С.САРУУЛ
Өдөр тутмын сонинуудын холбооноос “Түгжрэлийн шийдэл” хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Нийслэлийн Засаг даргын Авто замын түгжрэлийг бууруулах болон зам, тээврийн асуудал хариуцсан орлогч Б.Одсүрэн тэргүүтэй нийслэлийн холбогдох газрын удирдлагууд оролцсон юм. Хотын багийнхны түгжрэлийн шийдлийн талаар хэлсэн онцлох эшлэлүүдийг хүргэж байна.
Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар: НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛӨХ АЖЛЫГ ШУУРХАЙ ХИЙЕ
-Нэгдүгээр эгнээ бол үнэхээр арга ядсан арга. Цахим шилжилт буюу “Ухаалаг Улаанбаатар” нэгдсэн платформ руу орж, яаралтай замын хяналтыг бүрэн тогтоохгүй бол увайгүй хүмүүс их байна. Эхний ээлжид 60 автобус орж ирэх гэж байгаа. Тендерийн хуульд төрийн үйлчилгээг иргэдэд хүртээх тал дээр зөв зохицуулалтыг оруулъя гэсэн санал бид өгсөн. 2020 оны төсөв дээр суугаад 2021 онд зарласан тендерийн автобус одоо хүртэл орж ирээгүй байна. Энэ мэтчилэн асуудлууд томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд хамгийн том гох, дэгээ, хавх болно.
Нэгдүгээр эгнээг чөлөөлөх ажлыг шуурхай хийе. Хоёрдугаарт, хяналт тавих гэхээр суурилуулсан камер бараг байхгүй. Хаагуур хэн дүрэм зөрчиж байгааг хянаж чадахгүй. Шийдэх ёстой тулчихсан асуудал байгаа учраас цаг хугацаа хэрэгтэй. Хөрөнгө санхүүг босгож, төсөв дээр сайн суулгаж, гаднын компаниудтай гэрээ, хэлцлүүд хийлээ. Тодорхой хугацаанд арга ядсан зохицуулалтаар явахаас өөр сонголтгүй. Наймдугаар сарын 31-ний дотор 560 автобусыг нийтийн тээврийн парк шинэчлэлтэд оруулах хатуу үүрэг даалгаврыг Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэнд өгсөн. Иймд 560 шинэ автобус хотын нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтэрч, иргэдэд үйлчилж эхэлнэ гэж та бүхэн ойлгож болно.
-Нийслэлийн Засаг даргын авто замын түгжрэлийг бууруулах болон зам, тээврийн асуудал хариуцсан орлогч Б.Одсүрэн: ЭНЭ ЖИЛ 4800 ГАРААШ БУУЛГАНА
-Хотод иргэдийг явган зорчиход саад болдог олон бэрхшээл бий. Нэгдүгээрт, Улаанбаатар хотод хашаа их байна. Хоёрт гараашны асуудал байна. Хүүхдээ сургууль, цэцэрлэгт хүргэхэд хашаа дагуулаад маш олон гарааш барьсан. Өмнөх онуудад жилд 100 гарааш буулгадаг байсан бол өнгөрсөн жилийн хувьд 1000 орчим гарааш буулгасан. Энэ жил 4800 гарааш буулгана. Ингэснээр нэгдүгээрт, хотын өнгө үзэмж, орон зайд эерэг нөлөө үзүүлнэ. Хоёрт ногоон байгууламж нэмэгдэнэ. Мөн зогсоол нэмэгдэх боломжтой. Давхар зогсоол болон нийгмийн байгууламжуудыг бий болгох боломж бүрдэнэ. Гарааш буулгаснаар түгжрэл тэдэн хувиар буурна гэсэн тооцоо гаргах боломжгүй ч маш эерэг нөлөө үзүүлнэ. Харин ч олон жилийн өмнө хийх ёстой байсан ажлыг хийж чадаагүйгээс болоод өнөөдрийн нөхцөлд хүрсэн. Хотын хэмжээнд зам дээр саадгүй явдагтай адил явган зам саад бэрхшээлгүй байх ёстой. Хотын захиргаанаас стандартын хэмжээнд бүсчлэлийн асуудал, иргэд, аж ахуйн нэгжүүдийн нийгмийн хариуцлагыг сайжруулах, шаардлага тавих ажлууд хийнэ.
-Нийслэлийн ерөнхий архитектор Н.Нацагдорж: ЗОГСООЛУУДЫГ ТӨЛБӨРИЙН АНГИЛАЛТАЙ БОЛГОЁ
-Улаанбаатар хотын түгжрэл бол хэт бага талбай дээр хотжиж, бөөгнөрснөөс үүдэлтэй. Одоогийн 1 сая 560 мянга гаруй хүн амд 1990 га газар гэдэг хэт бага талбар. Үүнийг шийдэхийн тулд дагуул хот үүсгэх төлөвлөлтүүд хийсэн. Улаанбаатар хотын төвийн хэсэгт төвлөрлийг бууруулж, түгжрэлийг багасгах үүднээс олон давхар авто зогсоолын судалгааг 16 байршилд 4320 автомашин, 3 га газрыг хамруулан хийсэн. Мөн 32 байршилд тохижилт бүхий газар доорх автомашины зогсоолын судалгааг хийсэн. Социализмын үед хувийн өмч, хувьдаа машинтай хүн бараг байгаагүйгээс орон сууцны хорооллуудыг авто зогсоол, байшин доорх гараашгүйгээр төлөвлөсөн байдаг. 1990 оноос хойш хүмүүс хувьдаа машинтай болж, маш олон гараашийг төлөвлөлтгүйгээр барьж эхэлсэн. Эдгээр зөвшөөрөлгүй, өнгө үзэмжгүй гараашнуудыг буулгаж байгаа. Ингэхдээ томоохон талбайтай газруудад дээрээ ногоон байгууламжтай, доошоо олон давхар авто зогсоол байгуулахаар төлөвлөсөн. Мөн ил зогсоолын судалгааг 22 байршилд хийсэн. Улаанбаатар хотын зогсоолуудыг төлбөрийн ангилалтай болгоё, авто замын нэгдүгээр эгнээнд машинаа тавьдаг зөрчлийг төлбөрөөр зохицуулах санал боловсруулсан.
Тээврийн цагдаагийн албаны Замын хөдөлгөөний зохицуулалт хариуцсан дэд дарга, хурандаа Б.Батболд: АВТОБУСАНД КАМЕР ТАВИНА
-Улаанбаатар хотын түгжрэлд нөлөөлж байгаа олон асуудал байдгийн нэг нь бидэнд хамааралтай буюу замын хөдөлгөөнд оролцогчдын дэг журам, хууль тогтоомжийн хэрэгжилт юм. Манай байгууллага зам барьдаггүй, зохион байгуулалт хийдэггүй. Хийсэн замын зохион байгуулалт дээр дүрмийн хэрэгцээг хангаж ажиллах үндсэн үүрэгтэй байгууллага. Өнөөдөр Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг зохицуулах үүргийг 400 гаруй албан хаагч өдөр, шөнийн 24 цагт хүлээн ажилладаг. Бидний ажилд нэг бэрхшээл байгаа нь авто замын хөдөлгөөнд дэг журамгүй оролцож буй жолооч нарт бэлэн бус торгууль ногдуулдаг болсноос хойш дэг журам улам муу болж, замын хөдөлгөөнд дураараа оролцдог болсон. Ногдуулсан торгуулийн 60 хувь нь л төлөгддөг. Тиймээс торгууль төлөөгүй жолооч нарт төрийн үйлчилгээг хязгаарлах саналыг Зөрчлийн тухай хуульд оруулж байгаа.
Нэгдүгээр эгнээг чөлөөлөх тал дээр манай зохицуулагч нар хяналт тавихын зэрэгцээ камерын бичлэгийг үндэс болгодог. Замын зохицуулагчдын хүрэлцээ муу байдаг учраас камергүй замуудад нэгдүгээр эгнээгээр зорчсоор байгаа. Хойшид хөдөлгөөнт хяналтын систем буюу автобусанд камер тавьж, нэгдүгээр эгнээгээр зорчсон, автобусны зогсоол дээр машинаа тавьдаг зөрчлүүдийг илрүүлж, торгууль ногдуулдаг болно.
Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан: ДУГУЙН БОЛОН ТЭРГЭНЦЭРТЭЙ ИРГЭН ЗОРЧИХ ХЭСЭГ ТӨЛӨВЛӨГДСӨН
-Олимпын гүүр бол явган хүн зорчих хэсэгтэй. Зураг төсөл нь батлагдсан. Гол тулгарч байгаа асуудал нь тус гүүрийг барьж, гүйцэтгэж байгаа Төмөр замын 20 дугаар товчоо компани үнийн санал дээр маргаан үүсгээд саатсан. Хоёр тал зөвшилцөлд хүрч, зургадугаар сарын 30 гэхэд гүүрийг барьж дуусгахаар болсон.Дугуйн болон тэргэнцэртэй иргэн зорчих хэсэг төлөвлөгдсөн.
Эх сурвалж: www.polit.mn