Б.ОД

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Х.Булгантуяа нар өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөө татан авч байгаа талаар УИХ-ын дарга Г.Занданшатар мэдэгдэв. 

Өнгөрсөн оны аравдугаар сарын 7-нд чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн уг хуулийн төсөл УИХ-ын гишүүд болон олон нийтийн зүгээс багагүй шүүмжлэлд өртсөн юм. Үүний дараахан хуулийн төслөөс Д.Өнөрболор, П.Анужин нарын гишүүд нэрээ татсанаар хэлэлцэхийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад байсан юм. 

Энэ талаар УИХ-ын дарга Г.Занданшатар "Монгол Улсын Засгийн газраас эдийн засгийг эрчимжүүлэх "Шинэ сэргэлтийн бодлого"-ыг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд үе шаттайгаар өргөн мэдүүлэх хуулийн төслийн жагсаалтад Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг 2022 оны тавдугаар сард УИХ-д өргөн мэдүүлэхээр төлөвлөсөн. Уг хуулийн төслийг хаврын ээлжит чуулганаар хэлэлцэхээр бэлтгэж байгаа" гэв.

Энэ хуулийн төсөлд Монгол Улсад хөрөнгө оруулалт хийсэн гадаадын хөрөнгө оруулагч, түүний гэр бүлд Монгол Улсад зорчих олон удаагийн орж, гарах визийг холбогдох хууль тогтоомжийн дагуу олгох, Гадаадын хөрөнгө оруулагч, түүний гэр бүл Монгол Улсад хувийн хэргээр оршин суух хүсэлт гаргасан тохиолдолд 50 мянган америк доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс дээш хөрөнгийг Монгол Улсад хөрөнгө оруулалт хийснийг үндэслэн олгох зэрэг өөрчлөлтийг тусгасан юм.

Эх сурвалж:www.polit.mn