С.САРУУЛ
Улсын Их Хурлын 2024 он хүртэлх Стратеги төлөвлөгөөнд Улсын Их Хурлын үйл ажиллагаанд мэдээллийн технологийн ололтыг нэвтрүүлж, иргэдийн оролцоог дэмжсэн цахим орчин бүрдүүлэн, олон нийтэд нээлттэй, ил тод цахим парламент болох зорилтыг дэвшүүлснээ УИХ-ын дарга Гомбожавын Занданшатар 2022 оны хаврын чууланы нээлт дээр хэлсэн үгэндээ онцоллоо. Тэрбээр мэдээллийн технологийн дэвшил дэлхийн улс орнуудын парламентад асар өргөн хүрээнд, маш хурдтай нэвтэрч байна. Бид үүнээс хоцрох ёсгүй учир тодорхой алхмууд хийж байна гэлээ. Тиймээс Хуулийн төсөл боловсруулах, санал авах lawmaker.parliament.mn, lawforum.parliament.mn системийг нэвтрүүлсэн. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Улсын Их Хурал үйл ажиллагаагаа нэг ч удаа тасалдуулалгүй явуулж, цахим хуралдааны томоохон туршлага хуримтлуулснаа хэлсэн юм. Эдгээрт тулгуурлан Улсын Их Хурал иргэдийн хүсэлт, өргөдөл, гомдлыг цахимаар авдаг “E-petition” цогц системийг олон улсын жишиг аргачлалын дагуу үйл ажиллагаандаа нэвтрүүлж, холбогдох хуулийн төслийг боловсруулж, хаврын ээлжит чуулганаар батлуулахаар төлөвлөж байна. Энэ систем хууль тогтоох үйл ажиллагаан дахь иргэдийн оролцоо хэлбэрийн төдий хангагддаг байдлыг засаж, Монгол Улсын Үндсэн хуулийн гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ард түмний засаглах эрхийг эдлүүлэхэд чиглэнэ. Энэ хүрээнд иргэдээс хуулийн төсөлд санал авах, иргэдтэй хамтран хэлэлцүүлэг хийх, иргэдийн хүсэлт, гомдлыг хүлээн авах, иргэддээ парламент бүрэн нээлттэй байх гэсэн 4 үндсэн функцтэй “D-Parliament” сайт, апликэйшнийг нэвтрүүлэх гэж байна. Үүгээр парламентын үйл ажиллагаа шилэн болж, иргэдийн гарт, гар утсан дээр нь очих цоо шинэ систем удахгүй нээлтээ хийнэ гэж хаврын чуулганы нээлтийн индэрээс УИХ-ын дарга Г.Занданшатар онцлон хэллээ.
Эх сурвалж: www.polit.mn