Б.ДОЛЖИНЖАВ
Авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон гишүүдээ эрх баригч нам хөөсөн, Хөгжлийн банкны өмнөх захирлуудыг баривчилсан, Монголын ардчилсан холбоо үндэсний зөвлөгөөнөө хийсэн, тагнуулын хэргээр иргэн Ч.Мөнхбаярыг баривчлан саатуулсан зэрэг дуулиант үйл явдлуудаар дүүрэн долоо хоногийг үдлээ. Монгол Улсын түүхэн дэх хамгийн шуугиант баривчилгаа, шалгалт, нэгжлэг, шүүх хуралтай баасан гарагийн онцлох үйл явдлаас тоймлон хүргэе.
МАН зарим гишүүдээ хөөж, заримаас нь тайлбар шаардлаа
Хөгжлийн банкнаас хувийн компаниуддаа их хэмжээний зээл авсан ч эргүүлэн төлөөгүй намын гишүүддээ хариуцлага тооцохоо МАН-ын генсек Д.Амарбаясгалан “Өөрөөр нь төлүүлье” хэлэлцүүлгийн үеэр зарлаж байв. Тэгвэл МАН-ын Хяналтын ерөнхий хороо баасан гарагт хуралдаж, нэр бүхий гишүүдийг намаас хөөж байгааг зарлалаа.
Энэ талаар тус хорооны дарга Б.Баярбаатар “МАН авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон гишүүнээ бүх шатны сонгуульд нэр дэвшүүлэхгүй. Хэрэв авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон нь шүүхээр тогтоогдвол намын гишүүнээс хасахаар болж дүрэмдээ өөрчлөлт оруулсан.
Тиймээс албан тушаалаа ашиглаж, бусдад давуу байдал олгосон зэрэг зүйлчлэлээр ял шийтгэл сонсоод, энэ хугацаа нь дуусаагүй зарим гишүүнийг намаас гарсанд тооцсон. Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Солтан, Б.Ундармаа, Д.Дамба-Очир, Б.Батзориг, Д.Хаянхярваа нарыг МАН-ын гишүүнчлэлээс гарсанд тооцлоо” гэв.
Мөн тус намын Хяналтын ерөнхий хорооноос Хөгжлийн банкны зээлийн асуудлаар нэр холбогдсон хүмүүсийг тус бүрийн нэрээр албан хүсэлтийг хууль хяналтын байгууллагуудад явуулахаар шийдвэрлэв. Тодруулбал, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, УИХ-ын гишүүн Г.Дамдинням, УИХ-ын гишүүн асан М.Билэгт, УИХ-ын гишүүн асан А.Сүхбат, Барилга, хот байгуулалтын дэд сайд асан Ш.Лхамсүрэн, НИТХ-ын төлөөлөгч асан Ш.Үнэнбат нарыг нэр холбогдсон зээлийн асуудлаараа тайлбар ирүүлэхийг үүрэг болгожээ.
Хөгжлийн банкны өмнөх захирлуудыг баривчиллаа
Хөгжлийн Банкны өмнөх удирдлагууд болон авсан зээл нь чанаргүй гэх ангилалд багтсан зарим зээлдэгч нарыг цагдан хорьж шалгах саналыг АТГ-аас гаргасан. Тухайлбал, Хөгжлийн Банкны ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан Б.Шинэбаатар, 2013-2016 оны хооронд гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбат, тэргүүн дэд захирал Ч.Энхбат, дэд захирал Б.Чойжилжалбуу, 2016-2019 онд гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Батбаяр тэргүүтэй нийт 10 хүнийг цагдан хорих санал хүргүүлсэн юм. Энэ саналыг прокурорын байгууллага шүүхэд хүргүүлснээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх баасан гарагийн 11:30 цагаас дээрх хүмүүсийг цагдан хорих эсэх асуудлыг хэлэлцсэн юм.
Одоогийн байдлаар гүйцэтгэх захирал асан Б.Батбаяр, Н.Мөнхбат, Б.Шинэбаатар, Ч.Энхбат нарыг нэг сар хорих шийдвэрийг шүүхээс гаргаад байна. Хөгжлийн банкны дэд захирал Б.Чойжилжалбуу, "Алтай констракшн" компанийн захирал Х.Бат-Эрдэнэ нарын шүүх хурал өнөөдөр болно. Харин тус банкны гүйцэтгэх захирлын ажлын албаны даргаар ажиллаж байсан Д.Дэлгэрсайханыг цагдан хорих шаардлагагүй гэж үзсэн байна.
Монголын ардчилсан холбооны даргаар Д.Монголхүүг дэвшүүлэв
Монголын ардчилсан холбооны үндэсний зөвлөгөөн баасан гарагт болж, 21 аймгаас гишүүд, дэмжигчид цуглав. Тухайлбал, АН-ын дарга С.Эрдэнэ, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат, АН-ын гишүүн Г.Баярсайхан нар оролцсон юм. Зөвлөгөөнөөр цаашид МоАХ-г татан буулгах уу, шинэчлэх үү гэдгийг тодорхойлж V хурлаа хийнэ гэдгийг төлөөлөгчид онцолж байв.
Тэд энэ үеэр МоАХ-ны даргаас Х.Баттулгыг огцруулах санал гаргаж, түүний оронд Д.Монголхүүг нэр дэвшүүлэв.
Энэ үеэр АН-ын дарга С.Эрдэнэ “Энэ оронд хэмжээ хязгааргүй эрх дархыг эдэлж байгаа эрх баригчдын үйл ажиллагааг хязгаарлаж чадах цорын ганц байгууллага бол МоАХ юм. Гэвч 2007 онд Х.Баттулгад тамгыг нь шилжүүлж өгснөөс хойш 15 жил МоАХ юу хийсэн бэ. МоАХ-ны бий болгосон үнэ цэнээр эрх баригчид дураараа туйлж байна. Иймд Монголын ардчилсан холбоог өчнөөн жил унтуулсан коммунист эрх баригч намын даргын зөвлөх хийж, Ардчилсан намаас нэр дэвшиж Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан Х.Баттулгыг огцруулах ёстой. Энэ хүнийг МоАХ-оос зайлуулах ёстой” гэсэн юм.
ТЕГ-аас иргэн Ч.Мөнхбаярыг баривчлав
Тагнуулын ерөнхий газраас Монгол Улсын иргэн Ч.Мөнхбаярыг баривчлан саатуулж, гэрт нь нэгжлэг явуулав. Энэ талаар ТЕГ-ын Олон нийттэй харилцах хэлтсийн албаны мэргэжилтэн П.Өгөөмөр "Иргэн Ч.Мөнхбаяр гадаадын тагнуулын байгууллагын үүрэг даалгавар санхүүжилтээр үйл ажиллагаа явуулж, хууль бусаар хамтран ажилласан нь тогтоогдсон.
Тиймээс түүний гэрт хуулийн хүрээнд нэгжлэг хийхэд их хэмжээний валют, бичиг баримт гарч ирсэн. Тэр гадаадын тагнуулын байгууллагатай удаан хугацаанд хамтран ажиллаж тэдний үүрэг даалгаврыг биелүүлж мөнгөн урамшууллыг тогтмол авч байсныг үйлдэл дээр нь барьсан” гэсэн юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 21. ДАВАА ГАРАГ. № 37 (6769)