Б.ДАМДИН-ОЧИР
Өөрсдийнх нь хэлдгээр, АН бол Монголын улс төрийн багана болсон хоёр том намын нэг юм. 1990-ээд оны ардчиллыг өмчилдөг таван нам нийлж, 2000 онд АН болсон. Түүнээс хойш 22 жил өнгөрчээ. Сонгуульд ялж үзсэн. УИХ-д олонхи болж үзсэн. Ерөнхийлөгчтэй байж үзсэн. Төрийн эрхийг атгаж үзсэн. Засаг барьж ч үзсэн.
Ийм тийм байсан үе бий. Саяхныг хүртэл шүү.
2012 онд ялаад засаг барьж, төр атгаж гангарч явсан АН-ынхан 2016 онд навс ялагдсан. Тэгээд л сүр сүлд нь зайлсан гэхэд болно. 2016 оны тэр их ялагдлын дараа АН-ынхан үндсэндээ тарж одсон. Тэгж яваад 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн сурагаар он гарангуут цуглаж, намын даргаа сонгосон. Таван “гар” нэр дэвшиж, С.Эрдэнэ дарга болсон. С.Эрдэнийг АН-ын дарга болоход Баабар урт урт нийтлэлүүд бичиж байсныг санаж байна. Энэ хоёр тэтгэвэр, нийгмийн даатгалын хэрүүл хийдэг, хоорондоо маш муу. Тэр утгаараа ч юм уу, Баабар “...Эрдэнэ намын дарга болно гэдэг сайн. АН ёроолдоо хүртэл унана гэсэн үг. Тэгээд сэхнэ” гэсэн утгатайгаар бичиж байв.
Үнэхээр ч АН ёроолдоо тултал унасан. Баабар үнэн хэлсэн юм. Гэхдээ эргэж сэхэхгүй байна. Баабар буруу тооцсон бололтой.
Ер нь бол АН ингэж ёроолдоо унасан нь С.Эрдэнийн буруу биш. С.Эрдэнэ 2017 оны хоёрдугаар сард АН-ын дарга болсон. Тэр жилийнх нь Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулга ялсан. Харин 2020 оны УИХ-ын сонгуульд ялагдсан. Ялагдалдаа дүгнэлт хийсэн. Буруугаа хүлээгээд ажлаа өгсөн. ХЭГ-аас нь дэд дарга Ц.Тувааныг намын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон. Тэр үеэс хойш АН хэсэгтээ С.Эрдэнээс хамааралгүй явсан. Гэвч 2021 оны Ерөнхийлөгчийн сонгууль, Орон нутгийн сонгуульд намаа эргээд удирдаж орсон. Ялагдсан л даа. Ялагдахаас ч аргагүй нөхцөл АН-д үүсчихсэн байсан.
АН-д одоогийн гүнзгий ангал үүсэх нөхцөл аль 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш үргэлжилсэн. Тэр үеэс л ойр ойрхон “газар хөдөлж” байжээ. Тав дахь Ерөнхийлөгч АН-ыг гартаа авахаар ноцолдсон. Дөрөв дэх нь ч мөчөөгөө өгөлгүй үзсэн. Угтаа энэ хоёрын хөлд АН үрэгдчихсэн. Хоёулаа маш энтертайнментлаг, шоулаг, PR-лаг учраас энэ муу С.Эрдэнэ АН-ын хагарлын хойд хар овоохой болчихсон юм.
АН-ыг бас балиар харагдуулж байгаа хэсэг бүлэг хүн УИХ-д байна. УИХ дахь АН-ын бүлэг гэдэг нэртэй. Сүүлийн үед даваа гариг бүрийн “Бүлгийн мэдээлллийн цаг”-аар хэрүүл яриад зогсчихно.
Одоо тэдний хэн нь бүлгийн дарга вэ, хэн хэн нь энэ бүлэгт байдаг вэ, хэнийг хассан, хэнийг нэмсэн бэ гэдэг үнэхээр тодорхой бус. Тэднийг дансалж авдгаараа спикер Г.Занданшатар л мэдэж байж магадгүй.
АН-ын бүлэг гэх гишүүдийн үйл ажиллагаа бол тэр чигээрээ эмгэнэлт инээдмийн драм болсон. Тэд энэ чигээрээ явбал удахгүй АН-ыг хошин шогийн театр болгоод, өөрсдөө гавьяат цол хүртэх байлгүй.
Гэхдээ эд нар ийм байгаа нь Төрийн ордны гадаа байгаа ч улс төрийн хор, жонхуу хутгаж суудаг “экс”-үүдтэй л холбоотой.
Энэ хэдхэн хүнтэй бүлэг юу ч биш, хэдэн мянган хүнтэй намыг хэд хэдэн мянгаар нь хуваачихаад сууж байна гэдэг ажилдаа гаршсан, сайны л шинж. АН-д одоо дарга бий. Хоёр “экс”-ийн хүмүүс. Бас л хэрүүл уруулдаа сайн. Намаа улам нарийсгаж хуваагаад баллаж байх шиг байгаа юм. Гэтэл АН-ыг одоо ахиад сэхээе гэвэл ганцхан л гарц бий. Дээд шүүхийн бүртгэлд байгаа цорын ганц даргаа тойрч нэгдэх ёстой юм. Дээд шүүхийн Улс төрийн намуудын бүртгэлд АН-ын дарга гэсэн хэсэг онгорхой байдаг болчихсон. Харин Үүсгэн байгуулах баримт бичгийн тухай хэсэгт “...2017 оны хоёрдугаар сарын 12-ны өдрийн АН-ын VII их хурлын 03 дугаар тогтоолоор АН-ын даргаар С.Эрдэнэ сонгогдсоныг Дээд шүүхийн 2017 оны гуравдугаар сарын 15-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор бүртгэсэн” гэж тэмдэглэжээ. Түүнээс хойш АН-ын даргын талаарх бүртгэл, тэмдэглэл алга.
Доохно нь Дээд шүүхэд бүртгүүлсэн огноо гэдэгт “... Дээд шүүхийн 2021 оны нэгдүгээр сарын 14-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор Дээд шүүхийн цахим бүртгэлд Ц.Тувааныг АН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр бүртгэснийг хасаж, АН-ын даргаар бүртгүүлэх С.Эрдэнийн хүсэлтийг хангахаас татгалзсан “ гэж тэмдэглэжээ. Үүрэг гүйцэтгэгч бол жинхэнэ дарга биш. Үүнийг ч Дээд шүүх, СЕХ баталж, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгууль, Орон нутгийн сонгууль, УИХ-ын нөхөн сонгуулиар С.Эрдэнэтэй “хамтарсан” байдаг. Өөрөөр хэлбэл, С.Эрдэнийн тамга хүчин төгөлдөр болохыг нотолсон. Тэгэхээр АН-ынхан хэд ч хуваагдаж Онц их хурал зохион байгуулаад, хэдэн ч удаа хэвлэлийн мэдэгдэл хийгээд нэмэргүй. С.Эрдэнэгүй чадахгүй. Дээд шүүхэд данстай С.Эрдэнэ л АН-ыг нийлэхэд, өндийхөд хэрэг болно. Уг нь үүнийг “экс”-үүдээс эхлээд бүгдээрээ мэдэхийн дээдээр мэдэж баймаар юм. Тэгсэн атлаа том том улс төр ярьж, тойрч гүйгээд л байна. С.Эрдэнээс эмээдэг юм уу, эсвэл ичээд байдаг юм уу.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 25. МЯГМАР ГАРАГ. № 18 (6750)