Б.ДОЛЖИНЖАВ

Манай улсын 1995 онд баталсан Монгол Улсын харьяатын тухай хуульд “Монгол Улсын иргэнийг харьяатаас хасах, эх орноосоо хөөх, өөр улсад шилжүүлэн өгөхийг хориглоно” гэж заасан байдаг. Тодруулбал, тус хуулийн дөрөвдүгээр зүйлийн нэгд “Монгол Улсын харьяат нэгэн зэрэг гадаад улсын харьяат байхыг хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн заалт бий. Гэвч өнөөдрийн байдлаар Монгол Улсад 3935 хоёрдмол харьяалалтай иргэн байна. Улсаар нь ангилбал АНУ-д 1900, Казахстанд 776, Солонгост 171, Японд 160, ИБУИНВУ-д 138, БНФУ-д 111, бусад оронд 679 Монгол иргэн тухайн орны иргэний харьяаллаар амьдарч байна.

 Энэ нь дээр дурдсан Монгол Улсын харьяатын тухай хуулийн дөрөвдүгээр зүйлийн нэг дэх заалттай зөрчилдөж байгаа юм. Манай улсын  2000 орчим иргэн АНУ-ын давхар иргэншилтэй байгаа нь тус улсад төрсөн иргэн шууд Америкийн харьяат иргэн болдог хуультай нь холбоотой. Мөн нийт хоёрдмол харьяалалтай иргэний 1907 нь том хүн, 2028 нь хүүхэд байгаа нь тухайн улсад төрсөн иргэн шууд тус улсын харьяат болдог зохицуулалттай холбоотой юм. Тухайлбал, Монгол Улсын харьяатын тухай хуульд “Эцэг эх нь хоёулаа Монгол Улсын харьяат байсан үед төрсөн хүүхэд Монгол Улсын нутаг дэвсгэрт буюу түүний гадна төрснөөс хамаарахгүй Монгол Улсын харьяат байна” гэсэн заалтаар гадаадад төрөөд тухайн улсынхаа иргэн болсон хүүхэд Монгол Улсын давхар иргэншилтэй хэвээр байх юм. Үүнээс гадна эцэг эхийн аль нэг нь Монгол Улсын харьяат, нөгөө нь харьяалалгүй хүн байхад тэдний дундаас төрсөн хүүхэд хаана төрснөөс хамаарахгүйгээр Монгол Улсын харьяат байна гэсэн хууль өдгөө хэрэгжиж байна.

Үндсэн хуулиар Монгол Улсын иргэнийг харьяатаас хөөх, хасахыг хориглодог. Тиймээс манайд давхар иргэншлийг зөвшөөрдөггүй ч Монголын харьяат эцэг эхээс төрсөн хүүхэд аль ч улсаас үл хамааран шууд хоёрдмол иргэншилтэй болж байгаа юм. Энэ асуудал нь Монгол Улсын харьяатын тухай хуульд өөрчлөлт оруулах цаг болсныг харуулж байна.

Одоогоор Монгол Улсын иргэний харьяалал хийгээд харьяат болох, иргэний харьяаллыг сэргээн тогтоох, харьяатаас гарахтай холбогдсон харилцааг Харьяатын тухай хууль, Засгийн газрын 2003 оны 62 дугаар тогтоолоор баталсан "Монгол Улсын харьяат болох хүсэлт гаргасан гадаадын иргэн, харьяалалгүй хүнд тавих шалгуурыг тогтоох журам", Байгууллагын даргын 2014 оны 226 дугаар тушаалаар баталсан "Монгол Улсын иргэний харьяаллын асуудлыг шийдвэрлэхэд шаардагдах баримт бичгийн жагсаалт", 2016 оны 65 дугаар тушаалаар баталсан "Монгол Улсын харьяат болох хүсэлт гаргагчтай ярилцлага хийх журам"-аар тус тус зохицуулж байна.

 

Сарын орлого нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс 10 дахин их гадаадын иргэн Монголын харьяат болно

 

Монгол Улсад 630 гаруй хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаагаас 120 гаруй хуульд гадаадын иргэн, аж ахуйн нэгж, тэдгээрийн эрх үүрэг, эрхэлж болох үйл ажиллагаа, хориглосон заалтыг тусгайлан хуульчилсан байдаг.  Эдгээрээс гадаадын иргэний эрх зүйн байдлыг тогтоож, гадаадын иргэн Монгол Улсад орох, гарах, дамжин өнгөрөх, оршин суухтай холбогдсон харилцааг зохицуулж буй гол хууль нь Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль юм.

Тус хуульд “Гадаад улсын харьяат нь Монгол Улсын харьяат болохыг хүсвэл тухайн улсынхаа харьяатаас гарсан байх шаардлагатай. Хэрэв тухайн гадаад улсын хууль тогтоомжид өөр улсын харьяат болсноор иргэний харьяаллаа алдахаар зохицуулагдсан бол тухайн улсынхаа харьяатаас гарсан байхыг шаардахгүй бөгөөд энэ тухай холбогдох байгууллагын тодорхойлолт авсан байвал зохино” гэжээ.

Ингэснээр гадаадын иргэн буюу харьяалалгүй хүн хууль тогтоомжид заасны дагуу Монгол Улсын харьяат болж болно. Ингэхдээ дараах шаардлагыг биелүүлнэ. Үүнд амьжиргааны зохих чадвар эх үүсвэртэй байх. Ингэхдээ сарын орлого нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс 10 дахин илүү болох тухай холбогдох байгууллагуудын тодорхойлолт, Монгол Улсын нутаг дэвсгэрт таваас доошгүй жил байнга оршин суусан байх ёстой гэсэн шаардлагыг биелүүлэх ёстой юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

2022 ОНЫ  ГУРАВДУГААР САРЫН 2. ЛХАГВА ГАРАГ. № 45 (6777)