С.УЯНГА
Монголчуудад бухимдах асуудал мундахгүй. Өвөл хот хөдөөгүй утаа асуудал болдог бол нийслэлчүүдийн тал хагас нь үндсэндээ жилийн дөрвөн улирал түгжрэлтэйгээ тэмцээд таарч байна. Даанч бодит үр дүн гарахгүй нь харамсалтай. Гэтэл зунжин амраад намар хичээл, сургуультай зэрэгцэн бүтээн байгуулалт эхэлдэг нь ёстой л толгойны өвчин болдог. Ялангуяа, барилга бүтээн байгуулалт автозам засварын тендерийг зургаа, долдугаар сард зарлаад намар сэхээ орж, ажилдаа ханцуй шамлан ордог хэвшил тогтоод удав. Үүнээс үүдэн өнөөх л зам хааж хязгаарладаг байдал иргэдийн ажлыг чирэгдүүлж, эгдүүцлийг төрүүлдэг учраас “Зам засварын тендерийг өвөл зарлаж, бүтээн байгуулалтаа хавар эрт эхэлье” гэж “Зууны мэдээ” сонин хөндөж бичиж байв.
Манай улс 717 төсөл, арга хэмжээний 3.1 их наяд төгрөгийн өртөг бүхий хөрөнгө оруулалт шаардлагатай. Тиймээс энэ жилээс төсвийн гүйцэтгэлийн бүх тендерийг гуравдугаар сарын 1 гэхэд эхлүүлсэн байх үүргийг төсвийн бүх ерөнхийлөн захирагч нарт үүрэг болгоод байгаа. Үүнээс хойш сар гаруйн хугацаа өнгөрлөө.
Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Засгийн газрын гишүүд аймаг, орон нутгийн удирдлагуудтай уулзах үеэр улсын төсвийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааны явцтай танилцахад тун хангалтгүй дүн гарчээ. Улсын хэмжээнд хэрэгжих 716 төсөл, арга хэмжээнээс тендер зарласан нь 345 буюу 48 хувийн гүйцэтгэлтэй. Тендер шалгаруулалт эхлүүлсэн хувиар Орхон, Дорнод, Говь-Алтай, Булган, Завхан аймаг 100 хувь тэргүүлж байгаа бол Баян-Өлгий 48 хувь, Дархан-Уул аймаг 43, Увс 45 хувь, Сэлэнгэ 36 хувь, Архангай 19 хувь, Дундговь 17 хувиар сүүл мушгиж байгаа аж. Эндээс харвал бүтээн байгуулалт багатай Говь-Алтай, Завхан, Дорнод зэрэг аймгууд тендерээ хугацаанд нь зарлаж дууссан бол хамгийн их “ажилтай” Дархан-Уул, Архангай тэргүүтэй аймгууд арав гаруйхан хувьтай байна. Энэ янзаараа монголчуудын цагийг нь тулгаж ажил хийдэг нийтлэг зангаас болж багагүй бүтээн байгуулалт хойшилж магадгүй нь. Тиймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тендерийг гуравдугаар сарын 1-ний дотор зохион байгуулж дуусгахыг үүрэг болгож, бүтээн байгуулалтын ажлыг хугацаанд нь эхлүүлээгүй албан тушаалтанд хариуцлага тооцно гэж хатуу анхааруулжээ. Хамгийн чухал нь ажлаа цалгардуулж, ид бүтээн байгуулалтын үед зунжин амарчихаад намар нь сэхээ ордог яам, орон нутгийн удирдлагуудын ирэх жилийн төсвөөс хасах арга хэмжээ авна гэлээ. Өөрөөр хэлбэл, хурдтай, хариуцлагатай ажиллаж чадахгүй бол аймгийнхаа төсвийг тануулах учраас Засаг дарга, салбарын сайд нараас улсын хөгжил, олон түмний эрх ашиг хамаарах хүндхэн цаг үе ирэх нь.
Ерөнхий сайд орон нутгийн удирдлагуудтай уулзах үеэрээ урьд өмнө байгаагүй бас нэг боломж олгожээ. Энэ нь Засаг дарга нар 50+1 зарчмаар буюу олонхоороо аливаа асуудлыг шийдвэрлэх, өөрчлөх санал дэвшүүлбэл Засгийн газрын хуралдаанаар оруулах эрхтэй болох юм. Тухайлбал, орон нутгийн түвшинд уул уурхайн лиценз олголтыг цэгцлэх чиглэлээр хуульд өөрчлөлт оруулж, ямар арга хэмжээ авах талаар аймаг, орон нутгийн удирдлага саналаа хэлж, хэлэлцүүлэг өрнүүлэх боломжтой. Ингэж Засаг дарга нар бусдад үгээ дайх биш өөрсдөө Засгийн газрын хуралдаанд орж суугаад асуудлаа тайлбарлаж шийдүүлэх нь олзуурхууштай.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 22. МЯГМАР ГАРАГ. № 38 (6770)