Ч.ЗОТОЛ
Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой өнөөдөр тохиож байна. Түүхт ойн өдөр Токио хотын захирагч Юрико Коикэ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарт хариу захидал ирүүлсэн байна.
Тэрбээр захидалдаа хоёр хотын хамтын ажиллагааг өргөжүүлж, харилцан ойлголцлын санамж бичиг байгуулах саналыг дэмжиж буйгаа илэрхийлээд
“Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг угтаж захидал илгээсэнд гүнээ талархаж байна. Токио, Улаанбаатар хотууд байгаль орчин, спорт зэрэг олон салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлж ирсэн билээ. Токио хотын зүгээс хоёр хотын найрсаг хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах зорилгоор харилцан ойлголцлын санамж бичиг байгуулах саналыг бүрэн дэмжиж буйгаа илэрхийлье. Энэхүү санамж бичгийг энэ жилийн эцэс гэхэд байгуулахаар бэлтгэл ажлыг хангахаа мэдэгдье.
Токио хот цар тахлын дараах сэргэлтийн тогтвортой хөгжлийн бодлогыг чухалчилж буй. Иймд хотын удирдлагууд тогтвортой хөгжиж буй хотуудыг дэмжиж, цар тахлын дараах сэргэлтэд туслалцаа үзүүлж байгаа. Мөн тогтвортой хөгжиж буй хотуудын сүлжээг байгуулахаар ажиллаж байна. Улаанбаатар хотыг тус эгнээнд нэгдэнэ гэдэгт итгэлтэй байна” гэжээ.
Эх сурвалж: www.polit.mn