-Монгол Улсыг Хятадад эвийн аргаар нэгтгэхэд туслах нийгэмлэг Монголд ил тод ажиллаж байна гэвэл итгэх үү-

M.СУГАР

“Монгол Улс, Хятад улс энх тайвнаар нэгдэхэд  дөхөм үзүүлэх нийгэмлэгээс Бээжингийн өвлийн олимпыг амжилттай өндөрлөхийг ерөөе” гэсэн лоозун барьсан хэсэг нөхөд хятадаар Сүхбаатарын талбай дээр цагаан сарын мэндчилгээ дэвшүүлж  буй бичлэг сошиалаар хүчтэй явж бна. Энэ бол  эвлүүлэг гэх хүн байгаа ч  дөрвөн өдрийн өмнө бодиттой болсон бололтой.

Монгол Улсын жагсаж цугларах тухай  хуулийг бүр мартая. Тусгаар улсын төрийн ордны өмнө ийм ноцтой үйлдэл хийсэн хятадууд Монгол Улс дахь Хятад-Тайванийн энхийн замаар нэгдэхийг дэмжих нийгэмлэгийнхэн бар жилийн мэнд дэвшүүлcэн мэт ариун цагаан тайлбар хийж амиа хоохойлж буй бололтой.  Гэтэл барьсан бичгийг нь үгчилэн харваас “Монгол Улс, Хятад улсын энх тайвнаар нэгдэх үйлст түлхэц өгөх нийгэмлэг”… гэж ханз гадарладаг  хэнбугайд  тодорхой, цагаан дээр улаанаар бичсэн байгаа нь хаашаа ч бултах аргагүй.

Монгол Улсын Ерөнхий сайд  хөршдөө дээд хэмжээнд айлчлал хийж, найрсаг харилцаа хамтын ажиллагаагаа харуулж байхад нь өөдөөс нь ус цацаж, ийнхүү өдөөн хатгаж даапаалмааргүй юм.

Иргэдээ дотоод гадаадад хаа ч байсан  хатуу хянадаг БНХАУ-ын иргэд мөн агаад  найрсаг  харилцаат Монгол Улсын Төрийн ордны өмнө  ийм үйлдэл хийж байгаа нь лавтай бол үүнийг юу гэж ойлгох вэ?. Тэдний энэ үйлдлийг улс төрийн асуудал болгон Монгол Улс Бээжинд гомдол мэдүүлэхэд ч  багадахаар байна.  

Монгол Улсыг  Хятадад нэгтгэхийг санаархсан элдэв пост  Хятадын сошиалаар байнга явдаг ч  Монгол Улс тэвчээртэй аргагүй дуугай явсаар ирсэн байдаг. Хэвлэл мэдээллийн хатуу хяналттайгаас гадна иргэдийнхээ зан авир, үйл  хөдөлгөөн бүрийг цахимаар алхам тутамд нь хянадаг Хятадын төр засаг энэ бүхэнд  мэдээгүй мэт дүр эсгэсээр ирсэн нь нууц биш.  Хоёр жилийн өмнө  Хятадын Гадаад хэргийн сайд Ван И нь Монгол Улсад айлчлан ирэхэд  нь ӨМӨЗО дахь монгол хэлний хязгаарлалтын талаар   манай эрх баригчид байр сууриа олигтой илэрхийлээгүйгээс болж дотоодод төдийгүй  гадаадад  нэлээд дуулианд өртөж шүүмжлүүлж байсан билээ.

Эх сурвалж: polit.mn