Хуульзүйн байнгын хорооноос Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Энэ үеэр гишүүд хуульчийг заавал бакалаврын түвшингээс эхлэн бэлтгэх ёстой юу, ахисан түвшинд хуульч бэлтгэх боломж бий эсэх талаар хөндөж, эрхзүйгээр суралцагчдад хууль зүйн мэргэжлийн боловсролыг эзэмшүүлэхэд чиглэсэн хичээлийг 90-ээс доошгүй багц цаг судлахыг шаардах, магадлан итгэмжлэл хийх зэрэг зохицуулалт тусгасныг нухацтай ярилцах шаардлагатайг дурдав. Хуулийн төслийн талаар Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг нарын байр суурийг хүргэе.

 

Б.Энхбаяр: Хуульч бэлтгэх тогтолцоог эргэн харах шаардлагатай

 

-Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдаад 10 жилийн нүүр үзэж байна. УИХ  2012 оны гуравдугаар сарын 07-ны өдөр уг хуулийг баталсан.  Өөрөөр хэлбэл, 10 жилийн дараа энэ хуулийн үзэл санааг тодотгох асуудлыг хэлэлцэж байгааг онцлох ёстой.

Хуулийн хүрээнд хуульчийн өөрөө удирдах ёсны байгууллагын тогтолцоог бүрдүүлж, олон нийтийн байгууллагын статустай бие даасан хуулийн этгээд болж төлөвшсөн. Өнгөрсөн хугацаанд хуулийн давуу талууд үр шимээ өгсөн ч, цаашид боловсронгуй болгох шаардлагатай гэж хуульчид, судлаачид байр сууриа илэрхийлсээр ирсэн. Тиймээс энэ асуудлыг цогцоор нь авч үзэх шаардлагатай. Мөн хуульч мэргэжилтэй боловсон хүчин, хүний нөөцийг бэлтгэх тогтолцоог эргэн харах шаардлагатай. Энэ хуулиар Хуульчдын холбооны асуудлыг бус цаашдаа хуульч гэдэг мэргэжлийн үнэ цэн, стандарт, чадавхийг ямар хэмжээнд харж, бэлтгэх, нийгмийн харилцааны агуулга руу хэрхэн тавьж өндөрсгөх вэ гэдэг өргөн хүрээтэй харилцааг зохицуулах юм.

 

Ц.Мөнхцэцэг: Магадлан итгэмжлэх субьект нь Хуульчдын холбоо биш  

 

-Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг Дээд боловсролын хуультайгаа уялдуулж батлахын тулд магадлан итгэмжлэл олгох субьект нь Хуульчдын холбоо биш Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөл байхаар өөрчлөх, мөн Хуульчдын холбооны сургалт, судалгааны чадавхийг бэхжүүлэх, хүний нөөцийн бодлогод анхаарах шаардлагатай. Боловсролын салбарын нийт төсвийн 46 хувь нь ерөнхий боловсролд, 23  хувь нь сургуулийн өмнөх боловсролд, есөн хувь нь дээд боловсролд, дөрвөн хувь нь ТМБС-д, харин 18 хувь  нь салбарын менежментэд зарцуулагддаг. Төрийн өмчийн дээд боловсролын  сургалтын байгууллагын орлогын 92 хувь нь суралцагчийн төлбөрөөс бүрдэж байна. Их, дээд сургуулийн нийт зардлын дийлэнх хувийг цалин хөлсний зардал эзэлж байна. Эдгээр зардлыг үндсэндээ сургалтын төлбөрийн орлогоор санхүүжүүлж байгаа нь дээд сургуулийн багш нар сургалтаас гадна судалгааны ажил хийх, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бүтээл хэвлүүлэхэд санхүүгийн дэмжлэг хүрэхгүй байгаа тул төрөөс их, дээд сургуулийн санхүүжилтэд дэмжлэг үзүүлэх нь чухал.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 11. БААСАН ГАРАГ. № 51 (6783)