Д.ЦЭРЭННАДМИД
Монголын түүх тэр их арвин сан дотор өв соёл маань шавхагдашгүй баялаг юм. Тэр баялгийн нэг амин сүнс нь гэвэл уранхатгамлын урлал байдаг л даа. Уран хатгамлын өв соёлыг монгол хатан ухааны үндэс гэж хэлдэг. Ном судраас үзэхүл уран бэрийн торгон ухаан, эмэгтэй хүний мяндсан хэлхээ гэсэн оньч тодорхойлолт үгсүүд анхаарал татдаг. Уран хатгамлаас маш олон төрлийн ухаарал олж авдаг гэдэг. Тэр нь юу вэ гэвэл билгэдэл, түүх, уламжлал, өнгө будаг гээд асар их мэдээ, мэдээллийг хүртдэг байх юм.
Тийм болохоор Монголын уламжлалт өв соёлын нэгэн дээд нь гэж болно. Ингэж өргөмжлөхөөс аргагүй л хэрэг. Маш нарийн торгон ухаан, гарын нандин ураар бүтдэг бүтээл. Тиймдээ ч зөвхөн Монголоороо овоглодог ухаан гэж үздэг. Хятадад сав шимээс нь холдуулж болдоггүй зарим ур ухаан бий. Тухайлбал, будаатай шаазан хийх болоод маш сайн бөх эдэлгээтэй барилгын шат, шалны алаг чулуун эдлэлийн үйлдвэрлэл бүтээцийн арга одоо ч нууц байдаг хэвээр. Тэдгээр бүтээгдэхүүнийг гадаадын аль ч оронд хийж чадаагүй л байгаа. Түүн лүгээ уран хатгамал нь монголын уламжлал гэдэг талаасаа бүр нандин. Удам дагана. Урлаачаас уран хатгамалч төрнө. Хатгамлын урлал хүнийг эрс тэвчээртэй алив зүйлийн гарц гаргалгаа, шийдлийг зөв олох аргад суралцуулж ур дүйтэй болгодог. Ерөөс оюун ухааны хөтөч учир хүнийг хөгжүүлдэг, төлөвшүүлдэг үндэс нь.
Тиймээс сүүлийн үед шинжлэх ухаан тэр аугаа чанарыг нь олж таниад одоо уран хамтгамлаар эмчилдэг эмчилгээний арга нээсэн тухай сонссон. Түүнийгээ нэг төрлийн бясалгал гэж үзэж буй. Яагаад гэхнээ уран хатгамал хийж байгаа хүн хамаг бие, сэтгэлээ бүтээлдээ төвлөрүүлж өөр бусдыг огт анзаарахаа больдог байх юм.
Хажууд нь бөмбөг дэлбэрэхэд ажрахгүй гэсэн үг л дээ. Нөгөө талаар уран хатгамлын гарал үүслийг яг төдий үед гэсэн тодорхой цаг хугацаа байдаггүй. Яахав түүхчид, судлаачид хүн гал хэрэглэсэн цагт хатгамлыг үүссэн гэж таамаглажээ. Харин XIX зууны үед соёлын хувьд нэг хэлбэрийг олж цаашид сонгодог урлал болтлоо хөгжсөн гэдэг ойлголт бий. Монголчуудын амьдрал ахуйдаа хэрэглэж ирсэн нь бол бурхан шашны эд зүйл болоод эр хүний гоёл хөөрөгний даалин, аяганы уут зэргээс эхэлдэг байх юм. Тэгвэл өнөөдөр уламжлалтай энэ урлалын цар хүрээ ямар байгааг анзаарч үзвэл тийм өргөн биш аж. Урлаачид нь ч тоотой юм. Тиймдээ ч уран хатгамалчдын бүтээл ховор хийгээд нандин байдаг болов уу. Үүнийг жил бүр Богд хааны ордон музейд болдог “Гайхамшигт өв соёл-монгол уран хатгамал” үзэсгэлэн харуулдаг. Уг үзэсгэлэнд Монголын цөөн урчууд, хатгамалчдын хосгүй бүтээлийн дээжүүд дэлгэгдэж олны хүртээл болдог төдийгүй уламжлалт уралдаан, улмаар тэдний мэдлэг чадвар, арга туршлагаа солилцох, судлаачдын үгийг сонсох эрдэм шинжилгээний бэсрэгхэн хурал болдог. Энэ жилийн үзэсгэлэн, эрдэм шинжилгээний хурлын үеэр нэгэн шилдэг уран хатгамалчтай уулзлаа. Юуны өмнө түүнийг шилдэг гэснийхээ учрыг тайлбарлабал сүүлийн жилүүдэд уг үзэсгэлэнгийн үеэр хоёр удаа “Хаан” шагналын эзэн болсон уран хатгамалч юм.
Түүнийг С.Буд гэдэг. Түүнтэй төсөрхөн ярилцлаа.
С.Буд: Уран хатгамал бол манай гэр бүлийн амьдрал л даа
-Өөрөө аль нутгийнх вэ. Энэхүү гайхамшигтай уран хатгамал гэдэг ховорхон хөдөлмөрийг хэдийнээс эхэлсэн юм бол...?
-Би Өмнөговь аймгийн Ноён сумаас гаралтай. Уран хатгамалд дурлаж оролдож эхэлсэн минь дунд сургуульд байхдаа хөдөлмөрийн хичээлээс эхтэй гэж болно. Санамсаргүйгээр зүү ороох аргаар багшийн өгсөн даалгаврыг хийж сайшаал хүртснээр уран хатгамал гэдэг юм сэтгэлд уяатай үлдсэн дээ. Тэгээд л өөр мэргэжлээр суралцсан ч сонирхлоо огт орхиогүй явсаар сүүлийн 20 гаруй жил ажил, амьдралын утга учир минь болсон доо.
-Уран хатгамлын хувьд удамтай юу?
-Ижий инь уран хүн байсан нь нөлөөлсөн гэж болно. Би Монгол Улсын уранхатгамалч, төрийн оёдолчин, Соёлын гавъяат зүтгэлтэн Б.Цэрмаа багшийнхаа отгон шавь нь гэдгээрээ бахархдаг. Анх тэр аугаа хүний зээгт наамлын шавь нь болж байлаа. Улмаар уран хатгамалд нь шилжсэн.
-Монголын уламжлалт уран хатгамлын мөн чанарыг тодорхойл гэвэл та юу хэлэх вэ?
-Энэ том асуултыг би хариулах нь ч хаашаа юм гэж бодогдож байна. Гэхдээ энэ уламжлалт урлалыг эрхэмлэж хэр хэмжээндээ хийж бүтээж яваа болохоор хэлэх юм байлгүй яахав.
Миний хувьд бурхнаас заяатай бэлэг гэж бодож явдаг.
Хүний зүрх сэтгэлээсээ бүтээдэг зүйлийн нэг нь уран хатгамал. Хатгамал хийнэ гэдэг Монголын үүх түүхийг арвижуулж байгаа гэсэн үг.
Хатгамал хийхэд өнгө будгийн зохицол, олон арван төрлийн хатгалт бүхэн тунгаан бодохын ур ухааныг хүнд өгдөг байх юм. Үүгээр хүнийг юунаас ч халирахгүй тэсвэр тэвчээртэй болгож хүмүүжүүлдэг, төлөвшүүлдэг нандин зүйл.
-Уран хатгамалд маш олон төрлийн хатгалт оёо ордог гэдэг.
-Ер нь олон төрөлтэй л дөө. Зээгт наамал, зүү ороох, задгай хатгамал, хонин холбоо, хэрээсэн болон хаваасан хатгамал, за тэгээд сүүлийнх нь шаглах, хөших, хөвөрдөх, загасан нуруу гээд л явж өгнө. Тэр дотроос утас хагалж даруулах хатгамал бараг мартагдсан арга байсан. Нэг даалин хийхэд л 9-21 төрлийн оёдол хатгамал багтана шүү дээ. Уран хатгамлын бүтээлийг өнөөдөр бид бүтээж бас хэрэглэж байна. Тэгээд үр удамдаа үлдээх учиртай.
-Маш олон төрлийн арга ухаан, ур дүй шаарддаг бүтээл бол уран хатгамал гэж байна л даа. Гэтэл сүүлийн үед техник технологийн хөгжлийг дагаад уран хатгамлыг машинаар хийдэг болсон байх юм.
-Тийм л дээ. Хүний гараар бүтээгдсэн, машинаар хийсэн хоёрын ялгаа бол өдөр, шөнө шиг ялгаатай л даа. Жинхэнэ уран хатгамал эдэлгээ маш урттай. Бие торго нь сэмэрчихсэн байхад л хатгамал хэвээр үлдэнэ. Үүнийг эрт дээр үеийн булш, бунхнаас олдсон эд зүйлээс бид олж хардаг шүү дээ. Монголын язгуур урлаг зүү ороох, загасан нуруу хатгах, саа дарах гээд олон аргыг машин бүтээж чадахгүй. Уранхатгамал гэдэг үйлийн мөн чанар 100 хувь гараар үйлддэгтээ байдаг содон уламжлал бий.
-Өөрийн чинь хувьд уран хатгамлын төрөлд хэр суралцаж яваа гэж боддог вэ?
-Сайн багш, ахмад урчуудын нөлөөгөөр уран хатгамлаар мэргэшихийг хичээж явна. Би “Ногоон дарь эх” бүтэээлээрээ уран хатгамалч цол хүртэж байлаа. Улсын хэмжээний хоёр удаагийн үзэсгэлэнгээс хоёр удаа тэргүүн шагналыг нь авлаа. Энэ жилийн үзэсгэлэнд “Алтан соёмбо”, “Баяннамсрай” гэдэг хоёр бүтээлээр оролцож “Хаан” шагналын эзэн боллоо. Баяртай байна.
-Хатгамлаар бурхан бүтээнэ гэдэг томоохон амжилт байх л даа. Зүгээр бурхан зурна гэхэд хэцүү гэдэг.
-Бурхан бүтээнэ гэдэг надаас хамааралгүй бурханы оршихуй сэтгэлд орж ирдэг гэдгийг би мэдэрсэн л дээ. Алив юм хөгжиж дэвжих ёстой болохоор уран хатгамлын урлагийг шинэ шатанд аваачих юмсан, хөгжүүлэх юмсан гэсэн бодол надад байдаг. Тухайлбал, энэхүү соёмбыг бүтээсэн арга маань зээгт наамал дээр хатгамлаа хийж бас алт, мөнгөн утас оруулж хийснээрээ онцлог. Бүр ойлгомжтойгоор хэлэх юм бол зээгт наамал дээр зүү ороох уран хатгамалаа нэмж хосломол аргаар бүтээсэн гэсэн үг. Хоёр жилийн өмнө эхэлсэн бүтээл л дээ. Гэхдээ завсар чөлөөнд нь даалин мэт ойр зуурын эд хэрэглэл хийсэн. Ер нь энэ уламжлалт уран хатгамлын урлагт дэвшилттэй арга нэвтрүүлж хөгжүүлэх боломж бий гэдгийг харуулахыг хичээсэн дээ.
Уран хатгамлаар бурханы дүрийг бүтээлийн түвшинд аваачихыг зорьсон гэж болно. Нэгэн зүйлийг хэлэхэд уран хатгамлыг том хэмжээтэй бүтээх хэцүү. Яагаад гэхээр уранхатгамал гэдэг чинь хүний гарт багтаж, алган дээр бүтээгддэг зүйл шүү дээ.
Бас бүтээл гэдэг талаасаа ганц байх учиртай гэсэн бодол надад байдаг. Өөрөөр хэлбэл нэг хүнд даалин хийж өглөө гэхэд нөгөө хүнд түүнтэйгээ ижил бишийг урлах ёстой юм шүү дээ.
-Танайхыг гэр бүлээрээ энэ уран хатгамал гэдэг юманд ажил, амьдралаа зориулж яваа гэж сонссон. Энэ талаар...
-Энд нэгийг нэмж хэлэхэд уран хатгамлыг настай хүний л хийдэг ажил гэж хүмүүс ойлгодог тал бий. Тэгвэл тийм биш. Алив ухаан, цаг хугацаа их шаарддаг бэрхшээлийг давж чадвал хэн ч шунан дурлаж болох урлал бол уран хатгамал юм гэдгийг өөрийн биеэр үлгэрлэе гэж санадаг даа.
Миний хань Б.Ганболд зураач хүн учир зургаа гаргадаг. Тэгээд сүүлийн үед хатгамал хийдэг болсон. Хоёулаа хатгамалч гэсэн үг. Тэгэхээр манай гэр бүлийн ажил амьдралын зүг чиг нь уранхатгамал болсон. Бас нэг сайхан үг байдгийг энд хэлбэл эзэгтэй нь үйл урладаг бол айл гэрийн амьдрал өв тэгш, түвшин сайхан байдаг гэдэг. Тиймээс бид уран хатгамал шигээ урамтай сайхан байдаг даа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 24. ПҮРЭВ ГАРАГ. № 40 (6772)