Б.ДОЛЖИНЖАВ

 

XVII жарны "Сайжруулагч" хэмээх усан бар жилийн босгон дээр Монгол Улсын хэмжээнд найман “Улсын хошой аварга малчин өрх” тодорчээ. Цаг уурын хүнд хэцүүг даван 1000-аас дээш тооны мал сүргийг олон жилийн турш өсгөж үржүүлнэ гэдэг хэн бүхний хялбархан гэтлэх даваа биш. Тэр дундаа энэ чухал, хариуцлагатай “алба”-ыг 30 гаруй жилийн турш хашиж “Улсын хошой аварга малчин” болно гэдэг шаргуу хичээл зүтгэл, тэсвэр тэвчээрийн шагнал билээ. Бид 2022 оны “Улсын хошой аварга малчин өрх” Түмэндэмбэрэлийн Мэндсайханы хотноос “Амьдралын тойрог”-оо бэлтгэлээ. Тэднийх Улаанбаатар хотоос 85 километрт Төв аймгийн Эрдэнэ сумын Хушинга багийн нутаг дэвсгэрт аж төрж байна. Эх орныхоо дэлгэр сайхан нутагт арвин ашиг шимт мал сүргээ өсгөн үржүүлж, малч ухаан, туршлагаараа манлайлж хөдөлмөрөө үнэнүүлсэн шагнал, цом, өргөмжлөл, медалиараа өргөө гэрийнхээ хоймрыг чимсэн, цэмцгэр сайхан Монгол айл биднийг угтлаа.

 

Аав ээж нь түүнийг  долоон хүүхдээсээ онцгойлон малчин болгожээ

Увс аймгийн Өндөрхангай сумын уугуул хос гэр бүлээрээ “Илгээлтийн эзэн”-гээр тэртээ 1978 онд Төв аймгийн Эрдэнэ суманд иржээ. Долоон хүүхэдтэй өнөр өтгөн тэдний гэр бүл ганцхан хүүхдээ малд нүдтэй хэмээн онцолж, мал маллах арга ухаанд сургахаар эрс шийдсэн байна. Эцэг эхийн онцгойлон сонгосон хүү ч тэднийхээ итгэлийг алдалгүй тууштай хөдөлмөрлөсөөр “Улсын хошой аварга малчин өрх” цолд хүрсэн нь бидний нийтлэлийн баатар Т.Мэндсайхан юм. “Дөрөвдүгээр ангидаа үнээ сааж байлаа” хэмээн ярих түүний малчин болсон түүх ийм. Түүний аав аймгийн сайн малчин М.Түмэндэмбэрэл нь малд нүдтэй, ухаалаг хүн байжээ. Харин ээж нь хөдөлмөрч, ажилсаг хүн байв.

Энэ тухай  Т.Мэндсайхан “Аав ээж минь долоон хүүхдээсээ намайг л малчин болж чадна гэж сонгосон учир асар их үүрэг хариуцлага гэж хүлээж авсан. Тэднийхээ малч ухааныг өвлөж багаасаа мал дагасны хүчинд өвлүүлэн үлдээсэн өвөлжөөндөө мянгат малчнаас эхлээд Улсын хошой аварга малчин гэсэн эрхэм хүндтэй цолыг хүртлээ. Өвс, ургамал нь тэгширсэн сайхан нутагт 40 гаруй жил амьдарч байна. Хишиг буянаа ч их хайрлалаа. Олон жилийн хөдөлмөр, уйгагүй зүтгэлийн үр шимээ хүртсэнийг ээж, аав минь бурхны орноос харж байгаа болов уу. Малыг хүний өөрийн гэж ялгалгүй адилхан хайрлаарай. Мал сүргээ хайрлаж байж хишиг буянг нь хүртдэг гэсэн суурь хүмүүжлээр өссөн” гэв. Түүнийг ч ээж аав шигээ ажилч, хөдөлмөрч, ямарваа зүйлийг хамгийн сайнаараа хийж, эцсийг нь үздэг тууштайн сацуу төлөв, даруу зантай шударга хүн хэмээн гэргий нь тодотгосон юм.

 

30 гаруй жилийн хугацаанд 15 айлыг малжуулжээ

 Хуримын үеэр 1991 он. Тэрбээр гэргий А.Цэрэнпилтэйгээ гэр бүл болсноос хойшхи 30 гаруй жилийн хугацаанд 15 айлыг малжуулжээ.

Тэрбээр гэргий А.Цэрэнпилтэйгээ 1991 онд гэр бүл болсноос хойш өрх тусгаарлан мал маллаж эхэлсэн юм. Энэ цагаас хойш 30 гаруй жилийн хугацаанд 15 айлыг малжуулж, хоёр айлд бүрэн тавилгатай гэр барьж өгч тусад нь гаргажээ. Тэд анх 2018 онд “Улсын аварга малчин” болсон бөгөөд өдгөө хоёр дахь удаагаа энэ нэр хүндтэй шагналыг хүртэж байгаа нь энэ. Эхнэр нь Төв аймгийн Эрдэнэ сумын уугуул бөгөөд ээж аав нь мөн аймгийн сайн малчид юм.

Энэ тухай А.Цэрэнпил “Бид 30 гаруй жилийн хөдөлмөрөө үнэлүүллээ. “Улсын хошой аварга малчин өрх” болсноор эрч хүч, урам зориг улам нэмэгдлээ. Ийм хүндтэй шагнал авсан учир илүү их хөдөлмөрлөнө. Ээж аав минь Төв аймгийн “Туяа” нэгдлийн үеэс мал малласан. Аав аймгийн алдарт уяач, аймгийн сайн малчин. Нэгдэлд ажиллаж байхдаа ээж аварга саальчин, гавшгай малчин байсан. Хөдөө тог, ус, түлээ гэсэн бүх зүйл үнэгүй, малчдын хүүхдүүдийг үнэгүй дотуур байранд суулгаж төрөөс дэмжиж байна. Тиймээс хотын захад тоггүй, хүүхдүүдээ сургуульд сургаж чадахгүй амьдарч байгаа хүмүүсийг хөдөө мал маллаасай гэж хүсдэг. Малчин ховордсон энэ үед хотод ажилгүй байгаа хүмүүсийг сум, аймагтай гэрээ хийгээд малчидтай холбож өгч дэмжих хэрэгтэй” гэж ярилаа.

Т.Мэндсайхан ч эхнэртэйгээ ижилхэн бодол тээж явдаг аж. Энэ тухай “Суурин газар ажилгүй байгаа хүмүүсийг хөдөө орон нутгийн малчдад хариуцуулаад малжуулах төсөл төрөөс хэрэгжүүлээсэй гэж боддог. Хөдөө малчдын эрэлт их байгаа үед ажилгүйдэл, ядуурал байх ёсгүй. Энэ нь хүмүүсийн бэлэнчлэх сэтгэлгээтэй холбоотой гэж боддог. Мал маллах хэцүү ч хамтын хүчээр бүхнийг даван туулна” гэсэн юм.

Тэд зун 04:30, өвөл 05:30 цагт босч ажлаа эхлүүлдэг эртэч хүмүүс. Зундаа 30 гаруй үнээ саадаг учир нарны эртэд саалиа авч, сүү цагаан идээгээ боловсруулахыг эрмэлздэг аж. Учир нь хонины ноосоо түүх, хот хороогоо цэвэрлэхээс эхлээд малчдын ажил дуусашгүй их гэдгийг А.Цэрэнпил онцоллоо. Биднийг очих үеэр тэрбээр “Тэжээж байгаа малдаа өвс тавьж өгөх цаг болжээ” хэмээн хашаандаа биднийг угтсан юм. Одоогоор тэд 2000 орчим тоо толгой мал өсгөж байна. Шинэ төлөө гуравдугаар сарын 20-ноос хүлээн авдаг бөгөөд энэ хавар 800 гаруй толгой мал төллөх аж.

 

“Залуу малчдын залгамж халаа тасарлаа”

 

Монголчууд нүүдэлчин иргэншлээс суурин руу шилжиж эхэлсэн цагаас малчин ховордож, тэр дундаа залуу малчдын залгамж халаа тасрах шахаж буйг малчид болоод судлаачид сануулсаар буй. Тиймээс малчдадаа дан ганц цалин өгөхөөс илүүтэй өөрийн гэсэн мал хөрөнгө, гэртэй болгон, амьдрал ахуйг нь дээшлүүлж, шинэ малчдын тоог нэмэхийн төлөө Т.Мэндсайхан хичээн ажилладаг юм.

Энэ талаар тэрбээр “Олон төрлийн ажил хийж байсан үе тэнгийн 40 гаруй насны малчид зарын дагуу ирдэг. Тэднийгээ суурь хөрөнгөтэй болгохыг зорьдог.Би өөрөө хөдөлмөрөө үнэлүүлэх, бусдын хөдөлмөрийг ч үнэлэх дуртай. Гэхдээ нэг айлд 2-3 жил болж малын ашиг шимийг  хүртэнэ. Түүнээс 1-2 сар болоод өөрийн гэсэн мал ахуйтай болохгүй. Хүсэл сонирхлоо дагаж тууштай хөдөлмөрлөж байгаа хүн амжилтад хүрдэг. Малчин гэдэг хүйтэнд хөрж, халуунд халдаг мэргэжил учраас шантрах зүйл ихтэй. Энэ бүхнийг даван туулсан хүн  малчин болно. Яг одоогийн цаг үед залуу малчин ховордлоо. Ихэнх нь суурин газар амьдрах сонирхолтой болсноос удам залгасан малчид тасрах эрсдэлтэй байна” гэв.

Мал төллөх үеэр малчид бүтэн жилийн хөдөлмөрийн шимээ хүртдэг. Тиймээс төлийг эсэн мэнд хүлээн авна гэдэг малчны хамгийн чухал, хариуцлага шаардсан ажил байдаг билээ. “Өвлийн цагт дулаан, өвс сайтай газрыг сонгоно. Хавартаа мал сайн тогтох, нөмөр газрыг сонгож, нэг хонь, ямаа бүрийг сайтар тордож, төлөө бүрэн бүтэн хүлээн авч бойжуулахыг эрмэлздэг” гэж “Улсын хошой аварга малчин” Т.Мэндсайхан ярилаа.

Тэрбээр радиогоор цаг агаарын мэдээллийг тогтмол сонсохын сацуу тэнгэрийн байдлыг ажиглан мал сүргээ аль зүгт бэлчээх, хэзээ хотлуухаа шийддэг байна. Энэ тухайгаа “2001 онд хүчтэй цасан шуурга болоход аав амьд сэрүүн байлаа. Хамт хотондоо ороход олон хонь хургалаад цасанд дарагдсан байхыг харахад  маш хэцүү, сэтгэл их эмзэглэсэн. Тухайн үед 500 гаруй хонь хургалснаас  нэг хониноос нөгөө рүү дамжуулж сэлгэж хөхүүлсээр 150 хургийг эсэн мэнд бойжуулж авсан. Малаа цаг үргэлж сайн харж, эрсдэлд орохоос хамгаалж байж л үр шимийг нь хүртэнэ. Манай сүрэг онд хүч тарган сайн орсон.  Ер нь өвөл хүчийг нь тогтоож хариулах хамгийн чухал нь. Учир нь хүч тарга сайтай мал хаврыг өнтэй сайн давж, төвөггүй сайн төллөдөг. Өвөл онд ядруу орсон мал төл авахад хэцүү, эрсдэл ихтэй байдаг. Сүүлийн жилүүдэд өвс, ургамал муу ургаж байгаа учир өвс тэжээлээ сайн бэлддэг. Мөн хужир өвлийн цагт малд хүч тогтоодог үр шимтэй” гэсэн юм.

 

“Илгээлтийн эзэд”-ийг дахин сэргээе

1985 он. Гэр бүлийн хамт.

Т.Мэндсайханы ээж аавыг мал маллаж байсан 1980-аад онд ХААИС-ийн оюутнууд ирж нэг сар мал төллүүлэхэд нь туслангаа дадлагаа хийдэг байжээ. Тухайн үед ээж аав дээр нь илгээлтээр ирж байсан оюутан нь Төв аймгийн Хөдөө аж ахуйн газрын мэргэжилтэн болоод Т.Мэндсайханыг 2015 онд Аймгийн сайн малчин болоход шагналыг нь гардуулан өгчээ. Энэ тухай түүний гэргий А.Цэрэнпил “Тухайн үед манай хүн жоохон хүүхэд байсан юм билээ. Хоёр биенээ таниад тэд их баярласан. Амьдрал их сонин шүү” хэмээн хуучлав.

Өдгөө ч энэ уламжлал хэвээрээ юм байна. Тухайлбал, ХААИС-ийн малын эмчийн ангийн төгсөх курсийн оюутнууд нэг сарын дадлагаа хийхээр тэднийд 2017 оноос хойш ирдэг болжээ. Эдгээр оюутнууд яг төлийн үеэр ирдэг учир их тус болж, тэднээс олон зүйлийг сурдаг гэж тэд ярилаа. Нэг улиралдаа Төв аймгийн Эрдэнэ суманд 150-160 илгээлтийн оюутан ирдэг байна. Тэднийг оюутан авна гэсэн айлуудад нь хуваарилан өгдөг аж.

Энэ талаар Т.Мэндсайхан “Нэг ээлжиндээ 5-6 оюутан төлийн үеэр ирээд  мал төллүүлж, хонинд явж, хот хороо цэвэрлэхэд тусалдаг. Ихэнх нь малчдын хүүхэд учир малаа сайн мэднэ. Мал төллөж чадахгүй бол багштайгаа хамт хагалгаа хийгээд гаргачихдаг. Их чадварлаг. Мөн өвчилсөн малыг эмчилнэ. Цар тахлаас болоод сүүлийн хоёр жил ирсэнгүй. Энэ хавар ирэх нь үү, үгүй юу. Үүнийг орчин үеийн “Илгээлтийн эзэн” гэж боддог. Малын эмчийн оюутнуудаасаа их зүйл сурдаг. Энэ дадлагаа үргэлжлүүлээсэй гэж хүсч байна” гэлээ.

Харин гэргий нь “Оюутнуудтайгаа их холбоотой. Утсаар ярина.  Бидэн дээр эргэж ирнэ. Олон аймагт очиход танил оюутнуудтайгаа таардаг. Цагаан сараар ирж золгоно. Явахдаа аймаг сум, нэр, утасны дугаараа бичээд үлдээдэг юм” хэмээн жагсаалт бүхий дэвтэр бидэнд үзүүллээ. Зарим малчин айлын хүүхдүүд ирээд “Мал төллүүхэд ийм их хөдөлмөр шаарддаг юмуу. Төлийн үеэр гэртээ очдоггүй болохоор мэддэггүй байж. Ээж аавыгаа ямар их хөдөлмөрлөдөгийг биеэр мэдэрлээ” гээд буцдаг байна.

Яриа хөөрөө сайтай, хөдөлмөрч, хичээнгүй, эелдэг энэ айлын  хоёр хүү нь хоёул Улаанбаатар хотод амьдардаг. Том хүү нь 30, бага хүү нь 25 настай бөгөөд тэд  хэдийнэ анхны ачаа өлгийдөн авч өвөө эмээ болжээ.

Зургаан настайгаасаа хойш жилийн дөрвөн улиралд мориор малаа хариулж байгаа Т.Мэндсайхан мотоцикль, машинаар мал харах нь өвс ургамлын гарцыг муудуулж, малын тарга хүчинд муу гэдгийг сануулав. Учир нь намар өөхөн тарга авсан малыг машин техникээр цочоох, мотоциклиор хариулахад тарга тэвээрэг нь хайлаад алга болдог аж. Эмээл тохоод морь унаад явах нь эрүүл мэндэд асар их тустай гэж ээж аав нь сургажээ. Ер нь дээл өмсөөд мориор малаа хариулах нь малчин хүний өвөрмөц нэгэн өв соёл гэдгийг “Улсын хошой аварга малчин” Т.Мэндсайхан онцолсон юм. Монголын мал аж ахуйн салбараа улам их хөгжүүлж, өсөн дэвжүүлэхийн төлөө сэтгэл зүрхээ зориулах хөдөлмөрч, тууштай малчдын залгамж халаа хэдэн зуун дамжин үргэлжлэх болтугай.

1984 он. Дөрөвдүгээр ангийн сурагч байхдаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  ХОЁРДУГААР САРЫН 14. ДАВАА ГАРАГ. № 31, 32 (6763, 6764)