С.УЯНГА

Засгийн газар өчигдөр хуралдаж эдийн засаг, эрүүл мэнд, соёл урлагийн салбартай холбоотой томоохон шийдвэрүүд гаргалаа. Тухайлбал, иргэдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулахад 60 тэрбум төгрөг төсөвлөж, тавдугаар сарын 1-нээс эхлүүлэхээр болов. Салбарын сайд нарын байр суурийг хүргэж байна.

 

Сангийн сайд Б.Жавхлан: Бизнесийн салбарыг сурталчилна

 

-Эдийн засаг хөгжлийн яам үндсэн чиг үүргээ хуулийн дагуу хэрэгжүүлэх боломж бүрдэж байна. Тус яамны дэргэд Гадаадын хөрөнгө оруулалтын агентлаг байгуулахаар боллоо. Тус агентлаг нь 30 хүний орон тоотой.

Ингэснээр гадаадын хөрөнгө оруулалтын бодлого тодорхой болж, тэднийг бүтээн байгуулалт болон бусад эдийн засгийн салбаруудтай холбох, бизнесийн салбарыг тус агентлагаар дамжуулж олон нийтэд сурталчлах юм. Удахгүй Монголын эдийн засгийн форм, Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд олон хөрөнгө оруулалтын ажил хийгдэнэ.

 

Соёлын сайд Ч.Номин: Уран бүтээлчдийг олон улсын наадамд  дэмжинэ

 

-Монгол уран бүтээлчдийг олон улсын наадамд тогтмол оролцуулна. Оскарын дараа эрэмбэлэгддэг Каннын наадам бол дэлхийд Монголыг сурталчлах том боломж. Манай яамны дэмжлэгтэйгээр уран бүтээлчид Итали улсад зохион байгуулдаг Венецийн дүрслэх урлагийн болон Франц улсад зохион байгуулдаг “Каннын кино наадам”-д тогтмол оролцох боломж нээгдлээ. Монголд дэлхийн томоохон продюссеруудыг авчирч, уран бүтээл хийх боломжийг танилцуулна. Холливудын дөрвөн кино продакшнтай хамтарч ажиллах суурийг тавьсан. Зургаадугаар сард эхний киноны зураг авалтыг хийхээр төлөвлөсөн.

 

Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Урьдчилан сэргийлэхэд 60 тэрбум төгрөг зарцуулна

 

-Нийт хүн амыг өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулах ажлыг тавдугаар сарын 1-нээс орон даяар зохион байгуулна. 18-аас дээш насны иргэдийг жил бүр эрүүл мэндийн эрт илрүүлэх үзлэгт хамруулахаар төлөвлөсөн бөгөөд энэ жил 0-18 насны хүүхдүүдийг ч мөн эрт илрүүлэг, үзлэг, шинжилгээнд хамруулахаар нэмлээ. Насанд хүрэгчид 23, хүүхдүүд 15 төрлийн үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамрагдана. Энэ онд өвчнийг эрт илрүүлэх үйл ажиллагаанд 60.8 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  Хоёрдугаар САРЫН 17. ПҮРЭВ ГАРАГ. № 35 (6767)