С.УЯНГА

 

Төрийн ордон өчигдөр хөл хөдөлгөөн, үйл явдал дүүрэн өнжлөө. УИХ-аас танилцуулсан “D-Parliament” цахим платформыг сонирхохоор 1000 гаруй зочин ирсэн бол Ерөнхийлөгч архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээг бууруулах зарлиг гаргасныг Тамгын газрынхан танилцуулж, олон улсын нөхцөл байдалтай холбоотойгоор эдийн засагт ямар арга хэмжээ авах талаар Ерөнхий сайд танхимын сайд нартайгаа зэрэгцэж суугаад сэтгүүлчдийн асуултад нээлттэй хариулав. Ийнхүү өчигдөр Төрийн ордонд төрийн гурван өндөрлөг давхацсан өдөр тохиолоо. Тэдний бодлого, шийдвэрийг тоймлон хүргэж байна.

 

Я.Содбаатар: АРХИНЫ ХАТУУЛГЫГ БУУРУУЛЖ, ТАТВАРЫГ НЭМЭГДҮҮЛНЭ 

 

Монгол Улсын Ерөнхийлөгч архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээг бууруулах “Засгийн газарт чиглэл өгөх тухай” зарлигийг гаргаж, архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй хүн амын эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдал, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах зорилго бүхий “Эрүүл монгол хүн” хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэн ажиллахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд чиглэл болголоо. Зарлигийг ЕТГ-ын дарга Я.Содбаатар танилцуулав.

-Монгол Улс дахь архи, согтууруулах ундааны үйлдвэрлэлийн нийт биет хэмжээ 2020 оны байдлаар 120.5 сая литр байна. Мөн оны байдлаар манай улсын 21-ээс дээш насны нэг иргэнд жилд 54 литр архи, согтууруулах ундаа ногдож байгаагаас 12 литр нь хатуулаг өндөртэй архи, 42 литр нь шар айраг болон бусад согтууруулах ундаа байна. Энэ нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тогтоосон аюулгүй хэрэглээний хэм хэмжээнээс өндөр байгаа юм. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгч архи, согтууруулах ундааны хэрэглээг бууруулах чиглэлд бодлогын болон эрх зүйн өөрчлөлт хийх шаардлагатай. Мөн “Халамжаас хөдөлмөрт” шилжих суурь шинэтгэлийн хүрээнд ажлын байрыг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар архи, согтууруулах ундааны хэрэглээг бууруулах нийгэм, эдийн засгийн цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэх.

Архи, согтууруулах ундааны хууль бус үйлдвэрлэл, борлуулалттай тэмцэх арга, хэлбэрийг боловсронгуй болгох, цахим техник, технологид суурилсан хяналтын тогтолцоог бүрдүүлэх, түүнд оногдуулах эрүүгийн болон зөрчлийн ял, шийтгэлийн бодлогод өөрчлөлт оруулах. Хорт зуршлаас ангид шинэ үеийг төлөвшүүлэх хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж, их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн болон ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт архи, согтууруулах ундаа, түүнээс үүдэн гарах хор уршиг, сөрөг нөлөөг сурталчлан таниулах агуулгыг тусгах. Согтууруулах ундааны шошгон дээр согтууруулах ундааны хор уршиг, сөрөг нөлөөний талаарх анхааруулга, санамж байршуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх ёстой гэж үзсэн. Онцгой албан татварын ангилал, шатлалд өөрчлөлт оруулах замаар 38 хувийн хатуулагтай этилийн спирт агуулсан архи, согтууруулах ундааны хатуулгийг 10 жилийн хугацаанд жил бүр хоёр хувиар бууруулах, архи, согтууруулах ундаанд ногдуулах онцгой албан татварын орлогоос хавдрын эмнэлэг, донтох өвчнийг эмчлэх төв болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийг байгуулна. Мөн ажлын байрыг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар архи, согтууруулах ундааны хэрэглээг бууруулах нийгэм, эдийн засгийн цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай. Төрийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдээс зохион байгуулж буй хүлээн авалт, албан ёсны баяр, ёслолын арга хэмжээнд өндөр хатуулагтай этилийн спирт агуулсан архи, согтууруулах ундааг хэрэглэхийг бүрмөсөн хориглох зэрэг онцлох арга хэмжээг зарлигт тусгалаа.

Өнөөдөр Монгол Улсад мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, ард иргэдийн архины хэрэглээний түвшинг аваад үзвэл өндөр хатуулагтай спиртийн агууламж бүхий архи, согтууруулах ундааны хэрэглээ өндөр, үүнийг дагаад үүсэж буй гэмт хэрэг, эрүүл мэнд, гэр бүлийн хүчирхийлэл зэрэг сөрөг үр дагавар маш их байна.

Дэлхийн олон оронд өндөр хатуулагтай архи, согтууруулах ундааны хатуулгийг үе шаттай бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Тиймээс бид архины хатуулгийг үе шаттай бууруулах бодлого хэрэгжүүлж, архины зөв, зохистой хэрэглээг төлөвшүүлнэ гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, өнөөдөр 40 хувиас дээш хатуулагтай этилийн спирт агуулсан архи, согтууруулах ундааны онцгой албан татвар 15660 төгрөг байгаа. Үүнийг өөрчилж, 36 хувиас дээш хатуулагтай этилийн спирт агуулсан архи, согтууруулах ундааны онцгой албан татвар 15660 төгрөг болно гэсэн үг. Ингээд 10 жилийн хугацаанд жил бүр хоёр хувиар бууруулах юм. УИХ-ын хаврын чуулганаар Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх хуульд шинэчилсэн найруулгаар өөрчлөлт оруулж, зарлигийн заалтуудыг тусгана.

 

Г.Занданшатар: ХУУЛИЙН ТӨСӨЛД ХҮН БҮХЭН САНАЛАА ӨГЧ БОЛНО

 

УИХ-ын үндсэн үйл ажиллагаа болох хууль тогтоох үйл хэрэгт иргэд, олон нийтийн оролцоог хангахад чиглэсэн “D-Parliament” цахим системийг хэрэглээнд нэвтрүүллээ. Нээлтэд УИХ, Засгийн газрын гишүүд, төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, хэвлэл мэдээлэл, олон улсын байгууллагын төлөөлөл зэрэг нийт 2200 гаруй хүн танхим болон цахимаар оролцсон юм. Цахим платформын нээлтэн дээр УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлсэн үгийг хүргэе.

-Үндсэн хуулийн гуравдугаар зүйлд “Монгол Улсын засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” хэмээн зааж төрийн үйл хэрэгт иргэдийн оролцоог хангах эрх зүйн үндсийг тавьсан байдаг.Түүнчлэн энэ эрхийг хангахад чиглэсэн эрх зүйн зохицуулалтыг Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Нийтийн сонсголын тухай, Хууль тогтоомжийн тухай хуулиудад тодорхой заасан.  Мөн 2019 онд баталсан Улсын Их Хурлын 2019-2024 оны стратеги төлөвлөгөөг батлахдаа “УИХ-ын үнэт зүйлсийн нэг нь иргэдийн оролцоог хангах” гэж тодорхойлж, парламентын үйл ажиллагааг ил тод болгох хүрээнд хийх ажлуудыг тусган хэрэгжүүлж байна. Иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоо, идэвхийг сайжруулах, Улсын Их Хурал иргэд, олон нийтдээ ойртох боломжийг бүрдүүлэх бодлогын хүрээнд “D-Parliament” цахим системийг нэвтрүүллээ. Системийн зорилго нь иргэд, эрдэмтэн судлаачид, сонирхсон хэн бүхэн парламентад өргөн баригдсан хуулийн төсөлд болон цахим системд байршсан нийтийн санал асуулга зэрэгт нээлттэй саналаа өгөх нөхцөлийг бүрдүүлсэн. Түүнчлэн Улсын Их Хурал буюу парламентын гишүүдэд өргөдөл, гомдол болон санал хүсэлтээ илгээх албан ёсны цахим талбар болж байгаа юм.

Манай улсад 1990 онд байнгын ажиллагаатай парламент үйл ажиллагаагаа эхэлснээс хойш 30 жил өнгөрч байна. Энэ хугацаанд парламентын үйл ажиллагаа иргэдэд нээлттэй байсаар ирсэн ч хуулийн төсөл боловсруулах, хэлэлцэх, батлах үйл явцад “ард түмний засаглах эрх”-ийг хангахуйц түвшинд байсан эсэх нь учир дутагдалтай. Монгол Улсын 3.300.000 хүнийг төлөөлөн 76 гишүүн УИХ-д хууль тогтоодог. Нэг гишүүнд дунджаар 43.4 мянган хүн ногддог гэсэн үг. Хүн бүрийн хүсэл сонирхлыг 100 хувь тусган ажиллахад зарим талаар учир дутагдалтай. Иймээс Улсын Их Хурлаас иргэдийн оролцоог бүхий л түвшинд хангасан, ил тод, эргэх холбоотой цахим парламентыг бэхжүүлэх цахим системийг танилцуулж байна. Судалгаанаас харахад Монгол Улсын нийт өрхийн 80 орчим хувь нь интернетэд холбогдож, хэрэглэгчдийн тоо нь 2,6 саяд хүрчээ. Мөн  хүн амын 84,7 хувь нь ухаалаг утас хэрэглэж байна.  Нэгэнт ийм суурь бүтэц сайн бүрдсэн тул иргэдийн оролцоотой хууль тогтоодог, нээлттэй, ил тод, сонгогчидтойгоо амьд холбоотой цахим парламент болж өөрчлөгдөх цаг болсон.

 “D-Parliament” цахим систем нь хуулийн төсөлд санал авах,  цахим хэлэлцүүлгийн платформ, иргэдээс өргөдөл, гомдол хүлээн авах шугам, Улсын Их Хурлын үйл ажиллагааны цахим товхимол гэсэн үндсэн дөрвөн функцтэй.Тодруулбал, цахим системд  Улсын Их Хуралд өргөн баригдсан хуулийн төслүүд байршина. Иргэд  тэдгээр төсөлд саналаа өгөхөөс гадна нийгэмд тулгамдаж буй халуун сэдвээр тус платформ дээр цахим хэлэлцүүлэг өрнүүлэх боломжтой. Иргэдийн  санал олны дэмжлэгийг авч тодорхой тоон хэмжээст хүрснээр Улсын Их Хурлын байнгын хороо болон Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны түвшинд хэлэлцэгдэн, шийдвэрлэгдэх боломж бүрдэж байгаа юм. Мөн долоо хоног бүрийн даваа гарагийн өглөө бүртгэлтэй хэрэглэгчдэд өмнөх долоо хоногийн Улсын Их Хурлын үйл ажиллагааны тойм болон ирэх долоо хоногийн хурлын товыг тогтмол мэдээлэх юм. Түүнчлэн чуулганы хугацаанд “Төрийн мэдээлэл” эмхтгэлийг цаг тухайд нь хавсралтаар илгээнэ. Иргэд хуулийн төслийн зүйл, заалтын талаарх санал бодлоо олон нийтийн сүлжээнд бусадтай хуваалцах функцийг тус цахим системд бий болгосон нь хуулийг боловсруулах шатнаас нь эхлэн олон нийтийн оролцоог хангаж, сурталчлан таниулахад чухал ач холбогдолтой юм.

 

Л.Оюун-Эрдэнэ: ХӨГЖЛИЙН БАНК ЭРДЭНЭТ, ДУБАЙН ГЭРЭЭНИЙ СХЕМЭЭР ЯВСАН

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүсэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж ний­лүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барив. Үүний дараа тэрбээр цаг үе болоод улс төрийн нөхцөл байдалтай холбоо­тойгоор сэтгүүлчдийн асуултад дэлгэ­рэнгүй хариулсныг тоймлон хүргэе.

-Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүсэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай" хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Уг хуулийн төсөл батлагдсанаар нэгд, дотоодын гол нэрийн бүтээгдэхүүн болох мах, гурил, шатахууны үнийг өндөр өсгөхгүй, тогтвортой байлгах. Хоёрдугаарт, олон улсад өрнөж буй дайны нөлөөллийг багасгах, шок үүсгэхгүй байх нөхцөлийг бүрдүүлнэ. Түүнчлэн, Засгийн газарт тодорхой эрхүүдийг өгч, шуурхай шийдвэр гаргаж ажиллах нөхцөлөөр хангаж өгөхийг УИХ, ард түмэн, иргэний нийгмийн байгууллагуудаас хүсч, хамтарч ажиллахыг хүсч байна. Засгийн газар шатахууны үнэд зохицуулалт хийхгүй бол литр тутамд шатахууны үнэ 1000 төгрөгөөр нэмэгдэх нөхцөл үүссэн. Дайны нөхцөл байдлаас болж олон улсад газрын тосны үнэ байнга өсч байна. Мөн ам.доллараар биш рублиэр төлбөр тооцоо хийнэ гэдэг нөхцөл байдлаас болж газ, газрын тосны салбарт амаргүй нөхцөл байдал үүсч байна. Цаашдаа шатахууны нийлүүлэлтийг зөвхөн нэг үйлдвэрээс хараат байлгахыг багасгаж, олон эх үүсвэрээс авахад анхаарч, газрын тосны үйлдвэрээ зайлшгүй барих шаардлагатай. ОХУ-тай рублийн своп хэлцэл хийхээр ярьж байна. Хэрвээ хэлцэл амжилттай болбол, шатахууны төлбөр тооцоог рублиэр хийх боломжтой болж, ам.долларын нөөц хадгалагдах нөхцөл үүснэ.

Шуудхан хэлэхэд, Эрдэнэтийн 49 хувь, Дубайн гэрээтэй холбоотой бүлэглэл Хөгжлийн банк дээр ажилласан. Тиймээс Хөгжлийн банктай холбоотой асуудлыг Засгийн газар гаргаж тавьсан. Хөгжлийн банкны 3.2 их наяд төгрөгийн 1.8 их наяд орчим нь чанаргүй зээлийн ангилалд орсон. Энд хэдхэн компани байгаа. Сайн ажиглавал Эрдэнэтийн 49 хувийг босгосон 430 сая ам.долларын санхүүгийн схем бүхэлдээ байгаа. Эзэд нь, тэднийг дэмжсэн хууль хяналтын удирдлага, шүүгчид нь хамтдаа байгаа. Энэ схем Дубайн гэрээг байгуулсан схем дээр хамтдаа оролцсон. Нөгөө л яриад байдаг хүмүүстэйгээ үе шаттай тэмцэж байгаа гэж ойлгож болно. УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн зарласан 20 хүн бол ердөө мөсөн уулын орой. Үүний цаана манай нэр бүхий том улстөрчид, бизнес эрхлэгчид, тэдний утсан хүүхэлдэйнүүд гарч ирнэ. Хөгжлийн банктай холбоотой асуудалд холбогдсон эхний хүмүүст таслан сэргийлэх арга хэмжээ авч, Хөтөлийг төрд эргүүлэн авсны дараа хэн хэн хамгийн их цочиж байна, тэр бүх хүн үүний ард байгаа гэж ойлгох хэрэгтэй. Хөгжлийн банктай холбоотой асуудалд цэг тавина. Хуулийн байгууллагууд ажиллаж байгаа гэдэгт итгэлтэй байна. Засгийн газар шаардлагатай бүх мэдээлэл, нууцлалтай холбоотой асуудлуудыг гаргаж өгсөн. Хөгжлийн банкны асуудлын дараа Эрдэнэс Монголтой холбоотой асуудлыг гаргаж тавина. Эрдэнэс Монголын охин компаниуд бүгд ТУЗ-тэй. Тэр бүр дээр хяналтгүй маш их хэмжээний мөнгө эргэлдэж байгаа. Зөвхөн энэ далд эдийн засаг цэгцрэхэд Монгол Улсын ДНБ хоёр дахин тэлэхээр байгаа.

Засгийн газар хэн нэгэн субъектын хэлснээр огцордог газар биш. Би бууж өгөхгүй. Хэн нэгэн албан тушаалтан хариуцлага алдсан бол хариуцлага тооцно. Гэхдээ ажлаа хийж байгаа хүнийг хамгаалах ёстой. Төв банкны ерөнхийлөгчийг нь үлээхэд огцруулдаг байж болохгүй. Үнийн өсөлт, экспорт гацаж байгаа нь үнэндээ хилийн чанадын нөхцөл байдлаас болж байгаа. Монгол Улсаас болж байгаа зүйл биш шүү дээ. Эдийн засгийн том хямрал дөнгөж эхлэх гэж байна, том хэмжээний хямрал болох эрсдэл бодитой бий. Ийм нөхцөлд ажиллаж байгаа багаа хамгаална. Мөнгөний бодлогын хүүг нэмсэн нь өөрөө төгрөг хэвлэхгүй гэсэн үг. Харин валютын нөөцөө нэмэхэд Монголбанктай хамтарч ажиллана. Импортын зарим гол  нэрийн бараанд Засгийн газраас татаас өгч, үнэ барих боломжгүй. Цаашид төсвийн тодотгол хийх ганцхан арга үлдсэн. Ингэхдээ бүх хөрөнгө оруулалтаа танаж, бүтээн байгуулалт хийхгүй нөхцөл рүү орно.Цаашид Засгийн газрын бүтцийг бүхэлд нь эргэн харна. Энэ чиглэлд Сингапур улстай хамтран ажиллаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 6. ЛХАГВА ГАРАГ. № 69 (6801)