С.УЯНГА

Өсвөр насныхны дунд чихэрлэг хүнсний хэрэглээ хэт өндөр байгаа нь олон өвчлөлийн шалтгаан болж байна. Үүний ганцхан жишээ нь 7-11 насныхны таргалалт сүүлийн долоон жилд долоо дахин нэмэгдсэн судалгаа гарчээ. НЭМҮТ-ийн Хоол тэжээлийн үндэсний судалгаагаар илүүдэл жин 2010 онд дөрвөн хувь байсан бол 2017 онд 28 хувь болж өссөн байна.

Мөн дунд сургуулийн 2100  сурагчийн дунд чихэрлэг ундааны хэрэглээ, тэдний таргалалтыг судлахад 14 хувь нь илүүдэл жин, таргалалттай. Өдөрт ууж буй шингэний 1/3-2/3 нь чихэртэй ундаа, ус, цай эзэлж байгаа нь тогтоогджээ. Хүүхдүүдийн шүдний өвчлөл нэмэгдсэн нь мөн л чихэрлэг бүтээгдэхүүнүүдтэй холбоотой учраас өвчлөлийн шалтгаан болж буй хүчин зүйл, эрсдлийг бууруулахын тулд УИХ-ын гишүүд хуулийн төсөл санаачилснаа өчигдөр УИХ-ын даргад өргөн барилаа. УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьж байна. Төсөлд чихэрлэг ундааны онцгой албан татварыг нэмэхээр тусгасан. Ингэснээр үйлдвэрлэгчдийн хувьд үйлдвэрлэж буй ундааны сахарыг багасгах, гаднаас оруулж ирэх хувийг бууруулах, харин түүнийг орлуулах эрүүл хүнс жимс, ногооны хэрэглээг дэмжих, нөгөө талаар хэрэглэгчдэд эрүүл мэндийн боловсрол олгох, сургуулийн орчинд эрүүл хүнс ундаа борлуулах зэрэгт чиглэсэн боловсролын интервенцийг дэмжихэд чиглэнэ. “Хэт чихэрлэг ундааны хэрэглээг бууруулах тухай” хуулийн төсөлд 100 грамм ундаа таван граммаас дээшгүй чихэрлэгтэй байвал татвар нэмэхгүй талаарх заалт оруулж байгаа" гэлээ.

ДЭМБ-аас 2016 онд бүх улс оронд хандан, таргалалт, чихрийн шижинг бууруулах зорилгоор чихэр нэмсэн ундаанд хамгийн багадаа 20 хувийн татвар ноогдуулахыг уриалж байв.

 

7-11 насныхны таргалалт сүүлийн долоон жилд долоо дахин нэмэгдсэн.

 

2100 сурагчийн дунд чихэрлэг ундааны хэрэглээ, тэдний таргалалтыг судлахад 14 хувь нь илүүдэл жинтэй.

 

100 грамм ундаа таван граммаас дээшгүй чихэрлэгтэй байвал татвар нэмэхгүй.

 

Хүүхдүүдийн өдөрт ууж буй шингэний 1/3-2/3 нь чихэртэй ундаа байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 24. ПҮРЭВ ГАРАГ. № 60 (6792)