Ч.ЗОТОЛ
Ардчилсан намын 4:11 мэдээллийн цагаар тус намын дэд дарга Б.Гарамгайбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр, дэд дарга Д.Ганбаяр тэргүүтэй төлөөлөл мэдээлэл хийлээ. Тэдний байр суурийг хүргэе.
Ч.Өнөрбаяр: Үндсэн хуулийг дээдлэх санаа хөсөрдлөө
Монгол Улсын бодлогыг хэн нэгэн гадна, дотноос заадаг биш дэлхийн бусад орнуудтай эн тэнцүү харилцдаг биеэ даасан, энхийг эрхэмлэсэн гадаад бодлого явуулах суурь зарчмуудыг бид зарлан тунхагласан. Манай улс Ардчилсан үндсэн хуулиа баталснаар дэлхийтэй ойртсон. Залуус гадагшаа явж сурч боловсорч байна. Энэ бол сайн үр дүн. Гэхдээ Үндсэн хуулийг дээдлэх гэдгийг сайд, дарга нар буруу ойлгож ирсэн. Хууль дээдлэх нь Төрийн ордонд залаатай байх, Ерөнхийлөгч болоод тангараг өргөхдөө ашигладаг зүйл биш. Ардчилсан Үндсэн хуультай байна гэдэг УИХ-ын гишүүн болоод тангараг өргөхөд ширээн дээр тавьдаг зүйл ч бас биш. Энэ бол төрийн өндөр албан тушаалтнууд үйл ажиллагаандаа өдөр бүр мөрдлөг болгож байдаг, ард түмний оюуны үнэт зүйл юм. Үндсэн хууль тогтоогч нь ард түмэн байдаг. Гэтэл манайхан Үндсэн хуулийг дээдлэх санаа хөсөрдөж, дээгүүр нь алхдаг болсон. Сонгогдохын өмнө өөр зүйл яриад, сонгогдож гарсны дараа хуулиа үгүйсгэдэг. Үндсэн хуульд төрийн эрх мэдэл харилцан хяналт тэнцвэртэй байна гэдгээр асуудал шийдэгддэггүй. Нэг нам дангаараа ноёлсон үед Үндсэн хуулийн зүйл, заалт тунхаг болж үлддэг юм байна.
Цаашид ардчилсан Үндсэн хуулиар явна гэвэл Үндсэн хуулийн тэнцвэр нь парламентад суудалтай улс төрийн бодит хүчний харилцаан дээр оршин тогтнодог. Үүний тулд сонгуулийн тогтолцоог эргэж харах ёстой. 1500 хүрэхгүй хүнтэй сум руу зардал гаргаад зам тавьж, хөрөнгө оруулалт хийдэг, УИХ-ын гишүүд тойрогтоо гээд хэдэн тэрбум төгрөгийг хуваарилдаг нь сонгуулийн тогтолцоотой холбоотой. Жалга довны улс төрөөс гарахгүй бол бид урагшаа том алхахгүй. Парламентын гишүүдийн тоог хэн нэгэн тэнгэр харж байгаад тавьдаггүй юм. Энэ нь нийт сонгогчийн төлөөлөх чадвараар хэмжигддэг. 1992 онд Үндсэн хууль тогтоож байсан үеийн аргачлалаар бодох юм бол парламентын гишүүдийн тоо 120 орчим байх ёстой.
Б.Гарамгайбаатар: АН-ын хийсэн бүхнийг үгүйсгэх боллоо
-Ардчилсан нам бодлогын шинжтэй, сөрөг хүчний үйл ажиллагаа явуулахаар төлөвлөсөн. АН-ын төрд зүтгэж ирсэн лидерүүдийг гутаан доромжилж буй үйл ажиллагаанд цэг тавих ёстой. Бид ажлын хэсэг байгуулж ажиллана. Монгол Улсын түүхийн өнгөрсөн 30 гаруй жилд манай намын гишүүдийн санаачилж хийсэн олон ажлыг үгүйсгэж байна. Ингэж болохгүй, түүхийг гуйвуулж болохгүй. Залуу, дунд үеийнхэн түүхээ үнэн бодитоор нь мэдэх боломж хязгаарлагдаж байна. Иймд бид түүхийг үнэнээр нь бичиж иргэдэд хүргэнэ.
Д.Ганбаяр: Намын тамга С.Эрдэнийн нэр дээр бүртгэлтэй
-Ардчилсан Үндсэн хуулиа хэрэгжүүлэх гэж Монгол Улс 30 гаруй жил үзлээ. Алдаа, оноо бий. Монгол Улс нэг нам, нэг хүний удирдлагаар 70 гаруй жил явж ирсний эцэст ардчилсан хувьсгал гарч, ардчилсан Үндсэн хуулиа баталж, монгол хүний эрх, эрх чөлөө, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө баталгаажсан. Үүний төлөө бид явж ирсэн. Энэ бүрхэн үр нөлөөгөө өгсөн. Монгол Улс хоёр хөршөөс хараат бус байсан хугацаанд, үүлэн чөлөөний наранд амжиж Үндсэн хуулиа баталж чадсан нь өнөөдөр Монголын хөгжил бусад улсынхаас илүү, ардчилсан улсыг хөгжүүлэхэд дөхөмтэй байгааг та бүхэн харж байгаа байх. Тухайлбал, Казахстантай харьцуулахад манайд ардчилал түлхүү хөгжсөн. Үндсэн хууль бол төр, иргэдийн хоорондох харилцааг хэрэгжүүлдэг. Гэтэл бодит байдалд хэрэгжихгүй байгаа. Бодит жишээ бол АН-ыг хагалж бутаргаж байгаа Ерөнхийлөгч асан Х.Баттулгын үйлдэл, УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн залуу гишүүдийн тархийг угааж, Хууль зүйн байнгын хорооны хурлыг намын асуудал болгож, шүүх засаглалд нөлөөлөх оролдлого хийсэн байдал бол ноцтой үйлдэл. УИХ-ын гишүүд хуулиа мөрдөх ёстой. Тэгэж чадваас улс хөгжинө. АН цаашид Үндсэн хуулийг хэрэгжүүлэхийн төлөө ажиллана. Дуу хоолойгоо хүргэнэ. Нөгөө талаас дотоод ардчилалтай нам байх болно. Намын тамганы тухайд асуудал шийдвэрлэгдсэн. С.Эрдэнийн нэр дээр бүртгэлтэй байгаа, УДШ дээрх үйл явц энэ байдлаар шийдвэрлэгдэж явна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 14. БААСАН ГАРАГ. № 10 (6742)