С.УЯНГА
Пүрэв гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар МАН-ын бүлгийн даргын саналаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг өөрчилж, Монгол Улсын Эрдэнэсийн сангийн тайланг урагшлуулж хаалттай хэлэлцэж Ерөнхийлөгч оролцлоо. Үргэлжлүүлэн 2021-2025 онд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав. Тэрбээр “Хөгжлийн бодлого, төлөвлөлттэй холбоотойгоор хуулиудаар эх үүсвэр шийдэгдсэн 49.7 их наяд төгрөгийн санхүүжилт бүхий 150 төсөл арга хэмжээ, 18.6 их наяд төгрөгийн санхүүжилт шаардлагатай 88 төсөл арга хэмжээ, техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах шаардлагатай 98 төсөл арга хэмжээ батлагдсан.Дэлхийн болон бүс нутгийн эдийн засагт цар тахлын үзүүлж буй сөрөг нөлөөллийн улмаас Монгол Улсын эдийн засгийн гол салбар болох уул уурхай, олборлолтын салбарын бүтээгдэхүүний эрэлт багассан нь нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр, газрын тосны экспорт болон олборлолтын хэмжээ эрс буурахад хүрч, экспорт 2020 онд өмнөх оноос 43.3 сая ам.доллараар, импорт 858.6 сая ам.доллараар буурсан байна. Түүнчлэн Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 2018 онд 27.9 тэрбум төгрөгийн ашигтай гарч байсан бол 2020 онд төсвийн орлого 9.5 их наяд төгрөг, зардал 13.9 их наяд төгрөг болж, төсөв 4.4 их наяд төгрөгийн алдагдалтай гарсан байна. Татварын ачаалал 2020 онд 22.7 хувь болж, өмнөх оноос 3.2 нэгж хувиар буурлаа. Тогтоолын төсөлд тусгасан төсөл, арга хэмжээ хэрэгжсэнээр 2021-2025 онд 149.226 ажлын байрыг шууд ба шууд бусаар шинээр бий болгож, ажилгүйдэл болон ядуурлын түвшинг бууруулахаар байна” гэв. Ирэх жилүүдэд хэрэгжих төслийн жагсаалт, санхүүжилтэд өөрчлөлт орсонтой холбогдуулан гишүүд асуулт асуув.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт:
-Санхүүжилтийн эх үүсвэр нь шийдэгдсэн 150 төсөл арга хэмжээнд шаардагдах 49.7 их наяд төгрөгийг шинэчлээд 47.4 их наяд төгрөгийн санхүүжилт бүхий 136 төсөл арга хэмжээ болгож өөрчилж байна. Санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэх шаардлагатай төсөл, арга хэмжээний жагсаалтад нийт 31.5 их наяд төгрөгийн санхүүжилт шаардлагатай 135 төсөл арга хэмжээ болж нэмэгдүүлж байгаа. Ийм том өөрчлөлт орж ирж байна.
Ганцхан Дарханы замын асуудал биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Таван жилийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг бид сүүлийн 30 жил баталж байгаагүй. 2020 онд анх удаа Монгол Улсыг хөгжүүлэх таван чиглэлтэй болсон. Анх удаа өөрчлөлт орох гэж байгаа учраас гишүүд хариуцлагатай хандах хэрэгтэй. Яагаад зарим төсөл арга хэмжээ багасаж, зарим нь нэмэгдэв. Мөн Улаангом-Ховдын олон улсын чанартай авто замын санхүүжилт шийдэгдсэн үү. Түүнчлэн Ховд аймгийн төвийн нисэх буудлын эх үүсвэр тодорхойгүй байгаа.
Сангийн сайд Б.Жавхлан:
-Хөтөлбөрт ач холбогдол өгөх нь зөв. 2020-2021 оны хүндхэн жилийн дараа төсөл хөтөлбөрүүдээс нэмж, хасах зүйл гарлаа. Хэрэгжилтэд нь саад гарлаа. Олон талт хөгжлийн түншүүдээс туслах санал орж ирж байна. Ингэж нэмж хассаар нэмэлт, өөрчлөлт оруулахаар болсон. Хөтөлбөрт гурван үндсэн хавсралт байгаа. Санхүүжилтийн эх үүсвэр нь тодорхой болоод ТЭЗҮ нь хийгдэж, бэлтгэл ажил хангагдсан. Үүнээс 150 төсөл, санхүүжих дүн нь 49.7 их наяд төгрөг байснаас таван төсөл хасагдаж, таван төсөл нэмэгдсэнээр санхүүжих дүн нь 49.7 их наядаас 45 их наяд болж буурсан.
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар:
-Улаангом-Ховдын чиглэлийн авто замын тухайд Азийн хөгжлийн банктай ярилцаж байгаа. Манай төрийн нарийн бичгийн дарга Увс, Ховд, Баян-Өлгийг аймгаар Азийн хөгжлийн банкны төлөөлөлтэй явж газар дээр нь төсөл, хөтөлбөрүүдтэй танилцах гэж байна. Ховд аймгийн төвийн нисэх онгоцны буудал төр-хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд явуулах талаар Засгийн газар дээр ярьж байгаа.
Эдийн засаг, хөгжлийн яамны Хөгжлийн судалгааны газрын даргын үүрэг гүйцэтгэгч н.Түмэндэлгэр:
-Санхүүжилтийн эх үүсвэр бүрэн болон хэсэгчлэн шийдсэн төслүүдийн жагсаалтад вакцинжуулалт болон цар тахлын эсрэг хариу арга хэмжээний төслүүд нэмэгдсэн. Хасагдсан төсөл дунд хэрэгжиж дууссан төслүүд байна. Зарим нэг төслийн санхүүжилт саатсан учраас эх үүсвэрийг нь шийдвэрлэх шаардлагатай төслүүдийн жагсаалт руу шилжсэн. Санхүүжилтийн эх үүсвэр шийдвэрлэх шаардлагатай төслүүдийн жагсаалтад ТЭЗҮ, зураг төсөл нь 2020-2021 онд хийж дууссан төслүүд нэмэгдэж орж ирсэн. Мөн гадаадын зээл тусламжаар ярианы түвшинд байгаа төслүүд нэмэгдэж орж ирсэн. Валютын ханш өөрчлөгдсөн учраас гадаад валютаар хийсэн төсөл хөтөлбөрүүдийн дүн өөрчлөгдсөн. Үүнтэй холбоотойгоор жагсаалтыг бүтнээр нь оруулж ирсэн.
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:
-Дарханы замыг улсын хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд оруулаагүй гээд санхүүжүүлэхгүй гээд байна. Санхүүжилтийг нь шийдвэрлэхийн тулд төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах шаардлагатай. 2022 онд Монгол Улсын эдийн засагт бүх барааны үнийн өсөлт үнэхээр тулгамдсан асуудлын нэг болно шүү. Хятадын тал хилээ амархан нээчих юм шиг бодоод хэрэггүй. Орос, Украины асуудал амаргүй давааг үүсгэлээ. Энэ бүх асуудал 2022 онд дуусаад хэвийн болох мэт ойлгож болохгүй. 2023 онд үргэлжилнэ. Ийм үед бодлогын арга хэмжээнүүдийг хурдан шуурхай авах хэрэгтэй. Ам.доллар гадуур олдохгүй байна. Төвбанкны цахимд тавигдсан ам.долларын ханш худлаа. Найман шарга дээр байгаа ханш харин бодитой байж магадгүй. Монгол Улс хоёр өөр ханштай байж болох уу.
УИХ-ын дарга Г.Занданшатар:
-Энэ асуудлыг яаралтай хэлэлцэж батлах шаардлагатай учраас Эдийн засгийн байнгын хороонд өгсөн. Гэвч байнгын хороо нэмэлт, өөрчлөлт хэлбэрээр биш жагсаалт бүтнээр ороод ирсэн учраас дэгийн тухай хуулиаараа бүх сайдтай хэлэлцэх ёстой гэх шалтгаанаар хоёр ч удаа хойшилсон.
УИХ-ын гишүүн Г.Дамдинням:
-Дөрөвдүгээр сар гарлаа. Гэтэл Дарханы замын ажил явахгүй байна. Өнгөрсөн нэгдүгээр сард таван гишүүний бүрэлдэхүүнтэй Дарханы замын ажлыг эрчимжүүлэх Ажлын хэсэг Зам, тээврийн хөгжлийн яаман дээр очиж үүрэг чиглэл өгөхөд “УИХ-тай хамтарч ажиллахгүй. Бид ажлаа хийж байгаа” гэх албан бичиг явуулаад байсан. Уг тогтоолын төсөл батлагдахгүй бол Дарханы замын ажил явахгүй. Дарханы шинээр барих хоёр эгнээ замын санхүүжилтийг нэмж байгаа. Өнгөрсөн жил жагсаалтад байсан уг асуудлыг энэ жил оруулж ирж батлуулахдаа яагаад хассан юм. Өнгөрсөн жил Европын сэргээн босголтын банкны урсгалын санхүүжилт зогсоход хариуцсан яам нь төслийн нэгжээ байгуулаагүйгээс болж замын ажил сар хагас зогссон. Улмаар санхүүжилтгүй болж гацсан. Сангийн сайд хөөцөлдөж байж нээлгэсэн. Энэ жил дахин зээлийн хэлэлцээрийнх нь зүйл заалтыг үндсэн чиглэлд нь оруулаагүйгээс Дарханы зам дээр барилгачид алга. Уг нь хоёрдугаар сард бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ гэж байсан. Яамдын дутуу хийсэн ажлыг УИХ нөхөж хийж цаг алдах ямар хэрэг байна. Хариуцлагыг хэн хүлээх юм.
Сангийн сайд Б.Жавхлан:
-ЕвропынСэргээн босголт хөгжлийн банкнаас хийх санхүүжилт дөрвөн жилийн өмнөөс эхэлж яригдсан. Өмнө нь хасаад нэмж оруулсан асуудал биш шүү. Хугацааны явцад мөнгөн дүнд нь өөрчлөлт орж нэмэлт гэрээнүүд хийсэн.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ:
-Монгол Улсын усны нөөцийн 98 хувь нь гадаргын ус байдаг. Усны төслүүдээ нэгтгээд “Хөх морь” гэж нэрлэсэн. Усны нөөцийн хуримтлалын талаар цаашдаа томоохон голууд дээр 10 байршилд усан цахилгаан станц байгуулах боломжтой газруудын судалгааг хийж дуусгасан. Оюутолгой төсөлд ус өгөх боломжтой Орхон, Хэрлэн төслийн судалгаа, ТЭЗҮ-г хийж дуусгасан. Цаашдаа усны төлбөр, усны нөөц ашигласантай холбоотой асуудал дээр хуулийн хүрээнд арга хэмжээ авах шаардлагатай гэж үзэж байна.
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:
-Сүүлийн үед улс орны нийгэм эдийн засгийн байдал хүнд байна. Мэдээж гадаад, дотоод олон хүчин зүйлс нөлөөлж байгаа нь ойлгомжтой. Гэхдээ хамгийн чухал нь иргэдийн орлого багасч байна. Дундаж давхарга доошилж байна. Статистик тоо гаргахдаа бодит байдлаас зөрүүтэй мэдээлэл гаргаад байх юм. Ажилгүйдлийн түвшинг хамаагүй бага гаргаж байна. Зөвхөнтэй бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоогоор ажилгүйдлийн түвшинг тодорхойлж байна. Ингэснээр хувь хүний орлоготой хамаарсан статистик үзүүлэлт нь гардаггүй. Тэгэхээр бодит байдал дээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам судалж гаргасан тоо хэд байна вэ? Ядуурлын хэмжээ улам нэмэгдэж байна. Өнгөрсөн жилтэй харьцуулахад энэ жил ядуурал хэдэн хувиар нэмэгдэв. Монголбанк бодлогын хүүгээ нэмсэн. Харин төсвийн бодлогоо яах вэ? Ойрын үед төсвийн тодотголын асуудал яригдах уу. Миний харж байгаагаар импортоо багасгах зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна. Үүнээс хэмнэсэн орлогыг ард түмний амжиргаа, жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлд зарцуулах нь зөв.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 1. БААСАН ГАРАГ. № 66 (6798)