Б.БЯМБАЖАРГАЛ

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг танилцуулж Баян-Өлгий аймагт хоёр хоног ажилласан. Энэ хугацаанд Өлгийн залуус, иргэдтэй хоёр томоохон уулзалтуудыг зохион байгуулсан юм. Иргэдийн хүлээлт өндөр байсан нь уулзалтын идэвхээс анзаарагдсан. Тэд ч хүсэн хүлээсэн шийдвэрээ Ерөнхий сайдаар гаргуулж чадсан. Тухайлбал, адармаатай түүхтэй “Асгат”-ын мөнгөний ордыг ашиглалтад оруулах, Цагааннуур, Даянгийн боомтыг авто замаар холбож, байнгын үйл ажиллагаатай болгон Цагааннуур боомтыг чөлөөт бүс болгох, Баян-Өлгийг Аялал жуулчлалын дөрөв дэх бүс болгон хөгжүүлэх чухал шийдвэрүүдийг иргэдийн саналд үндэслэн гаргав.

Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Орон нутагт суурилсан, иргэдийн оролцоонд тулгуурласан төсөл хөтөлбөр, үйл ажиллагаа, хамгийн тогтвортой, бас хамгийн бодит үр дүнтэй байдаг.

Тиймээс Баян-Өлгийчүүдийнхээ саналд үндэслэж, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт орших "Асгат"-ын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, шаардагдах хөрөнгө оруулалтыг "Эрдэнэс Монгол" компаниас шийдвэрлэж, Боомтын сэргэлтийн хүрээнд Цагааннуурын боомтыг 24 цагаар ажиллуулж, Даянгийн боомтыг байнгын ажиллагаанд оруулж, олон улсын жишигт хүргэн чөлөөт бүс байгуулахаар тогтлоо.

Түүнчлэн Баян-Өлгий аймгийг төрөлжсөн аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх шийдвэрийг гаргаж, Алтай Таван Богд чиглэлд жуулчлалын авто зам барих чиглэлийг 2023 оны төсвийн жилд багтаан эхлүүлнэ. Орон даяар тавдугаар сарын 1-нээс эхлэх эрүүл мэндийн үзлэг оношилгоонд идэвхтэй хамрагдаж, Атрын IV аянд манлайлан оролцохыг аймаг, орон нутгийн удирдлагад үүрэг болголоо.

Наурызын баярын өдөр гаргасан эдгээр шийдвэр Баян-Өлгий аймгийн хөгжлийн түүхэнд тодоор тэмдэглэгдэх болно гэдэгт бүрэн итгэлтэй байна. Нутаг орноо хөгжлийн замд хөтлөх “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх үйлсэд Баян-Өлгийчүүдийг эв нэгдэлтэйгээр, идэвхтэй оролцохыг хүсье” гэсэн юм.

 

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ САРЫН ДУНДАЖ ЦАЛИН ХАМГИЙН ДООД ТҮВШИНД БАЙНА

 

Баян-Өлгийчүүдийн хүлээлтийн гол шалтгааныг ганц нэг статистик мэдээ харахад л тодорхой байлаа. Тухайлбал, сарын цалингийн дундаж хэмжээ улсын 1.4 сая төгрөг, баруун бүсэд нэг сая төгрөг байдаг.

Харин Баян-Өлгий аймагт дундаж цалин бусад аймгуудаас хамгийн бага буюу өнгөрсөн оны тооцооллоор 935.7 мянган төгрөг төгрөг байгаа юм.  Гэвч энд бараа, бүтээгдэхүүний үнэ бусад аймгуудаас илүү үнэтэй. Энэ нь иргэдийн худалдан авах чадварт нөлөөлж авсан хэдэн төгрөг нь хэрэглээний зардалаа ч давахгүй байгааг Ерөнхий сайдад учирлалаа.

Тодруулбал, ОХУ-аас орж ирдэг шатахууны 80 хувь нь Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтоор орж ирдэг ч энд хамгийн үнэтэй буюу 2700-2800 төгрөгийн үнэтэй байна. Иргэдийн хэлж байгаагаар шатахууны үнэ 3-4 удаа нэмэгдсэн ч цалин огт нэмэгдээгүй гэлээ. Шатахууны үнэ өсөхөд бусад бүх бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ дагаад өсдөг нь Монголын зах зээлийн бичигдээгүй хууль гэхээр бусад бүтээгдэхүүний үнэ ямар түвшинд байх нь ойлгомжтой юм. Үндэсний статистикийн хорооноос гаргасан 2022 оны хоёрдугаар сарын Монгол Улсын нийгэм, эдийн засгийн судалгаагаар Баян-Өлгий аймагт хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн индекс өмнөх оны мөн үеэс 12.1 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Мөн Баян-Өлгий аймаг 113 мянган хүн амтай.

Үүний 40 хувь залуучууд, боломжит ажиллах хүчний нөөцөөрөө улсад тэргүүлдэг юм байна. Гэвч ажилгүйдлийн түвшин нь улсын дунджаас 2.1 нэгж хувиар дээгүүр байгаа нь анхаарах ёстой асуудал юм. Үүнээс үзэхэд Баян-Өлгий аймагт ажлын байр хомс, бараа, бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадсан ч хамгийн бага цалин авч байгаа нь Ерөнхий сайд, Засгийн газрыг хүлээх том шалтгаан гэхэд болно.

Тиймээс Өлгийчүүд Ерөнхий сайдын “Шинэ сэргэлтийн бодлого”-той танилцаж Баян-Өлгий аймагт хийгдэх бүтээн байгуулалт, “сэхээ”-нд орсон нийгэм, эдийн засгийн байдлыг сэргээх шийдвэрийг гаргахад саналаа тусгахаар М.Хурманханы нэрэмжит хөгжимт драмын театртаа цугласан аж.

 

“АЯЛАЛ, ЖУУЛЧЛАЛАА ТҮШИГЛЭЖ АЖЛЫН БАЙРАА НЭМНЭ”

 

Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан “Шинэ сэргэлтийн бодлого”-той уялдуулж аймгаа хөгжүүлэх төслөө Ерөнхий сайд, иргэдэд танилцуулав. Тэрбээр “Баян-Өлгий аймгийн тулгамдсан асуудлын нэг нь ажилгүйдэл. Тиймээс ажилгүйдлийн түвшинг бууруулахад анхаарч ажиллана. Энэ хүрээнд “Андын зам констракшин” компанитай 500 иргэнийг ажлын байраар хангах гэрээ байгуулсан.

Түүнчлэн Баян-Өлгий аймгийг аялал жуулчлал, соёлын дөрөв дэх бүс болгон хөгжүүлснээр өрсөлдөх чадвар сайжирч, ажлын байр бий болно гэж үзэж байна. Аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд аймгийн нисэх онгоцны буудлыг олон улсын чанартай болгож, аяллын дөрвөн чиглэлийн маршрут, тэдгээрийг холбосон авто зам, дэд бүтэц, өндөр зэрэглэлийн зочид буудал, Алтай Таван Богдын байгалийн цогцолборт газарт зургаан байршилд мэдээллийн төв, тасалбар хураах, отоглох цэг, Алтай таван богдын нэвтрэх цэгээс Ерөнхийлөгчийн овоо хүртэлх 16 км сайжруулсан шороон зам тавих ажлуудыг төлөвлөсөн. Эдгээр ажлуудыг хэрэгжүүлж Баян-Өлгий аймаг аялал, жуулчлалын салбараа хөгжүүлснээр 2030 онд жуулчдын тоо 60 мянгад хүрэх тооцоолол гарсан.

Мөн аялал жуулчлалын салбарын ажлын байр 3000-5200 болж, орлого 23 тэрбум төгрөгт хүрэх судалгааг гаргасан. Ингэснээр ажилгүйдлийн түвшин 15 хувиас 3.5 хувиар буурч 11.5 хувь болно гэж тооцоолоод байна.

Түүнчлэн Даян, Цагааннуур боомтын нэвтрүүлэх чадварыг нэмж чөлөөт бүс болгосноор худалдаа, үйлчилгээний үйлдвэрлэлийн орлого 38 тэрбум төгрөгөөр буюу 15 хувиар өсөх эерэг үзүүлэлт харагдаж байгаа. Мөн өлгийчүүдийн хүслийг биелүүлсэн “Асгат”-ын ордыг ашиглах Ерөнхий сайдын шийдвэр хэрэгжсэнээр 2030 онд орон нутагт нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээ 5.4 сая төгрөгт хүрэх боломжтой” гэсэн юм.

“Асгат”-ын мөнгөний ордны ердөө нэг тусгай зөвшөөрөлд хийсэн нөөцийн үнэлгээ л гэхэд ийм өндөр ашигтай. Цаана нь дахиад гурав бий. Баян-Өлгийн Засаг даргын танилцуулсан аймгаа хөгжүүлэх бодлогод тусгаснаар “Асгат”-ын мөнгөний орд асар их ашигтайг тод томруун бичсэн байв. Тухайлбал, 2030 онд “Асгат”-ын мөнгөний ордыг ашигласнаар уул уурхайн үйлдвэрлэл 35.8 тэрбум төгрөгөөс 90 тэрбум төгрөг болж 1.4 дахин нэмэгдэх тооцоолол гарчээ.

Энэ мэтээр “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хийгдэх ажлуудтай аймгууд өөрсдийн хөгжлийн бодлогоо уялдуулан төлөвлөснөөр хүртэх үр ашгаа нэмэх боломжтой болж байгаа юм. Баян-Өлгий аймаг өнгөрсөн оны аймгуудын өрсөлдөх чадварын үнэлгээгээр 13 дугаар байрт эрэмбэлэгдэж эдийн засгийн чадварын үнэлгээгээр сүүл мушгисан. Тэгвэл “Шинэ сэргэлтийн бодлого”, аймгийн хөгжлийн төсөл хоёроо харилцан уялдаатай хэрэгжүүлснээр аймгийн өрсөлдөх чадвар сайжирч улсын төсвөөс хараат бус хөгжих боломж бүрдэнэ гэдгийг иргэдийн уулзалтаар онцоллоо.

 

н.Жулдыз: Баруун бүсэд цементийн үйлдвэртэй болсноор орон сууцны үнэ буурна

/Баян-Өлгий аймгийн иргэн/

 

-Баян-Өлгий аймагт үнийн хөөрөгдөл газар авч байна. Шата­хууны үнэ 3000, тонн цемент 500 мянган төгрөгт хүрлээ. Цементийн үнэ өндөр байгаа учраас орон сууцны үнэ өсөхөд нөлөөлж, нэг мкв нь 2.2 сая төгрөг болсон. Тиймээс Ховд аймагт баригдаж байгаа цементийн үйлдвэрийг хугацаандаа шуурхай ашиг­лалтад оруулахад анхаарч өгөхийг хүсч байна. Баруун бүсэд цементийн үйлдвэртэй болсноор Ховд, Увс, Баян-Өл­гий зэрэг Улаанбаатар хотоос алслагдсан аймгууд хямд үнээр цементээ худалдаж авах боломж бүрдэнэ. Үүнийг дагаад орон сууцны үнэ буух боломжтой гэж иргэд харж байгаа.

 

н.Сараа: Баян-Өлгий аймгийн төсвийг нэмэх шаардлагатай

/Уламжлалт анагаах ухааны их эмч, Баян-Өлгий аймгийн иргэн/

 

-“Шинэ сэргэлтийн бодлого”-ыг орон нутагт танилцуулах ажлаа Баян-Өлгий аймгаас эхлүүлж байгаад талархалтай байна. Баян-Өлгий аймгийн хүн ам жил бүр өсөж байгаа. Гэвч аймагт хуваарилагдаж байгаа төсөв зэргэлдээ аймгууд­тай харьцуулахад бага байна. Түүнчлэн төсвийн нэмэгдэл олгодоггүй. Баян-Өлгий аймгийнхан эрчим хүчээ ОХУ-аас өндөр өртөгтэй авдаг. Хүнс, бараа, бүтээгдэхүүний ханш тэнгэрт хадсан. Иймээс төсвийн нэмэгдэл олгож, орон нутагт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгаа. Аймаг нь төсөвгүй, иргэд нь  сардаа улсын дунджаас бага цалин авч байна.

 

Х.Муратай: Боомтуудыг сэргээх нь аялал, жуулчлалыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой

/МҮХАҮТ-ын Баян-Өлгий аймаг дахь салбарын дарга/

 

-Баян-Өлгий аймагт удирдлагууд ирэх бүртээ “Асгат”-ын мөнгөний ордыг ашиглах тухай ярьдаг. Одоог хүртэл ашиглалтад ороогүй байна. Аж ахуйн нэгжүүд Даян, Булган боомтоор ноос, ноолуур экспортолдог байсан ч цар тахлын улмаас зогссон. Түүнээс гадна Баян-Өлгий аймагт том хэмжээний үйлдвэр, уурхай байхгүй. Бэлчээрийн талбай багатай боловч малын тоо, толгой өсөж бэлчээрийн даац хэтэрсэн нь анхаарах ёстой нэг асуудал болоод байгаа.

Тиймээс Баян-Өлгий аймгийг хөгжүүлэх гарц нь боомтуудыг байнгын үйл ажиллагаатай болгож нэвтрүүлэх чадварыг нэмэх юм. ОХУ, БНХАУ руу Баян-Өлгийн аймаг дахь боомтуудаар экспорт, импортоо хийснээр Баян-Өлгий аймагт бизнесийн орчин нэмэгдэж хөгжих боломжтой. Тиймээс Цагааннуур боомтыг чөлөөт бүс болгож Даянгийн боомтыг байнгын үйл ажиллагаатай болгох шаардлагатай. Түүнчлэн боомтуудыг хөгжүүлснээр аялал, жуулчлалыг хөгжүүлэхэд дөхөмтэй болно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 25. БААСАН ГАРАГ. № 61 (6793)