Ч.ОЛДОХ

 

Эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээнээс “Эмэгтэйчүүдийн улс төрийн манлайлал: Мөнгө ба төлөөлөл” сэдэвт форумыг  өчигдөр зохион байгуулав.  Зохион байгуулагчдын зүгээс улс төрийн санхүүжилтийн өнөөгийн нөхцөл байдал,  эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, тэдэнд тулгардаг саад бэрхшээл,  тэдгээрийг арилгах гарц шийдэл, хууль эрх зүйн орчныг сайжруулах  хувилбаруудыг хэлэлцэх, нөлөөллийн үйл ажиллагаа өрнүүлэхийг зорьжээ. Форумд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Илэйн М.Конкиевич, УИХ-ын дэд дарга  С.Одонтуяа, гишүүдээс  Х.Булгантуяа, Ц.Мөнхцэцэг, УИХ-ын даргын Нийгмийн бодлогын зөвлөх Ц.Цогзолмаа, судлаачдаас МУИС-ийн ахлах багш, доктор Б.Эрдэнэдалай, "Сонгогчдын боловсрол төв"-ийн тэргүүн С.Оюунтуяа, Нээлттэй нийгэм форумын Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Энхцэцэг  нарын эмэгтэйчүүд  оролцож, илтгэл хэлэлцүүлсэн юм.

Илтгэгчид өөрсдийн байр суурийг илэрхийлэхдээ, мөн улс төрийн өнөөгийн байдалд  дүгнэлт хийхдээ  Ардчилал, сонгуулийн олон улсын хүрээлэнгээс хийсэн  “Улс төрийн намд олгох жендерийн тэгш байдлыг дэмжсэн төрийн санхүүжилт” олон улсын харьцуулсан судалгаа, тус номыг бичсэн судлаач Магнус Охманаас   эш татаж байсан юм.  Тэрбээр  номдоо  “Улс төрийн намаас нэр дэвших, сонгуульд амжилттай өрсөлдөхөд шаардлагатай санхүү, мөнгөний  хомсдолд байдгаас эмэгтэйчүүд үргэлж боломжоо алддаг. Улс төрийн намууд харин  мөнгөтэй эрчүүдийг ялах магадлалтай тойрогт нэр дэвшүүлэн тэдний хөрөнгө нөөцийг давуу тал болгон ашиглах тохиолдлууд цөөнгүй” хэмээн дурдсан байна.  Форумыг зохион байгуулагч “Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд” ТББ-ын Удирдах зөвлөлийн тэргүүн Х.Номингэрэл “Мөнгөний хэт нөлөөлөл ардчиллыг ялзруулж байна гэсэн судалгааны үр дүн дэлхий даяар олон бий. Энэ нь санхүүгийн боломж хязгаарлагдмал бүлгүүдэд тухайлбал, эмэгтэйчүүд улс төрд оролцоход саад болж буй томоохон хүчин зүйл юм. Форумаар энэхүү нөхцөл байдлын талаар задлан шинжилж хэлэлцэнэ. Шийдвэр гаргах түвшний эрх мэдэл дээшлэх тусам эмэгтэйчүүдийн оролцоо бага байгаа нь ажиглагддаг. Эрх мэдэл нэмэгдэхээр сонирхол ихсэнэ, сонирхол ихсэхээр мөнгөний нөлөө асар нэмэгддэг. Мөнгөний нөлөө их байгаа газар эмэгтэйчүүдийн оролцоо бага. Улс төрд оролцохын тулд яагаад их мөнгө шаардаж байгаа нь ойлгомжгүй. 2020 оны УИХ-ын сонгуулийн нэг тойрогт нэр дэвшигчдийн зарцуулсан хамгийн өндөр мөнгөн дүн зургаан тэрбум төгрөгт хүрсэн судалгаа гарсан. Гэтэл энэ их хэмжээний мөнгөн дүнгийн эх үүсвэр, зарцуулалтыг худлаа мэдүүлснийг нь бүгд мэдэж байгаа ч үнэмшсэн царай гаргаад яваад л байгаа. Бодит байдал дээр энэ их мөнгөн дүнгийн ард авлигалын том систем байгаа гэж судлаачийн хувьд таамаглаж байна" гэв.

 

“Иргэдэд Үндсэн хуулиар олгосон улс төрийн эрхүүд хэрэгжихгүй байна”

 

МУИС-ийн ахлах багш, доктор Б.Эрдэнэдалай “Улс төрийн санхүүжилтийн өнөөгийн байдал: Ардчилал, төлөөлөл эмэгтэйчүүдэд үзүүлэх нөлөөлөл” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн. Ардчилсан улс орон сонгуулиа зөв, сонгуулийн суурь зарчмуудыг хангахуйц түвшинд хийдэг байх ёстой. Гэтэл Монгол Улсад иргэдэд Үндсэн хуулиар олгосон улс төрийн эрхүүд хэрэгждэггүй. Энэ нь сонгох, сонгогдох   эрхийн асуудлаар илэрч байна. Тухайлбал, Үндсэн хуульд заасны дагуу улс төрийн сонгуульд өрсөлдөх эрхтэй гэтэл намаасаа нэр дэвших эрхээ олж авахын тулд эмэгтэйчүүд, залуус маш их хэмжээний дэнчин төлөх болдог. Энэ нь ардчиллын суурь зарчим зөрчигдөх нөхцлийг  үүсгэж байна. Улс төр болон мөнгөний  хоорондын харилцааны асуудал үүний тод жишээ болохыг тэрбээр илтгэлдээ ийнхүү онцолсон юм.

 

Д.Энхцэцэг: Тэгш өрсөлдөөний  зарчмыг хангах хуулийн зохицуулалт хэрэгтэй

 

Нээлттэй нийгэм форумын Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Энхцэцэг 2006 оноос  “Төрийн ил тод, хариуцлагатай байдал, улс төрийн намын санхүүжилт, сонгуулийн зохион байгуулалтын асуудал” сэдвээр судалгаа хийж ирсэн. Тэрбээр  тус форумд  улс төрийн намын сонгуулийн бус болон сонгуулийн үеийн санхүүжилтийн асуудлыг хөндсөн.   Мөн эдгээр асуудлыг тусдаа зохицуулж  ирснээр хуулиудын хооронд хийдэл үүсдэг. Энэ хийдэл сонгуульд оролцож байгаа залуучууд, эмэгтэйчүүдэд шударга бусаар  тусдаг. 2019 онд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр улс төрийн намуудад төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлнэ гэсэн заалтыг тусгаж, тэр хүрээнд Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэх гэж байгаа бол  яаж энэ дарамтыг хэрхэн арилгах вэ, хэрхэн хийдлийг арилгах вэ гэдэгт анхаарах ёстой .  Улс төрийн хаалгаар эмэгтэйчүүд орж чадахгүй байгаа гол  шалтгаан нь санхүүгийн асуудал. Оролцооны тухай ярихад маш олон хүчин зүйл хөндөгддөг. Зөвхөн эрх зүйн орчныг ярих өрөөсгөл, улс төрийн намын дотоод соёл, дотоод ардчиллын асуудлыг ч ярих ёстой. Дээр нь квотын асуудал бий. Цаашид квотоор явахгүй нь тодорхой болсон. Улс төрийн нам төлөөллийн ардчиллын манлайлал үзүүлэгч гэдэг утгаараа хэвшмэл ойлголтуудтай тэмцэж, дотооддоо эмэгтэйчүүдээ дэмждэг байх  ёстой.  Тэгш өрсөлдөөний зарчмыг хангах зохицуулалтуудыг хангах хуулийн заалт манайд байдаггүй, үүнд анхаарах ёстой.

 

Ч.Сосормаа: Улстөрийн намууд квотыг доод босго бус дээд тааз гэж ойлгоод байна

 

Форумд сонирхолтой илтгэл хэлэлцүүлж, анхаарал татсан  олон шинэ санал дэвшүүлсэн илтгэгч бол  Захиргааны шинэ санаачилга ТББ-ыг үүсгэн байгуулагч,  зөвлөх Ч.Сосормаа  байлаа. Эмэгтэйчүүдийг улс төрд дэмжих, сонгуульд нэр дэвших, сонгогдоход түлхэц өгөх хоёр үндсэн механизмын талаар тэрбээр хөндсөн юм. Энэ хоёр механизмын нэг нь квот, нөгөө нь төрийн санхүүжилтийн дэмжлэг юм. “Квот монголчуудад танил, Сонгуулийн тухай хуулиар  хэрэгжүүлээд 10 гаруй жил болж байгаа. Өнөөдөр 20 хувийн квот хэрэгжиж байна. Энэ босгыг улс төрийн намууд доод босго гэж ойлгохгүй дээд тааз гэж ойлгож түүнээс давуулдаггүй. 20-оос доошгүй хувьд байх ёстой атал ядаж 20 хувьд бариулна гэдэг.  Энэ нь нэг талаар эмэгтэйчүүдийн оролцоог хязгаарладаг, нэг хэм хэмжээнд барьчихдаг. Энэ бол сул тал. Дэлхий нийтэд энэ байдал адил. Нөгөө талаар улс төрийн намын удирдлагуудын ухамсарт нөлөөлдөггүй. Эмэгтэйчүүдийг босго давуулан нэр дэвшүүлэх сонирхол тэдэнд байдаггүй. Ямартай ч квотоо барина, тэгэхгүй бол болохгүй гэх жишээтэй. Сонгуулийн хуульд заасны үүднээс баримтлахаас аргагүй гэсэн байдлаар явж ирсэн. Өнөөдөр төрийн санхүүжилтийн хуулийг авч үзвэл Үндсэн хуульд улс төрийн намууд төрөөс санхүүжинэ гэж баталгаажуулсан.  Иймд төрийн санхүүжилтийн хувь хэмжээ нэмэгдэнэ. Улс төрийн намын тухай хуулийн төсөлд энэ тухай орсон. Гэхдээ улс төрийн намууд төрөөс санхүүжиж байгаагүй гэсэн үг биш. Механизм ч  бас шинэ биш. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд УИХ-д нэр дэвшүүлж байгаа намууд хэрэв сонгогдвол  сонгогчдоос авсан саналын тоогоор нэг удаа, мөн УИХ-д авсан суудлын тоогоор жил бүр санхүүжиж байгаа. Гэхдээ тэр нь ил тод бус юунд зарцуулагддаг нь тодорхойгүй. Энэ мөнгөний 50 хувь тухайн гишүүн тойрогтоо зарцуулах эрхтэй. Одоо энэ байдал төсвийн дэмжлэг нэмэгдэх нь гэж би ойлгож байна. Ер нь төсвийн дэмжлэг ардчилалд оруулах хөрөнгө оруулалт болж улс төрийн намын шинэчлэл болох 5-6 үндэслэл байдаг. Үүнд чиглүүлэх хэрэгтэй. Юуны өмнө намуудын хөгжлийн бодлогыг  нэмэгдүүлэх хөшүүрэг болгох хэрэгтэй. Санхүүжилтийн хараат бус байдлыг хангах,  тэр дотор зорилтот бүлгийг дэмжих дэмжлэг болох учиртай. Мөн сонгуулийн зардлыг бууруулахад төсвийн дэмжлэг үйлчилдэг. Энэ механизмыг үр ашигтай хэрэгжүүлж чадвал төсвийн дэмжлэг, төрийн санхүүжилт нь ардчилалд оруулах хөрөнгө оруулалт болно. Түүнчлэн үүнийг бид квоттой хэрхэн уялдуулах вэ гэдгийг ярих ёстой” гэж илтгэлдээ дурдлаа.

Форумд оролцогчид  “Улс төрийн санхүүжилтийн өнөөгийн нөхцөл байдлын ардчилал, төлөөлөлд үзүүлэх нөлөө”,  “Эмэгтэйчүүдийн төлөөллийг хангахад ээлтэй ус төрийн санхүүжилтийн боломж”, “Төсвийн санхүүжилт ба хүйсийн тэгш байдлыг дэмжсэн санхүүжилтийн хувилбар”, “Улс төрийн санхүүжилтийн хууль зүйн зохицуулалтыг сайжруулах санал” гэсэн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, гарсан санал, дүгнэлтэд тулгуурлан уриалга гаргаж шийдвэр гаргах түвшинд хүргэх юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  Хоёрдугаар САРЫН 17. ПҮРЭВ ГАРАГ. № 35 (6767)