Б.ДОЛЖИНЖАВ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар  мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийг хэлэлцлээ.   Анх 2017 онд Зөрчлийн тухай хуульд тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 240 гаруй хуулийн хариуцлагатай холбоотой хэсгийг аваад нэгтгэсэн. Ингээд тодорхой өөрчлөлт оруулах шаардлага үүссэн. Бид Зөрчлийн хуулийг торгодог, шийтгэдэг хууль гэж ойлгодог. Харин энэ өөрчлөлтөөр төрийн шалган туслах чиг үүргийг тодорхой болгож байгаа. Хоёрдугаарт, шүүхээр шийдвэрлүүлдэг Зөрчлийн хэргийг эрүүгийн хэргийн шүүхээр шийдвэрлүүлдэг болох өөрчлөлтийг тусгасан. Мөн 2016 онд Хөгжлийн банканд хийсэн Засгийн газрын шалгалтын дүн болох 130 хуудас шалгалтын материалыг нийтэд ил болгох асуудлыг хэлэлцсэн. Тодорхой эх үүсвэрээс татан төвлөрүүлсэн хөрөнгийг зээл болгон гаргасан, ямар зээлдэгчдийг хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн, зургаан жилийн хугацаанд өр төлбөр хэрхэн барагдсан зэрэг  дэлгэрэнгүй мэдээллийг ил болгож байна. Засгийн газрын тогтоол албажихаар энэ шалгалтын дүнг хэвлэж авах боломжтой.Тухайн үед ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахын тулд санхүүгийн эрсдэлтэй нөхцөл байдлаа ил байлгах шаардлагагүй гэж үзсэн учраас нууцад оруулсан байсан” гэж ярилаа.

 Эх сурвалж:www.polit.mn