэн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч, цэрэг, цагдаагийн сургуулийн сонсогч нарт тэтгэвэр, тэтгэмж тогтоож, олгохтой холбоотой олон салбарын алба хаагчдын нийгмийн хамгаалал, эрх зүйн байдалтай холбогдох харилцааг зохицуулдаг. Тэгвэл нэмэлт өөрчлөлтөөр дээрх байгууллагуудын эмэгтэй алба хаагч нарын жирэмсний болон хүүхэд харах чөлөөтэй байх хугацааны эрүүл мэндийг даатгалын шимтгэлийг төлөх зохицуулалтыг нарийвчлан тусгаж буй аж.

Түүнчлэн цэргийн алба хаагч цэргийн тэтгэвэр тогтоолгоод Ахмад настны тухай хуульд заасан насанд хүрээгүй байх хугацаандаа нас барсан тохиолдолд  оршуулгын зардал олгогддоггүй хуулийн хийдэл байгааг засаж, тус хуулийн төслөөр цэргийн тэтгэвэр авагч эрэгтэй 60, эмэгтэй 55 нас хүрээгүй байх хугацаандаа нас барсан тохиолдолд ар гэрт нь оршуулгын зардлыг төрөөс хариуцан олгож байх эрх зүйн зохицуулалтыг шинээр нэмж оруулжээ.  

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 13. ЛХАГВА ГАРАГ. № 74 (6806)