С.УЯНГА

 

УИХ-ын баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос Ерөнхий сайдад, Ш.Адьшаагаас Эрчим хүчний сайдад хандаж “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлын явц, түүнтэй холбоотой авч хэрэгжүүлэх бусад арга хэмжээний талаар” тавьсан асуулгын хариуг сонслоо. Эрдэнэбүрэнгийн УСЦ-ын хөрөнгө оруулалтыг Засгийн газрын 2018 оны тавдугаар сарын 30-ны өдрийн 160 дугаар тогтоолоор БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр төлөвлөөд байсан юм. Төслийн нийт төсөвт өртөг 288.5 сая ам.доллар болох бөгөөд хөрөнгө оруулалтаа 19.5 жилд нөхөх тооцоо гаргажээ.

Чуулганы хуралдааны үеэр Эрдэнэбүрэнгийн УЦС-ын талаар хэн ямар байр суурь илэрхийлснийг хүргэе.

 

-Эрчим хүчний сайд Н.Тавинбэх:

-2022 онд 91 өрхийг нүүлгэн шилжүүлэх санхүүжилт улсын төсөвт суусан. Төслийн нөлөөлөлд өртөж буй дийлэнх иргэд газар өмчлөх эзэмшлийн гэрчилгээгүй байгаа нь одоо мөрдөгдөж буй хууль тогтоомжийн дагуу иргэдийн газрыг үнэлэх, нөхөн олговрыг ижил түвшинд тогтооход хүндрэл учруулж байна. Иймд нөлөөлөлд өртөж буй Увс аймгийн Өмнөговь сумын Улиаст багийн 125 өрх, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Цэцэгт багийн 145 өрхөд 2022-2024 онд иргэн бүрт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 36 сараар тооцсонтой тэнцүү хэмжээний нөхөн олговор олгоно. Нүүлгэн шилжүүлэх зардлыг олон улсын туршлагын дагуу малчдын амьжиргааг дээшлүүлэх ажлыг зохион байгуулж, шинээр усалгааны системтэй малын тэжээлийн ургамал тарих талбай болон бэлчээр бэлтгэх жижиг, дунд үйлвэрлэл эрхлэх, шинээр өвөлжөө, хаваржааны газар олгох, шинэ багийн төвийг төлөвлөх зэргээр ажлыг цогцоор нь хэрэгжүүлнэ.

 

-УИХ-ын гишүүн Н.Ганибал:

-УЦС-ыг гацаасан Увсын нөхдүүд АН-ынх гэж яриад, энэ том төслөө унагаж болохгүй. Төслийг явуулахаар шийдсэн бол Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч томилдог юм уу, эсвэл төслийн удирдагч нар газар дээр нь очоод ажилллах хэрэгтэй. Өөрсдөө газар дээр нь ажиллахгүй бол төсөл урагш явахгүй.

 

- УИХ-ын гишүүн Б.Бейсен:

–Айл өрхийг нүүлгэлээ гэхэд хаваржаа, өвөлжөө барих газар ховор. Тэнд хоёр том оршуулгын газар бий. Уг асуудлыг хэрхэн шийдэх вэ?

 

- УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:

-Иргэд болон төр хоорондоо ойлголцохгүй байгаа нь төслийн байгаль орчны үнэлгээ хийсэн компанитай холбоотой. Нөлөөллийн бүсэд орсон хүмүүсийн амьдрах орчин, шийдэх шийдлүүдийн талаар маш хариуцлагагүй ажиллаж байна. Ховд аймгийн иргэдийн асуудлыг оруулаагүй байсан. Сүүлд сумын Засаг дарга 17 өрхийн асуудлыг нэмж оруулж ирсэн. Тэнд 1300 орчим иргэн байна. Иргэн нэг бүрийн асуудлыг ярихгүй өрхөөр нь багцаалж хийдэг үнэлгээ гэж байхгүй.

 

-УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Нэг өрх дунджаар 120-150 сая төгрөгийн нөхөн олговор олгох юм байна. Засгийн газрын шийдвэрийг биелүүлэхгүй, дээр нь Хятадын Элчин сайд руу бичиг явуулсан ИТХ-ын даргад заавал хариуцлага тооцоорой. Эрдэнэбүрэнгийн УЦС баригдсанаар баруун таван аймаг цахилгаанаар бүрэн хангагдаж, эрчим хүчний системийг Ховд аймагт авчирна. Үүний үр дүнд Дөргөний УЦС нийтдээ 12 Мкв, Мянгадын нарны цахилгаан станц 10 Мкв, нийтдээ 22 Мкв эрчим хүчийг Ховдод өөрийнх нь үнээр борлуулах боломжтой. Дөргөний УЦС 1 Мкв-ыг 36 төгрөгөөр үйлдвэрлэдэг. Бага үнээр эрчим хүчээ хангавал Ховд аймаг үйлдвэрлэлийн диваажин болно. Хүн бүр ажлын байртай болно. Эрдэнэбүрэнгийн УЦС 2025 онд ашиглалтад орно. 2024 онд АН Ховд аймагт ялах болно. Тэр үед дээрх бодлогыг бид хэрэгжүүлнэ.

 

-УИХ-ын гишүүн Г.Ганбат:

-270 өрхөд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 36 дахин үржүүлээд, нэг айлд дунджаар 15 сая төгрөг өгнө гэж ойлгосон. Гэтэл өөр ойлголт гараад ирлээ. Биет бус нөхөн төлбөр нь ямар хуулийн зохицуулалтаар явах юм бэ. Иргэн бүрд 15 сая төгрөг өгөхийн тулд 1251 өрхийг нэг өрх нь дунджаар дөрвөн хүнтэй гэж тооцвол нийтдээ 70-80 тэрбум төгрөг шаардагдах юм биш үү. Өвөлжөө, хаваржааны газрыг нүүлгэхтэй холбоотой зардал олгох нь зөв.

 

-УИХ-ын гишүүн Н.Тавинбэх:

-Нөлөөлөлд 270 өрхийн 1251 иргэн өртөж байна. Одоогийн эрх зүйн зохицуулалтаар зөвхөн нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой зардал болон үндсэн хөрөнгийн үнэлгээ хийж нөхөн олговор олгоно. Энэ нь малчин иргэдэд тохирохгүй буюу нөхөн олговрын хэмжээ хэт бага гарч байна. Эрдэнэбүрэнгийн УЦС-ын нөлөөлөлд автаж байгаа айл өрхийн 100 орчим нь 270 мянган төгрөгөөс 10 сая төгрөг аваад 20-30 жил нутагласан өвөлжөө, хаваржаагаа орхиод нүүх шаардлага тавьсан. Тиймээс Засгийн газраас нөхөн олговрын хэмжээг нэмэгдүүлэхийн тулд Засгийн газрын тогтоолоор нөлөөлөлд өртсөн иргэн бүрт 15.1 сая төгрөг олгохоор болсон. Өнгөрсөн гурван сарын хугацаанд гүйцэтгэгч шалгарч, гэрээ байгуулсан. Зээлийн тусгайлсан хэлэлцээр байгуулах хүсэлтийг Сангийн яам Хятадын Экзим банкинд хүргүүлсэн. Тус банк хүсэлтийг хүлээн авч хэлэлцэл эхлүүлсэн. Иргэд нарийвчилсан үнэлгээний дүнд мөн сэтгэл дундуур байгаа учраас үнэлгээг дахин хийж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 11. ДАВАА ГАРАГ. № 72 (6804)