З.Батцэцэг
Жан-Поль Сартр /1905-1980/ Францын зохиолч, гүн ухаанч, нийтлэлч. Түүний бүтээлийн гол сэдэв: ганцаардал, эрх чөлөөний хайлт, оршихуйн утгагүй байдал. 1964 оны Нобелийн утга зохиолын шагналт.
Жан-Поль Сартр 1905 оны 6 дугаар сарын 05-нд Парист төрсөн. Аав нь цэргийн офицер байсан. Түүнийг нэг настай байхад аав нь нас барж, ээжтэйгээ үлдсэн.
“Намайг 8 настай байхад би ээж, эмээ, өвөөтэйгээ амьдардаг байлаа. Эмээ католик. Өвөө протестант шашинтай. Оройн хоолны үеэр тэд бие биенийхээ шашныг шоолж, инээлддэг байсан. Гэхдээ миний хувьдаа хийсэн дүгнэлт бол аль ч шашин нь ямар ч үнэ цэнгүй юм байна гэж бодсон” гэж дурссан байдаг. Эмээ нь түүнийг суут хүн гэж боддог. Ээж нь агуу зохиолч болно гэж найддаг байжээ. Харин залуу насандаа тэр өөрийгөө хүний нүдээр дэлхийг хардаг “хуурамч” нэгэн гэж үздэг байж. 15 настайдээ тэрбээр хүмүүсийн харилцаа зөвхөн хүчирхийлэл дээр тогтдог гэж бат итгэдэг байжээ. Түүхэн үйл явдлууд түүний бодлыг улам баталсан байна. 1959 онд тэр “Миний үеийхэн хоёр хүчирхийллийг үзсэн. 1914 оны дайн. Бидэнд бурхан бидний талд гэж ойлгуулж байсан. Дараа нь 1917 оны оросын хувьсгал. Намайг сургуульд ороход хэн ч хүчирхийллээс татгалзах ёстой гэж хэлж байгаагүй” гэж бичсэн байдаг.
Сартр маш их ном уншдаг байсан. Ангийхан нь түүнийг шоолж “Сартр нойрондоо л юм бодохоо больдог байх” гэдэг байжээ. Гэхдээ тэр бүх цагаа сурахад бас зориулж байгаагүй. Бусад оюутнуудын адил байсан. Түүний эхнэр Симон де Бовуар “Тэр их гоё дуулдаг, сайхан хоолойтой. Жил бүр сургуулийн баяраар захирал Г.Лансоны дүрд хувирдаг байлаа. Оффенбахын “Үзэсгэлэнт Елена” дуурийг өөрийн хэв маягаар дуулдаг. Америк жааз түүний дуртай хөгжим” гэж дурсан бичсэн байдаг.
Сургуулиа төгсөөд Гаврын лицейд гүн ухаан зааж эхэлсэн. 1929 онд тэр Симон Бовуартай танилсан. Симон тухайн үедээ ер бусын сэтгэдэг нэгэн байсан. Тэр орчин үеийн феминизмын загалмайлсан ээж болох үүргийг өөртөө үүрсэн юм. Сартр намхан, бүдүүн, нэг нүд нь сохор. Харин Бовуар дэгжин, тод өнгийн торго эсвэл тас хар хувцас өмсдөг. Гэвч Бовуард түүний өгөөмөр зан, хошигнол, ухаан, мэдлэг нь таалагджээ. Тун удалгүй тэр хоёр нэгэн зорилготой болох нь тодорхой болов. Хөрөнгөтний үзлийг халж, шинэ гүн ухааны урсгалыг үүсгэхийг хүсэж байлаа. Тэр насан туршдаа эхнэрийхээ редакторын мэдрэмж, ухаанд итгэсээр ирсэн. Тэр хоёр үүрд хамтдаа байх ч нэгнийхээ эрх чөлөөг хязгаарлахгүй гэж анхнаасаа тохиролцжээ. Гэр бүл, үнэнч байна гэдгийг анхнаасаа хүлээн зөвшөөрөөгүй. Сартрт энэ тохиролцоо таалагдаж байсан. Бие биедээ бүх зүйлээ нуулгүй ярьж, илэн далангуй байна гэж тохирчээ. Тэд нэгнээсээ хол байх шаардлага гарвал үргэлж нэгэндээ бичдэг байж.
1933-1934 онд Сартр Берлин дэх Франц их сургуульд феноменлог суралцан, түүнээс хойш гүн ухааны ажлаа үүн дээр тулгуурлан хийдэг болжээ. Дайнаас өмнө түүний “Төсөөлөл”, “Төсөөлөлтэй”, “Сэтгэл хөдлөлийн онолын тойм зураг” бүтээлүүд хэвлэгдэн гарч, тэр алдарт гарчээ. Дайн эхэлхэд Сатрт армийн ангид цаг уурчын алба хашиж байсан.
1940 оны 5 дугаар сард Сартр хэдэн сая францчуудын хамт дайнд олзлогдогсдын хуаранд хүргэгдэв. Ингэснээр түүний өмнө хувь тавилантайгаа эвлэрэх эсвэл Францыг чөлөөлөхийн төлөө тэмцэх сонголт бий болжээ. Тэр тэмцлийг сонгосноор өөрийн ирээдүйн улс төр, уран зохиол, гүн ухааны хувь тавиланг тодорхой болгосон юм.
1941 онд тэрээр эрүүл мэндийн шалтгаанаар суллагдан Парист иржээ. Энд тэрбээр “Социализм ба эрх чөлөө” нэртэй нууц бүлгэм байгуулсан. Сартр социализм эрх чөлөө дутагдаж байна гэж үздэг. Тэр энэ санаагаа гуч гаруй жил сэтгэлдээ тээжээ. Нууц бүлгэмд тэр бараг л юу ч хийж чадаагүй. Харин “Ялаа” зохиолоор анх удаа жүжиг дэглэжээ. Экзистенциализмын системд онцгой зарчи байхгүй гэдгийг ойлгоход тэр бараг 10 жил зарцуулсан байна.
1952 онд тэр Альбер Камю бичсэн ил захиандаа “Бидний эрх чөлөө гэдэг бол эрх чөлөөний төлөө тэмцэх чөлөөт сонголт юм” гэжээ. Тэрбээр ажилчин ангийг ашигладаг капитализмын, колончлол, америк империализмын эсрэг үзэлтэй нэгэн. Энэтхэг-Хятадын дайны эсрэг тэмцэгч усан цэрэг Анри Мартеныг тэр дэмждэг байв. Тэр 1956 он хүртэл коммунизмтай нягт холбоотой байлаа. Унгарт болсон явдлаас үндэслэн тэр “Сталины сүнс” нийтлэлийг хэвлүүлсэн.
Улс төр түүний урмыг их хугалсан бөгөөд “Диалектик сэтгэлгээний шүүмжлэл” бүтээлээ хоёр боть болгох хүсэлтэй байв. Эхнийх нь онол, хийсвэр судалгааны талаар. Дараах нь түүхийн тайлбар. Гэвч тэрээр 2 дахь ботийг бичихээс татгалзсан юм. Эхний боть нь 1960 онд хэвлэгдэн “унших боломжгүй мангас” нэр зүүжээ. “Бүх оюун санаа, соёлын үндэс бол марксизм” гэж Сартр хэлэн олон хүнийг алмайруулав. Симона Бовуар хэлэхдээ “Сартр “Шүүмжлэл” номыг бичиж байхдаа тамхи их татахаас гадна, эм хэтрүүлэн хэрэглэснээс болоод, угийн хараа муу байсан дээрээ бараг сохорсон. Тэрээр сүүлийн 7 жил бараг сохор байсан” гэсэн байдаг.
1964 онд тэрээр Нобелийн утга зохиолын шагналыг хүртсэн. Тэр энэ шагналаас (бараг 26 сая франк) татгалзсанаар бас дахин олныг алмайруулав. Үүнийгээ тайлбарлахдаа улс төрийн утга агуулсан учраас татгалзсан гэжээ. “Хөрөнгөтний эсрэг тэмцдэг хүнийг хөрөнгөтний элитэд оруулах санаатай байна. Хэрвээ манай Засгийн газар ард түмнийх байсан бол би энэ шагналыг дуртайяа авах байсан. Харин энэ бол “тэнэмэл хүү” хөрөнгөтний эгнээнд буцаж ирж байгаа юм шиг харагдаж байна” гэжээ.
1968 оны 5 дугаар сард францын оюутнуудын хөдөлгөөн өрнөж, 63 настай Сартр “хөрөнгөтний дарангуйллыг” буулгах цаг болсон хэмээн хөдөлгөөнд нэгдэв. Гэвч де Голлийн Засгийн газар маш хурдан эмх замбараагүй байдлыг гартаа оруулан цэгцлэхэд Сартр тэднийг “хувьсгалаас айж байна” гэж үзээд улс төрийг орхихоор шийджээ.
1970 оны хавар тэр “Ардын хэрэг” маоист сонины редактор болдог. Үүнийгээ тайлбарлахдаа энэ сонинг цагдаагийн мөрдлөгөөс хамгаалах зорилготой гэжээ.
1974 оны ерөнхийлөгчийн сонгуульд тэр саналаа өгөхгүй гэдгээ мэдэгдсэн. Үүнийг Симона Бовуар тайлбарлахдаа “Тэр энэ бүгдээс ангид байхыг хүсэж байна” гэжээ.
1979 онд тэрээр амьдарлыхаа сүүлчийн улс төрийн тэмцэлд оролцсон. Энэ нь Вьетнам дүрвэгсдийг хүлээж авах байлаа. “Хэдэн арван мянган хүн хэврэг салаар, задгай тэнгист гаран, хүний нутагт орогнол хүсхээр иржээ. Замдаа тоолж баршгүй олон нь амиа алдсан. Хувь хүн бүрийн эрх чөлөөний төлөөх тэмцэл үзэл суртлаас хамаагүй илүү” гэжээ.
1980 онд түүнийг нас барахад, өөрийх нь хүсэлтээр албан ёсны оршуулга зохион байгуулагүй юм. Францын алдарт зохиолч, зүүний хөдөлгөөний идэвхтэн, тухайн цаг үеийн томоохон гүн ухаанч тэрээр чин сэтгэлийг илүүд үздэг байсан нэгэн. Түүнийг оршуулах явцад 50 мянган хүн нэгдсэн юм.
Эх сурвалж: zms.mn