Ч.ЗОТОЛ
АН-ын 4:11 мэдээлэлд Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр, дотоод сонгуулийн хорооны дарга Х.Алтанхуяг, тамганы маргаан болон хууль эрхзүйн актууд дээр ажиллаж буй өмгөөлөгч Г.Батбаяр нар оролцов. Тэд Хөгжлийн банкны зээл нэртэй луйвар, эрх баригч намаас явуулж байгаа ажлууд, түүнчлэн намынхаа дотоод асуудлаар байр сууриа илэрхийлсэн юм.
Хөгжлийн банк төрийнх бус эрх баригчдын халаасан дахь “хэтэвч”
Ч.Өнөрбаяр “Эрх баригч намынхан зургаан жил дарсан Хөгжлийн банкны луйвар, булхайн асуудлаа одоо АН-ынхан руу чихэх гэж оролдож байна. Та нар амжихгүй шүү” хэмээн хэвлэлээр дамжуулан МАН-ынханд хатуу анхааруулав. Тэрбээр “ Хөгжлийн банкны асуудал сонин зүй тогтол руу яваад байна. 2012 оноос 2016 он хүртэл зээлийн асуудлыг Удирдах зөвлөл нь шийддэггүй, заавал УИХ, Засгийн газраар оруулж байж шийд гарч, зээл олгож байсан. МАН төрд гараад үүнийг өөрчилсөн. Сонгуулийн мөнгөө хийх, сайд, дарга нар нь өөрийн хамаарал бүхий этгээдүүдийг санхүүжүүлэх зорилготой байсан. Ингээд зээл олгох хуулийг 2017 онд өөрчилж, ТУЗ дээрээ шийдвэр гаргах болсон. Үүний дараачаас завхрал гарсан. УИХ дахь Ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр гишүүн “Хоёр их наяд төгрөг Засгийн газрын баталгаагүй олгосон байна” гэж хэлсэн. Ийм болгочихоод зургаан жилийн дараа эрх баригчид дуу тавьж байх юм. Сүүлийн зургаан жилийн турш өөрсдөө л эрх барьсан шүү дээ. Зургаан жил асуудлыг дарж явчихаад өнөөдөр гэнэт дуугарч байх юм. Энэ бол эрх баригч нарын тавьж байгаа жүжиг. Түүнийгээ АН руу чихэх гэж үзэж байгаа нь бүр ч утгагүй. Бид Хөгжлийн банкны асуудалд ажлын хэсэг гаргасан, судалж байгаа. Удахгүй энэ талаар дэлгэрэнгүй ярина” гэлээ. АН-ын даргын тухайд тэрбээр “Ардчилсан нам цаашид хамтын удирдлагын зарчмаар явах ёстой. Нэг дарга удирдахгүй. Илүү нээлттэй, бодлогын нам болох чиглэлд дүрмийн өөрчлөлтүүд хийх ёстой” хэмээн байр сууриа илэрхийлэв.
“Хууль бус сунгаа зарласан хүмүүст хариуцлага тооцно”
АН-ын дотоод сонгуулийн хорооны дарга Х.Алтанхуяг “Ардчилсан намын дотоод сонгуулийн хорооноос ямар нэгэн даргын сунгаа зарлаагүй. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр иргэн И.Мөнхжаргал худал мэдээ тарааж байна. Ирэх сард багтаан намын ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах ч намын даргын сунгаа болохгүй. Манай намын Үндсэн дүрмийн 5.22-ын 5.1 -д зааснаар “Дотоод сонгуулийн хороо нь тухайн их хурлыг зохион байгуулна” гэж заасан байдаг. Энэ сарын 16-ны өдөр АН-ын тамганы асуудлаарх шүүх хурал болсон. Шүүх хурлаар Ц.Тувааны нэхэжлэлтэй тамганы асуудал нэг мөр шийдэгдсэн. Ингэхдээ Ц.Туваанд байгаа тамга хүчингүй. Харин С.Эрдэнийн тамга хүчинтэй гэсэн шийдвэр эцэслэн гарсан юм. Энэ хурлаас хойш дотоод сонгууль ч, намын даргын сунгаа ч хүчин төгөлдөр бус тэмдгээр явбал асуудал хуулийн хүрээнд яригдах, магадгүй эрүүгийн хариуцлага хүлээх хуулийн заалттай. Эдгээр этгээдэд хариуцлага тооцуулах болно” гэв.
Ц.Тувааныг эргүүлэн татуулахаар ҮХЦ-д өгчээ
АН-ын тамганы маргаан болон бусад асуудлаарх эрхзүйн актууд дээр ажиллаж байгаа өмгөөлөгч Г.Батбаяр УИХ-ын гишүүн Ц.Туваан нэр бүхий нэг даргыг эргүүлэн татуулахаар Үндсэн хуулийн цэцэд хандсан гэж мэдэгдэв. Тэрбээр тамганы асуудлаар бид өнөөдрийг хүртэл хүлээцтэй хандаж ирсэн. Янз бүрийн байдлаар хууль буруу тайлбарлан хууль мэдэхгүй бусад этгүүдийг хөөрөгдөн АН-ын гишүүдийн дунд төөрөгдөл үүсгэж байгаа зохисгүй байдлаа зогсоохыг шаардсан ч зогсоохгүй байна. Үүнийг нь Улсын дээд шүүхийн шүүгчид хөөрөгдөж байгаа байдал ч байгаа. Иймд Д.Ганзориг шүүгчид ёс зүйн хариуцлага тооцуулах гомдол гаргасан Шүүгч зөвхөн хуульд захирагдсан гэсэн үүргээ биелүүлэхгүй байна гэв.
МоАХ-ны хурлыг АН санхүүжүүлээгүй гэв
Өчигдөр АН-ын 4:11 мэдээлэлтэй дуугаа авалцах мэт МоАХ-ноос хэвлэлийн хурал зарлан мэдэгдэл хийсэн юм. Иймд тэднийг АН санхүүжүүлээд байна уу гэсэн асуулт гарч байв. Хэвлэлийн хурал зарлан хуралдуулсан МоАХ-ны удирдах зөвлөлийн гишүүд хэлэхдээ “Бид Удирдах зөвлөлөөс гарсан тогтоолоо танилцуулж байна. Энэ сарын 23-нд МоАХ өргөтгөсөн хурлаа хийж, ерөнхий чуулганаа зарлан хуралдуулах шийдвэр гаргасан. Ажлын 30 хоногийн дараа буюу дөрөвдүгээр сарын 5-нд чуулган хуралдана. Чуулганаас намын их хурлаар хэлэлцэх асуудлын тов гарна. МоАХ бол НҮТББ юм. Бид намын дотоод асуудалд оролцохгүй” гэв. Мөн МоАХ тусдаа нам болж 2024 онд сонгуульд оролцох уу” гэсэн асуултад “Бидэнд нам байгуулах төлөвлөгөө, зорилго, зорилт байхгүй” гэсэн хариу өглөө.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 25. БААСАН ГАРАГ. № 41 (6773)