С.УЯНГА
Засгийн газрын тогтоолоор Гадаадын иргэний эрх зүйн байдлын хуулийг үндэслэн “Монгол Улсын визийн төвийн байршлыг тогтоох, сонгон шалгаруулах, гэрээ байгуулан ажиллах журам”-ыг УИХ-аар баталсан юм. Журамд зааснаар Визийн төв нь виз мэдүүлэгчийн паспорт, мэдүүлгийг хүлээн авах, уг мэдүүлэг болон холбогдох бичиг баримтуудын үнэн бодит байдлыг хянасны үндсэн дээр Монгол Улсын холбогдох Дипломат төлөөлөгчийн газарт дамжуулан өгөх, Дипломат төлөөлөгчийн газрыг төлөөлөн визийн хураамжийг хураан авч, төсөвт саадгүй төвлөрүүлэх үүрэгтэй байх юм. Мөн Монголыг сурталчлах, аялал жуулчлалтыг татах гээд онцгой үүрэгтэй ажиллах визийн төвийг шаардлага хангасан хуулийн этгээд ажиллуулах нь нээлттэй байхаар тусгажээ. Журмын онцлох заалтуудыг хүргэж байна.
-Визийн төв нь визийн мэдүүлэг хүлээн авах, мэдүүлгийн үнэн бодит байдлыг хянан шалгасны үндсэн дээр виз олгох байгууллагад дамжуулах, бичилт хийж, виз мэдүүлэгчид хүлээлгэн өгөх үйл ажиллагааг эрхлэх хуулийн этгээд байна.
-Визийн төвийн байршлыг визийн үйлчилгээний ачаалал, аялал жуулчлалыг татах, нэмэгдүүлэх, визийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилтыг харгалзан тогтооно.
-Шаардлагатай тохиолдолд Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар байрладаггүй улс, бүс нутагт байгуулж болно.
-Визийн төвийг нээн ажиллуулах нь төр-хувийн хэвшлийн түншлэлд үндэслэх бөгөөд улсын төсвөөс аливаа зардлыг санхүүжүүлэхгүй.
-Визийн төвийн байршлыг тогтоохдоо Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын дэргэд байгуулах зарчмыг баримтална. Энэ тохиолдолд Монгол Улсаас тухайн улс, хотод хавсран суугаа Дипломат төлөөлөгчийн газар хариуцна
-Визийн мэдүүлэг, виз олголттой холбоотой мэдээллийн сан, виз мэдүүлэгчийн хувийн нууцыг хамгаалах үүрэгтэй бөгөөд мэдээллийг гуравдагч этгээдэд өгөхгүй, задруулахгүй, дамжуулахгүй .
-Монгол Улсын визийн төвийн үйл ажиллагааг эрхлэн явуулах хүсэлтэй шаардлага хангасан хуулийн этгээд нь хүсэлтээ визийн төв байгуулах улсад суугаа болон хавсран суугаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газраар дамжуулна.
-Мөн гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад шууд гаргаж болно.
-Визийн төв нээн ажиллуулах хүсэлтээ ирүүлсэн хуулийн этгээдүүдээс сонгон шалгаруулж, гэрээ байгуулах үүрэг бүхий 7-оос доошгүй хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр байгуулна.
-Шалгаруулах бүрэлдэхүүнд гадаад харилцаа, хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, гадаадын иргэний асуудал хариуцсан болон тагнуулын байгууллагын эрх бүхий албан тушаалтныг оролцуулна.
-Ажлын хэсэг нь хүсэлтээ ирүүлсэн хуулийн 30 хоногийн дотор сонгон шалгаруулж гэрээ байгуулна.
-Визийн төв байрладаг улсын иргэдийг визийн шаардлагаас чөлөөлсөн бол татан буулгана.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ Хоёрдугаар САРЫН 9. ЛХАГВА ГАРАГ. № 28 (6760)