С.УЯНГА

 

Пүрэв гарагийн чуулганы хуралдааны эхэнд Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг гишүүдийн олонх дэмжив. Анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.Үргэлжлүүлэн "Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хөшигийн хөндийд байгуулагдах дагуул хотод 150 мянган иргэн, 50 мянга орчим өрх шилжин суурьшиж, Улаанбаатар хотын агаар, орчны бохирдол 10 орчим хувиар, замын түгжрэл, нэг м.кв талбайд оногдох хүн амын нягтрал 20 хувиар буурна гэж тооцжээ. Гишүүд байр сууриа илэрхийлж, Ажлын хэсгээс хариулт авлаа.

 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

-Засгийн газрын 2021 оны 234 дүгээр тогтоолоор “Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаа”-г байгуулан ажиллаж байна. “Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс”-д тогтвортой аялал жуулчлал, амралт зугаалгын ресорт, соёлын бүтээлч үйлдвэрлэл, олон улсын худалдааны төвүүд, байгальд ээлтэй үйлдвэрлэлийн бүсийг байгуулж, Евро-Азийг холбосон олон улсын тээвэр логистикийн төвийг хөгжүүлснээр уул уурхайн салбарын хамаарлаас хараат бус олон тулгуурт эдийн засагтай байх бодлогод нийцсэн алхам болно. Түүнчлэн Хөшигийн хөндийд төлөвлөсөн шинэ суурьшлын бүс болох “Шинэ зуун мод”, “Их дээд сургуулиудын хотхон” байгуулах ажил бодитоор хэрэгжих боломж бүрдэнэ. 

 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:

-Монголд ирдэг 400 мянга гаруй жуулчдынхаа 5-10 төгрөгийг эдийн засагт үлдээж, иргэдийнхээ амьдралд зарцуулах бодлогыг бий болгох хэрэгтэй. Тиймээс асуудлуудыг зоригтой шийд. Үүний нэг нь Казиногийн хууль. Энэ талаар ярихаар хадны мангаа мэт ярьцгаадаг. Казиног дагасан гадаадынхан буу зэвсэг барьж орж ирнэ гэсэн хоцрогдсон ойлголтоо таягдан хая . Монголд ирсэн жуулчин буудлын мөнгө төлж, хуушуур бууз идээд жанжин малгай, морин хуурийн тоглоом, говийн ороолт авч байгаа. Үүнээс өөр эдийн засагт орж байгаа зүйлгүй. Тиймээс жуулчдын бодит орлогыг эх орондоо үлдээх бодлогыг төр дэмжих ёстой. Нүүдлийн өв соёлийг сурталчилсан том хөтөлбөрүүдийг бий болгох хэрэгтэй.

 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

-Хөшигийн хөндий орчимд хашаалсан олон газар бий. Газар аваад өндөр үнээр зарахыг ч үгүйсгэхгүй шүү дээ. Газар чөлөөлөлтийг хэрхэн хийх вэ?

 

Ажлын хэсэг:

-Хөшигийн хөндийд Шинэ зуун мод хот болон эдийн засгийн чөлөөт бүсийг байгуулахтай холбогдуулан нийтдээ 31 мянган га талбайг улсын тусгай хэрэгцээнд авсан. Улсын тусгай хэрэгцээнд авахдаа хоёр үе шаттайгаар авсан. Өнөөдрийн байдлаар 232 нэгж эзэмшигчийн эрхийг хүчингүй болгож газар чөлөөлөлтийн ажлыг хийсэн. Цаашид үе шаттайгаар хийнэ.

 

УИХ-ын гишүүн Т.Доржханд:

- Засгийн газар "Шинэ сэргэлтийн бодлого" гээд баахан том, том төслүүд танилцуулж байна. Хийх нь зөв. Гэхдээ мөнгө нь хаана байгаа юм. Төсөвт мөнгө байхгүй. Гадаадын хөрөнгө оруулалт байхгүй. Яаж хийх юм бүү мэд. Байнгын хороон дээр концессоор хийх талаар ярьсан. Дэд бүтцийн санхүүжилтийг хийхийн тулд концессоор хийвэл зардал их, эрсдэл өндөр. Эрсдэлийг нь Засгийн газар үүрч баталгаа гаргана гэсэн үг. Концесс өрийн бүртгэлээр 100 хувь бүртгэгддэг. Гэтэл Монгол Улсын Засгийн газрын өрийн хэмжээ ДНБ-ий 69 хувийг эзэлж байна. Төсөв дээрээ энэ асуудлыг яаж тусгах төлөвлөлтөө гаргаж ирээд хувийн сектор нь дэд бүтэц дээр санхүүжилтээ хийх нь зөв. Яг ямар эх үүсвэрээр дэд бүтцийг шийдэх вэ.

 

Эдийн засаг, хөгжлийн яамны дэд сайд С.Наранцогт:

-Дэд бүтцийн хувьд ерөнхий төлөвлөгөө хийж байгаа. Дэд бүтцийг хариуцсан захиргаа байгуулсан. Төсөв дээр 35 тэрбум төгрөг тусгасан. Үүний нэлээдгүй хэсэг нь ТЭЗҮ-д зарцуулна. Олон улсын жишгээс харахад мэдээллийн технологийн кластер эхэлж байгуулах нь зүйтэй юм билээ. Үүнийгээ дагаад аялал жуулчлал, тээвэр ложистик хөгжих боломжтой.

 

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:

-Хөшигийн хөндий рүү төрийн байгууллагуудыг шилжүүлэх шийдэл гаргасан уу. Төрийн байгууллагуудыг шилжүүлэх нь боломжгүй зүйл. Тэгвэл чөлөөт биш суурьшлын бүс болчихно шүү дээ.

 

Ажлын хэсэг:

-Шинэ зуун мод хот руу зарим төрийн захиргааны байгууллагыг нүүлгэн шилжүүлнэ. Нэгдсэн байрын зураг төслийг боловсруулж байна. Ингэхдээ эдийн засгийн чөлөөт бүсийн 1000 га газар дээр төрийн байгууллага байршихгүй. Өөр бүсэд байршина.

 

Хөшигийн хөндийн бүтээн босголтын асуудал хариуцсан Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч Д.Оюунхорол:

-Дэлхийн 150 оронд 5400 гаруй чөлөөт бүсийн 83 нь 2000 оноос хойш нисэх буудлыг түшиглэн байгуулсан байдаг. Хөшигийн хөндий жилд 2.5 сая хүн тээвэрлэх боломжтой. Угтах үйлчилгээг нь хамт тооцоход жилдээ 7.5 сая хүнд үйлчилнэ. Аялал жуулчлалын салбараа хөгжүүлэхийн тулд жуулчдын тоог 1-2 саяд хүргэвэл ДНБ-д эзлэх хувь хэмжээ нь 7-10 хувьд хүрнэ. Олон улсын санхүүгийн үйлчилгээг бий болгосноор гадаад хөрөнгө оруулалтыг татах боломжтой.

 

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:

-Газар дээр байшин барилга барихаас илүүтэй инженер, шугам сүлжээ, дэд бүтцийн асуудлыг ярих хэрэгтэй. Өмнөх алдаа нь ерөөсөө энэ. Газар доор шугам сүлжээний асуудалд нэг ч төгрөг шийдээгүй 20 жил явж ирсний горыг Замын-Үүд, Алтанбулагийн чөлөөт бүс харуулж байна. Дэд бүтэц нь татагдсан газар хувийн хэвшлийнхэн өөрсдөө гүйгээд ирнэ.

 

Ажлын хэсэг:

-Барилга хот байгуулалтын яамнаас Шинэ зуун мод хот болон эдийн засгийн чөлөөт бүсийг байгуулах хүрээнд төлөвлөлтийн ажлыг эхлээд хийсэн. Ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө болон дэд бүтцийн ажлын зураг төслүүдэд зориулаад 2021 оноос хойш нийтдээ 4.1 тэрбум төгрөгийг тусгасан. Урьдчилсан байдлаар 2022 оны улсын төсөвт 2024 он хүртэлх хугацаанд 33 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг тусгуулсан.

 

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:

-Дэд бүтцэд 33 тэрбум төгрөгийг зарцуулна гэж ойлголоо. Макет байхгүй болохоор асуух зүйл их байна. Засгийн газар үүн дээр бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллах ёстой.

 

Ажлын хэсэг:

-33 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар нийтдээ зургаан төрлийн дэд бүтцийн ажлуудыг хийнэ. Урьдчилсан байдлаар инженерийн бэлтгэл хангахад найман тэрбум, ус хангамж эх үүсвэрийн шугам сүлжээ 19.8 тэрбум, мэдээлэл холбооны шугам сүлжээ хоёр тэрбум, цахилгаан хангамж таван тэрбум төгрөг зарцуулахаар байна.

 

Эх сурвалж “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 18. БААСАН ГАРАГ. № 56 (6788)