М.СУРА

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дүүргүүдийн Засаг дарга нарын хамт /2022.04.05/ Улсын бүртгэлийн ерөнхий газар /УБЕГ/-т ажиллалаа. Энэ үеэр УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан Нийслэлийн Засаг дарга болоод дүүргүүдийн дарга нар ойлголцож ажиллахын тулд бүртгэлийн байгууллагыг зорин ирж буй анхны тохиолдол гэдгийг тодотгосон юм.

Нийслэл Улаанбаатар хотод албан ёсны бүртгэлтэй иргэдийн тоо 1.6 сая боловч түр оршин суугч, богино хугацаагаар ирж буй хүмүүсийг тооцвол аль хэдийнээ 1.8 саяд хүрсэн гэдгийг бүртгэлийн байгууллагынхан онцолсон. Нэг дүүргийн бүртгэлийн байгууллагаар  үйлчлүүлж буй хүний тоо нэг аймгийнхаас 4-5 дахин их байдаг аж. Иймээс бүртгэлийн байгууллагын ажил үйлчилгээг цахимжуулах шаардлага зайлшгүй гарч байна. Гэхдээ бүртгэлийн байгууллагын үйлчилгээ харьцангуй хөнгөн, хялбар болсныг өнөөдрийн уулзалтаас харж болохоор байлаа. Иргэн нэг хорооноос нөгөө рүү шилжихийн тулд өмнө нь нэг хорооноос хасалт хийлгээд, нөгөө хороонд бүртгүүлдэг  байсан бол одоо бүртгүүлэх газраа бүртгүүлэхэд шилжиж явсан хорооны бүртгэлээс автоматаар хасагддаг болсон байна. 

Мөн гадаад пасспорт захиалахын тулд иргэд заавал зургаа авахуулаад, угаалгаж бүртгэлийн байгууллагад очдог. Үүний оронд тухайн газартаа зургийг нь аваад, хэвлэгч машинтай шууд сүлжээгээр холбож, иргэн зургаа кодоор хийн, пасспортоо захиалах боломжтойг танилцуулж байлаа. Бүртгэлийн байгууллага нийт 2.15 сая үйлчилгээг цахимаар үзүүлж, иргэдээс гарах зардлыг 30 тэрбумаар хэмнэсэн байна.

Уулзалтын үеэр Хотын дарга Улаанбаатар хотод цахим шилжилт хийх цаг нь болсон гэдгийг тодотгосон юм. Тэрбээр үргэлжлүүлэн “Улаанбаатар бол хүн амын нягтаршил суурьшлын хувьд томоохон  хотуудын зиндаанд хүрсэн. Тиймээс бид маш сайн зохион байгуулалт хийх хэрэгтэй. Хөрөнгө санхүүгийн эх үүсвэр босгох, түүгээр дамжуулан нийгмийн хүлээгээд буй эрүүл, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох боломж бий. Төрийн байгууллагын уялдаа холбоо маш чухал.

Хүнд суртлыг багасгах, авлигыг бууруулах үндсэн хүчин зүйл нь цахим шилжилт. Цахим шилжилтийг хийхийн тулд УБЕГ-ын платформтой холболт хийж, шуурхай зохион байгуулалт хийнэ. Автомашины бүртгэл, үл хөдлөх хөрөнгө, газрын бүртгэлийн хувьд Улаанбаатар хотод хүндрэлтэй байгаа. Үүнийг эрх зүйн хувьд шийдэх ёстой.

Нөгөөтэйгүүр, бүртгэлийг хот хариуцдаггүй, өөр газар, яаманд харьяалагддаг. Бүртгэл, татвар хоёр салшгүй холбоотой байх ёстой. Дээрээс нь Улаанбаатар хот газрын асуудлаа шийдэж, үнэлгээ, татвараа тогтоож чадахгүй байгаа. Иргэдэд нээлттэй бирж болоод явъя гэхээр бас л эрх зүйн хувьд яамд болоод дээд шатны байгууллага нь салгаад аваад явчихдаг. Энэ бүхэн эргээд нийслэлийг хөрөнгийн чадваргүй, хөгжиж дэвжихгүй байгаа үндэс нь болчихоод байгаа юм. Төсвийн хараат байдлаар их хотын амьдралыг авч явахгүй гэдэг нь нотлогдоод байгаа. Бүртгэлтэй байж ухаалаг зохицуулалтыг хийнэ” гэв.

УБЕГ-аас энэ жилээс төрийн үйлчилгээний шинэ төрлийн киоск машин нэвтрүүлж байгаа бөгөөд Чингэлтэй дүүрэг болон хоёр аймагт туршилтын журмаар ажиллуулж эхэлжээ. Энэ машин нь 18 төрлийн лавлагаа буюу иргэний улсын бүртгэл, хуулийн этгээдийн улсын бүртгэл, эд хөрөнгийн улсын бүртгэлийн үйлчилгээг  төлбөртэй болон төлбөргүйгээр авах боломжийг бүрдүүлж байгаагаараа онцлог юм байна. Цаашид Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвүүдэд дөрвийг, дүүргүүдэд хоёрыг нэмж байршуулахаар төлөвлөжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 7. ПҮРЭВ ГАРАГ. № 70 (6802)