З.БАТЦЭЦЭГ

 

Японы ерөнхий сайд асан Шинзо Абэгийн Америкийн цөмийн зэвсгийг арлын мужид байрлуулах боломжийн тухай мэдэгдэлд Хятад улс хариу үйлдэл үзүүллээ. Энэ тухай “The Guardian” мэдээлсэн байна. Японы улстөрч Украины байдал хурцадсан, мөн Бээжин Тайванийн эсрэг түрэмгийлж болзошгүй байгаа энэ үед энэ сэдвийг хэлэлцэхийг хориглосон хоригоос татгалзахыг уриалав. “НАТО-д Герман, Бельги, Нидерланд, Итали улсууд Америкийн цөмийн зэвсгийг байршуулах замаар цөмийн зэвсгийг хамтран эзэмших хөтөлбөрт оролцдог. Бид дэлхий даяар аюулгүй байдал хэрхэн хангагдаж байгааг ойлгож, нээлттэй хэлэлцүүлэг хийх боломжгүй гэсэн хоригийг орхих ёстой. Өнөөгийн бодит байдалд Япон улс ард түмнээ хэрхэн хамгаалах талаар ярилцахдаа бид янз бүрийн хувилбаруудыг итгэлтэйгээр авч үзэх ёстой" гэж тэр онцлон тэмдэглэв. Японы одоогийн ерөнхий сайд Фумио Кишида цөмийн зэвсгийг хамтран эзэмших хөтөлбөрт оролцох тухай хэлэлцээг эхлүүлэх Ш.Абэгийн саналыг шууд няцаав.

“Цөмийн бус гурван зарчмыг хадгалах манай улсын байр суурийг харгалзан үзвэл энэ нь хүлээн зөвшөөрөгдөхгүй” гэж тэрбээр хэлэв. Энэ алхмыг тус улс үй олноор хөнөөх зэвсэг бүтээхээс татгалзаж, түүнийг эзэмшиж, нутаг дэвсгэртээ байрлуулахаас татгалзаж байгаа тухай ярьж байна гэж Британийн хэвлэл тайлбарлав. Бээжин ч мөн Ш.Абэгийн үгэнд хатуу хариу өгсөн гэж “The Guardian” үргэлжлүүлэн бичжээ. Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбин хэлэхдээ, "Японы улстөрчид ихэвчлэн Тайваний талаар худал мэдээлэл тарааж, тэр ч байтугай тус улсын цөмийн бус гурван зарчмыг зөрчсөн шууд худал мэдэгдэл хийдэг" гэжээ.

Тэрээр Япон улсыг түүхээ гүн гүнзгий тунгаан бодож, Тайванийн асуудлаар үг, үйлдлээрээ хянуур хандахыг уриалж, муу ёр дуудахгүй байхыг уриалав. “Атомын бөмбөгт өртсөн дэлхийн цорын ганц улсын хэсэг хүмүүс эдгээр бөмбөгдөлтийг үйлдсэн этгээдүүдийг өөрийн нутаг дэвсгэртээ цөмийн зэвсэг байрлуулахыг уриалж эхэлсэн нь инээдэмтэй төдийгүй асар том эрсдэл юм" гэж Хятадын “Global Times” сонинд бичжээ. Японы энх тайвныг дэмжсэн үндсэн хуулийг шинэчлэхийг үргэлж эрэлхийлсээр ирсэн Ш.Абэ Хятад, Тайванийн хооронд зөрчилдөөн гарвал өөрийн улсад онц байдал үүснэ гэж мэдэгдэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ Гуравдугаар САРЫН 7. ДАВАА ГАРАГ. № 48 (6780)