С.САРУУЛ

Урин цагийн амьсгал наашилж, цар тахлын аюул цаашилсан цаг үед УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийж байгааг спикер онцлов. Ээлжит чуулганы хугацаанд Их хурлын гишүүд нэлээн ачаалалттай, шахуу хуваарьтай. Бодлогын хэмжээний томоохон хууль, тогтоомж батлах хүлээлттэй байгаа юм. Үндсэндээ энэ парламентын бүрэн эрхийн хугацаа талдаа ороод байна.  Мөн цар тахлын нөхцөл байдалд цахимаар хуралдаж ирсэн парламент энэ хавар бүрэн хэмжээнд цахимд шилжихээр болсноо зарлалаа.

Хуралдааны ирцэд гишүүдийг бүртгэх, үг хэлэх, санал өгөхөд биеийн давхцахгүй өгөгдөл буюу хурууны хээ ашигладаг болсноор “төгөлдөр хуурддаг” буруу үзэгдлийг бүрэн халж, үр дүнд нь хуралдааны ирц, гишүүдийн хариуцлага эрс сайжирсан. Цаашид нүүр таньдаг системийг суурилуулахаар ажиллаж байна. Хуулийн төсөл боловсруулах, санал авах lawmaker.parliament.mn, lawforum.parliament.mn системийг нэвтрүүлсэн. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд УИХ үйл ажиллагаагаа нэг ч удаа тасалдуулалгүй явуулж, цахим хуралдааны томоохон туршлага хуримтлууллаа. Эдгээрт тулгуурлан парламент иргэдийн хүсэлт, өргөдөл, гомдлыг цахимаар авдаг “E-petition” цогц системийг олон улсын жишиг аргачлалын дагуу үйл ажиллагаандаа нэвтрүүлж, холбогдох хуулийн төслийг боловсруулж, хаврын ээлжит чуулганаар батлуулахаар төлөвлөж байгаа аж. Энэ систем хууль тогтоох үйл ажиллагаан дахь иргэдийн оролцоо хэлбэрийн төдий хангагддаг байдлыг засаж ард түмний засаглах эрхийг эдлүүлэхэд чиглэнэ гэдгийг Их хурлын дарга Г.Занданшатар онцлов. Өөрөөр хэлбэл, иргэдээс хуулийн төсөлд санал авах, иргэдтэй хамтран хэлэлцүүлэг хийх, иргэдийн хүсэлт, гомдлыг хүлээн авах, иргэддээ парламент бүрэн нээлттэй байх гэсэн  дөрвөн үндсэн функцтэй “D-Parliament” сайт, апликэйшнийг нэвтрүүлэх юм байна. Үүгээр парламентын үйл ажиллагаа шилэн болж, иргэдийн гарт, гар утсан дээр нь очно гэсэн үг юм. Ингэснээр иргэд нийгэмд тулгамдаж буй халуун сэдвээр цахим парламентын  платформ дээр хэлэлцүүлэг өрнүүлж, тэр нь хуульд заасан тодорхой тооны хүний дэмжлэгийг авбал асуудлыг УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн, шийдвэрлэх боломж бүрдэх юм байна.  Монгол Улсын нийт өрхийн 80 хувь нь интернэтэд холбогдож, хүн амын 84.7 хувь нь ухаалаг утас хэрэглэж байна. Монгол Улсад интернэт хэрэглэгчдийн тоо 2.6 саяд хүрсэн. Суурь бүтэц ийм сайн байхад иргэдийн оролцоотой хууль тогтоодог, нээлттэй, ил тод, сонгогчидтойгоо амьд холбоотой цахим парламент болж, Улсын Их Хурал болон иргэдийг зааглаж буй зааг, ялгааг нураах зорилго амжилтад хүрнэ гэдэгт огт эргэлзэхгүй байна хэмээн чуулганы нээлтэн дээр хэллээ. Цаашид хууль тогтоох, хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, төлөөллийн чиг үүргээ хэрэгжүүлэх, хуралдаан, хэлэлцүүлэг зохион байгуулах, хууль тогтоомж, судалгаа мэдээллийн сан бүрдүүлэхийг зорьж байна.

Эх сурвалж: www.polit.mn