С.УЯНГА

 

Монгол Улс анх удаа эмэгтэй генерал цолтонтой боллоо. “Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 101 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх зарлиг гарган Зэвсэгт хүчний Жанжин штабын Сургалт, бэлтгэлийн газрын дарга, хурандаа Ганболдын Болорт Бригадын генерал цол хүртээв. Энэ үеэр Монгол Улсын болон Зэвсэгт хүчний түүхэнд анхны эмэгтэй генерал төрөн гарсан нь Зэвсэгт хүчний үүрэг зориулалт, бие бүрэлдэхүүний бүтцэд гарч байгаа шинэ чиг хандлага гэдгийг тодотголоо. Г. Болор нь НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд штабын офицероор хоёр удаа, НҮБ-ын төв штабын удирдах албан тушаалд Монгол Улсаас анх удаа томилогдон ажилласан бөгөөд улс орныхоо аюулгүй байдлыг улс төр, дипломатын аргаар хангах бодлогыг хэрэгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан шилдэг алба хаагч юм.

 

ШИНЖЛЭХ УХААНЫ ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН:

• ҮБХИС-ийн Ахисан түвшний сургалтын албаны профессор, хошууч генерал Б.Эрдэнэбат

 

ГАВЬЯАТ ТЭЭВЭРЧИН:

• Зэвсэгт хүчний 089 дүгээр ангийн бэлтгэл ахлах ахлагч Ж.Моломжамц;

 

УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН:

• ЗХЖШ-ын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн дарга асан, бэлтгэл хурандаа Г. Цэрэнсүх

 

ГАВЬЯАТ НИСГЭГЧ:

• Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн захирагчийн нислэг эрхэлсэн нэгдүгээр орлогч, нисгэгч хурандаа Н.Баясгалан

 

ГАВЬЯАТ ХУУЛЬЧ:

• Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ахмад ажилтан, бэлтгэл хурандаа Ж. Чойндон;

• Монгол цэргийн нэгдсэн холбооны Ажлын албаны чиглэлийн ажилтан, цагдаагийн хурандаа Ж.Бумнанжид;

• ТЕГ-ын Үндэсний тагнуулын академийн төвийн дарга, зөвлөх профессор Д. Чимэд-Юндэн;

 

ГАВЬЯАТ ТЭЭВЭРЧИН:

• ОБЕГ-ын дэргэдэх 115 дугаар ангийн шуурхай ажлын автомашины жолооч, ахлах ахлагч Г.Бямбасүрэн нарыг шагналаа.

Мөн “Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит шагнал хүртээх журам”-ын болзол хангасан шилдэг сонсогч, сурагчид шагналаа гардаж авлаа.  ҮБХИС-ийн Ерөнхий цэргийн дөрөвдүгээр дамжааны сонсогч Н.Дашзэвэг, ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн 641 дүгээр дамжааны сонсогч Б.Марал-Эрдэнэ, ҮБХИС-ийн “Тэмүүжин өрлөг” дунд сургуулийн арванхоёрдугаар ангийн сурагч О.Шаравжамц, ҮБХИС-ийн “Тэмүүжин Өрлөг” сургуулийн сурагч Д. Хүчитбаатар  нар сурлагаараа бусдыгаа манлайлан, эрдэм шинжилгээний ажил, уралдаан, тэмцээнд идэвхтэй оролцож, цэргийн тангараг, дүрмийн шаардлагыг чанд сахин биелүүлж, сахилга бат, хариуцлага, хандлага, бие бялдар, ёс зүйн зөв төлөвшил эзэмшсэнийг онцолж шагналаа.

 

Г.Болор: ЭМЭГТЭЙЧҮҮДДЭЭ ТҮҮХИЙН ШИНЭ ХУУДАС НЭЭСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА

 

Бригадын генерал Г.Болор сэтгэгдлээ хуваалцахдаа “Эх орон ард түмнийхээ төлөө тэмцэж, алтан амиа зориулж байсан өвөг дээдэстээ энэ баярын өдөр мэхийн ёсолж байна. Мөн “Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 101 жилийн ойн баярын өдрийг мөрдөс нэгт нийт цэргийн албан хаагчдадаа хүргэж байна. Сэтгэл зүрхээ зориулан халуун цэгт үүрэг гүйцэтгэн дэлхийн энх тайвны төлөө ажиллаж байгаа энхийг сахиулагчдадаа энэ өдрийн баярын мэндийг хүргэе. Шинэ зууны шинэ жилийн эхэнд миний бие Монгол Улсын хүндтэй цолыг хүртэж байгаадаа баярлаж байна. Мөн Монголынхоо ард түмэнд, нийт эмэгтэйчүүддээ түүхийн шинэ хуудас нээсэндээ баярлаж буйгаа хувиасаа болон гэр бүлийнхээ зүгээс илэрхийлж байна. Цэргийн сургуулийн анхны эмэгтэй сонсогчоос эхлээд 28 дахь жилдээ зэвсэгт хүчинд тасралтгүй ажиллаж байна. Энэ хугацаанд зэвсэгт хүчний мэргэжлийн сургалт, бэлтгэлийн чиглэлээр дагнан ажилласан. Мөн НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэлээ. Аль ч улс оронд жендэрийн тэгш эрх тэгшээр яригдах ёстой. Монголын төр эмэгтэйчүүдээ үнэлж, анх удаагаа төрийн дээд цолыг олгож байгаа нь нийт эмэгтэйчүүдэд итгэл найдвар, урам зориг хайрласан том шийдвэр боллоо" гэсэн юм.

 “Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 101 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажил, салбартаа үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гарган, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буй хүмүүст төрийн дээд шагнал, одон, медаль гардуулав.

 

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 21. ДАВАА ГАРАГ. № 57 (6789)