-Эдийн засгийн хямрал, үнийн өсөлттэй холбоотойгоор Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар үүрэг чиглэлийнхээ дагуу арга хэмжээ авч эхэллээ. Төсвийг хэмнэх талаар төрийн өндөрлөгүүд ямар байр суурь илэрхийлснийг хүргэе-
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх:
-УИХ, Засгийн газар харилцан уялдаа холбоотой байж, ажлаа сайжруулах, дотоод нөөц бололцоогоо бүрэн дайчил. Ор нэр төдий биш дорвитой арга хэмжээнүүдийг авах шаардлагатай. Монгол Улс цаашдаа тусгаар тогтносон эдийн засгийн хараат бус, бие дааж амьдарч чаддаг улс орон болох шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Сэтгэл, зориг гаргаж ажилла. Шаардлагатай гэвэл төсөвт тодотгол хийж болно. Тодорхой асуудлуудыг шийдэх хэрэгтэй. Ард түмэндээ худлаа хэлж болохгүй.
Байгаа нөхцөл, хөрөнгө мөнгөө үнэнээр хэлэх хэрэгтэй. Чадах, чадахгүйгээ хэлж бай. Ард түмэн ойлгоно. Юу болох гээд байгааг хэлэхгүй болохоор тэд бухимдаж байгаа. Хэрэгцээгүй бүх зардлыг тана. Байнгын хороодын дарга болон Засгийн газрын гишүүд шуурхай ажилла.
УИХ-ын дарга Г.Занданшатар:
-Төрийн бүх шатны байгууллагын зардлыг 10-аас доошгүй хувиар хэмнэх, бүтэц, чиг үүргийн давхардлыг арилгах, зардлыг бууруулах ёстой. Төрийн байгууллагын зарим чиг үүргийг хувийн хэвшил, ТББ, мэргэжлийн холбоодод шилжүүлэх, төрийн үйлчилгээг цахимжуулах шаардлагатай. Төсвийн байгууллагын их засвар, тохижилт, тоног төхөөрөмж худалдан авах болон зөвлөх үйлчилгээний зардлыг тэвчих, төрийн болон орон нутгийн өмчит компани, үйлдвэрийн газруудын зардлыг 30-аас доошгүй хувиар хэмнэх замаар төсөвт төвлөрүүлэх татварын болон ногдол ашгийн орлогыг нэмэгдүүлэхээр судалж байна. Мөн үйл ажиллагаа нь давхардсан, үр ашиг багатай төрийн болон орон нутгийн өмчийн аж ахуйн нэгж, байгууллагуудыг өөрчлөн байгуулах, татан буулгах нь зүйтэй.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
-Засгийн газраас Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн үнийн өсөлт хомсдолоос урьдчилан сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг боловсруулан нэн яаралтай горимоор хэлэлцэх саналыг өргөн мэдүүлсэн. Энэ хуулийг УИХ-аар дөрөвдүгээр сарын 15-ны дотор амжуулж хэлэлцүүлэн эцэслэн батлуулна. Засгийн газар олон улсын хямралт байдлын үед шаардлагатай бүх арга хэмжээг авч, хэмнэлтийн тусгай горимд COVID-19-ийн үед шилжсэн тогтоолыг сэргээсэн. Үүнд төрийн албан хаагчид том оврын автомашиныг Улаанбаатар хотод ашиглахгүй байх. Хөдөө орон нутагт нэгдсэн журмаар дуудлагын автомашиныг хэрэглэнэ. Төрийн албан хаагчдын тасалгаанд метр, квадратын шалгуур тавих болон бусад хяналттай холбоотой асуудлыг шийдвэрлэлээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 12. МЯГМАР ГАРАГ. № 73 (6805)