Ерөнхийлөгчийн ивээл дор “Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний чуулган Төрийн ордонд боллоо. Оролцогчид эрэгтэйчүүдийн амьдралын чанар, оролцоо, манлайллыг дэмжихэд тулгарч буй сорилт, бэрхшээл, тэдгээрийн гарц шийдлийг тодорхойллоо. Архины хэрэглээг тоон үзүүлэлтээр авч үзвэл 5-6 минут тутамд нэг хүн эрүүлжүүлэгдэж байна. Мөн Улаанбаатар хотод 200 хүн тутамд архи, согтууруулах ундаа борлуулдаг цэг ажилладаг. Монгол Улсын иргэдийн дундаж наслалтын тоог дэлхийн бусад орнуудынхтай харьцуулахад эрэгтэй, эмэгтэйчүүдийн хоорондын зөрүү 10 жил байна гэдгийг хөндлөө. Үндэсний чуулганыг нээж Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Эцэг өвгөдөөс уламжлагдан ирсэн ёс жудаг, зан заншил, үнэт зүйлсээ бид хэзээ ч мартах ёсгүй бөгөөд үеийн үед үр хүүхдүүддээ өвлүүлэн уламжлуулж байх учиртай. Сүүлийн үед гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчдийн 97.4 хувь нь эрчүүд байна. Жил ирэх тусам гэр бүл салалт нэмэгдэж, өрх толгойлсон иргэдийн 92.5 хувь нь эмэгтэйчүүд байгаа нь эрчүүд гэр бүлийнхээ өмнө хүлээсэн үүрэг, хариуцлага, ёс зүйгээ хангалттай ухамсарлахгүй байна гэж судлаачид дүгнэжээ. Одооноос эхлээд улс үндэстнийхээ аюулгүй байдлын төлөө, монгол гэр бүлийн сайн сайхан амьдралын төлөө “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөн өрнүүлцгээе. Айл өрх, албан байгууллага, аж ахуйн нэгж, төр засаг, ард түмнээрээ архидалтын эсрэг нэгдэн тэмцэцгээе” гэв.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 15. МЯГМАР ГАРАГ. № 53 (6785)