Б.ОД
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, Дэд сайд Г.Түвдэндорж нар өнөөдөр (2022.02.17) БНСУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ли Ё Хунг хүлээн авч уулзлаа.
Элчин сайд Ли Ё Хун БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэд өндөр ач холбогдол бүхий салбарын сайдаар томилогдсонд баяр хүргээд, байгаль орчин, аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллах хэд хэдэн бодитой саналууд байгаагаа дурдаад, танилцуулсан юм.
Тухайлбал, “Ногоон хөгжил-Ногоон шинэчлэл” төслийг хамтран хэрэгжүүлэх ажлын хүрээнд БОАЖЯ нэгдсэн зохион байгуулалт, удирдлагаар хангаж ажиллаж өгөхийг хүслээ. Мөн цаашид зөвлөлдөх уулзалтууд, үзэсгэлэн, хөгжлийн хамтын ажиллагааны төслүүдэд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
Харин аялал жуулчлалын чиглэлээр БНСУ-аас Монгол орныг зорин ирсэн жуулчдын тоо цар тахлаас өмнө буюу 2019 онд 100 мянгад хүрсэн. Тиймээс цаашид тус улсын жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх бүрэн дүүрэн боломж бий гээд Солонгос улсын жуулчдыг Монгол Улсад визгүй нэвтрүүлэх асуудалд хүчин чармайлт гаргаж ажиллахыг хүсэв.
Мөн хоёр орны аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд иргэд хоорондын харилцаа, соёлын ойлголтыг идэвхжүүлэх хэрэгтэйг дурдаад Монгол Улсын тухай мэдээ, мэдээлэл гадаадад ялангуяа Солонгос улсын иргэдийн дунд маш бага байдаг гэв.
Эх сурвалж:www.polit.mn